Хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх тохиолдол гарч байгаатай холбоотойгоор орон нутагт 24 цагийн шуурхай утас, баг ажиллуулахаар болжээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын есдүгээр сарын 15-ны албан даалгаварт баавгай хүн, малд эрсдэл учруулсан дуудлагын дагуу газар дээр нь очиж нөхцөл байдлыг үнэлэн, шаардлагатай бол барьж, шилжүүлэн нутагшуулахыг үүрэг болгосон байна.
Мөн эрсдэлтэй бүсийн айл өрхүүд хог хаягдал, сэг зэм, хүнсний үлдэгдэл зэрэг баавгай татах зүйлсийг ил задгай байлгахгүй байх ёстой. Баавгайд зориудаар тэжээл өгөхийг хориглож, иргэдийг баавгайтай таарсан үед хөөх, зураг авах гэж ойртох, барих, агнах зэрэг эрсдэлтэй үйлдэл хийхгүй байхыг анхааруулжээ.
Баавгай давтан үзэгддэг газруудад автомат камер, дрон ашиглан мониторинг хийх бөгөөд амьдрах орчин, идэш тэжээлийн нөөц, суурьшлын бүсэд орж ирж буй шалтгааныг судлахаар төлөвлөсөн байна.
Эдгээр арга хэмжээг аравдугаар сарын 31 хүртэл хэрэгжүүлж, цугларсан мэдээлэлд үндэслэн 2027 оны хүрэн баавгайн менежментийн төлөвлөгөө боловсруулах юм.


