Цалин, тэтгэвэр л тараадаг касс болох вий
2026-09-21

Ард иргэд маань татвар хураамжаараа төрөө санхүүжүүлж хүчрэхээ больжээ. Төрийн өдөр тутмын үйл ажиллагааг санхүүжүүлдэг урсгал зардлыг ирэх онд 33.6 их наяд төгрөг гэж тооцсон бол татварын орлогыг 33 их наяд төгрөг гэж төсөвлөжээ.

Өөрөөр хэлбэл, иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлсөн бүх татварыг цалин, тэтгэвэр, бараа үйлчилгээ, шилжүүлэгт зарцуулсан ч төрийн өдөр тутмын зардлыг бүрэн санхүүжүүлж хүрэхээргүй болжээ. Иргэдэд татварын ачаалал нь багадаагүй. Чадах ядахаараа төлж байгаа. Харин одоо бол төрийн урсгал зардлын өсөлтийг гүйцэхээргүй болсон нь 2027 оны төсвөөс бүр ч тод харагдаж байна. 

Манай улсын төсөвт 2022–2026 онд татварын орлого урсгал зардлаа бүрэн дааж байсан бол 2027 онд энэ харьцаа эсрэг зүгт болж, урсгал зардал татварын орлогоос давахаар байна.

Энэ зөрүүг төрийн өмчит компаниуд болон Оюу толгойн ногдол ашиг зэрэг тогтмол бус орлогоор нөхөхөөр төлөвлөсөн. Гэтэл ногдол ашиг тасалдах эрсдэлтэй. Харин цалин, тэтгэвэрээ төр тасалдуулах эрх байхгүй. Тогтмол бус орлогоор жил бүр давтагдах зардал санхүүжүүлэх нь 2027 оны төсвийн хамгийн том түгшүүрийн нэг юм.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Л.Отгонтуяа “Төсвийн урсгал зардалд байнгын зардлын өсөлт өндөр байгаа нь дунд хугацаанд бодлогын орон зай хязгаарлагдах, эргэж танахад маш хүнд эрсдэл бий болгож байгаа. Зарлагын өсөлтийн дийлэнх нь 9 ТЕЗ нарын төсөв байна. Нийт өсөлтийн 87.2 хувийг эзэлж байна. Энэ янзаараа Засгийн газар зөвхөн цалин, тэтгэвэр тэтгэмж өгдөг төр болох вий дээ” хэмээн анхааруулав.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын 2027 оны төсөвт өгсөн дүгнэлтээс харвал 2027 онд улсын төсвийн нийт зардал 43.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны тодотгосон төсвөөс 28.3 хувиар өснө. Өсөлтийн 78.4 хувийг цалин, тэтгэвэр, тэтгэмж зэрэг урсгал зардал бүрдүүлж байна. Шинээр нэмэгдэх 7.6 их наяд төгрөгийн 5.25 их наяд нь цалин болон нийгмийн салбарын хуулиар хүлээсэн зардалд зарцуулагдахаар байна.

Цалин, тэтгэвэр нэмэх шаардлага нь зайлшгүй. Гэвч үүнийг дагаад иргэдийн төрөөс авч буй үйлчилгээ сайжирч байгаа юу гэвэл, харамсалтай нь Үгүй. Ард иргэд төлсөн татварынхаа хэрээр боловсрол, эрүүл мэнд болон төрийн бусад үйлчилгээг чанартай, чирэгдэлгүй авдаг байх ёстой.

Гэтэл төрийн үйлчилгээний чанар, ажлын бүтээмжтэй уялдуулахгүйгээр, өдийг хүртэл улс төрийн оноо авахын тул инфляцтай уялдуулж төрийн албаныхны цалин, ахмадын тэтгэврийг нэмэгдүүлж ирлээ. Төр төсвөө томруулдаг ч иргэдийн авах үйлчилгээ дагаад сайжрахгүй байна. Бодит жишээ нь эрүүл мэндийн салбар. 

2027 онд Эрүүл мэндийн сайдын төсөв 2.62 их наяд төгрөгт хүрч, 573.1 тэрбумаар нэмэгдэнэ. Энэ нэмэгдэл бараг тэр чигтээ одоо байгаа тогтолцоог ажиллуулах урсгал зардалд шингэнэ.

Эдийн засагч Л.Отгонтуяагийн тайлбарласнаар ЭМД-ын сангаас санхүүжүүлэх үйлчилгээний тоо хэт өсөж, сан төлбөрийн нэхэмжлэлд дарагдан, төлбөрөө бүрэн хийж чадахгүй нөхцөлд орсон нь саяхан. Гэтэл чанарын үнэлгээгээр эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар буурсан байжээ. Тиймээс төсөв нэмэгдсэнээр эмнэлгийн үйлчилгээ сайжирч, иргэдийн халааснаас гарах зардал буурч байна уу гэдэг нь чухал. 

Төр цахимжлаа, хиймэл оюун нэвтрүүллээ, орон тоогоо цомхотгоно гэж олон жил ярьж буй ч бодит байдал дээр бүтээмжийн хомсдолд орж, амь албатаар дүүрч, улам данхайж байгааг бид өдөр тутамдаа харж байна. Цалингийн зардлын өсөлтөө дийлэхгүй болсноо мэдсэн Сангийн яам төрийн алба, төсвийн байгууллагын цалинг нэгдсэн байдлаар хуульчлахаар ярьж байгаа бол ТТБЗ сул орон тоог нэмэхгүй байх, бүтээмжийг сайжруулахад чиглэсэн зөвлөмж эртнээс өгсөөр ирсэн билээ. Л.Отгонтуяа “нэгэнт нэмсэн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг дараа жил нь буцаан танах бараг боломжгүй. Тиймээс тэтгэвэрт гарсан хүний орон тоог шууд нөхөхгүй байх, цахимжилтаар орлуулж болох ажлыг цөөлөх, үлдсэн албан хаагчдыг ажлын ачаалал, чанар, үр дүнгээр нь цалинжуулах шаардлагатай” гэлээ.

Иргэд төрийн данхар бүтэц, тансаг өрөө тасалгаа, үнэтэй тавилга хогшил, шат дамжлагыг тэжээхийн тулд татвар төлдөггүй. Харин эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй авах, хүүхдээ чанартай сургуульд сургах, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй хүртэхийн тулд татвар төлдөг. Өөрөөр хэлбэл, төлсөн татварынхаа хариуд иргэн ямар үйлчилгээ авч байгаа нь төрийн бүтээмжийн жинхэнэ хэмжүүр юм. Үүнийг өөрчлөхгүй бол Монголын төр хөгжлийн бодлого хэрэгжүүлдэг институц биш, цалин, тэтгэвэр л тараадаг аварга касс болж мэдэхээр байна.

З.Цэлмэг

 
Сэтгэгдэл