Ө.Шижир: ТӨК-иуд улс төрийн намуудыг санхүүжүүлж байж болзошгүй
2026-09-21

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын 2016–2026 оны худалдан авалт, үйл ажиллагааг шалгах УИХ-ын хянан шалгах түр хороо байгуулах санаачилгыг Ардчилсан намын бүлэг дэмжсэн талаар УИХ-ын гишүүн Ө.Шижир мэдээллээ. Түүний хэлснээр, бүлгийн гишүүд түр хороо байгуулах саналд гарын үсэг зуржээ.

Ө.Шижир төрийн өмчит компаниудын төсвөөс гадуурх зарцуулалт, өр төлбөр, худалдан авалт олон их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа ч парламент, олон нийтийн хяналт хангалтгүй байгааг түр хороо байгуулах гол шалтгаан гэж тайлбарлав. Мөн эдгээр компанийн хөрөнгийг улс төрийн нам, улстөрчдийн үйл ажиллагаа, сурталчилгааг санхүүжүүлэхэд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаагаа хэллээ.

Түүний танилцуулсан тооцоогоор 2016–2026 онд нээлттэй мэдээллийн санд давхардсан тоогоор 127,194 тендер бүртгэгдэж, нийт үнийн дүн нь ₮133.1 их наяд хүрчээ. Үүнээс:

  • төрийн өмчит компаниуд ₮56.7 их наяд;

  • 22 яам ₮9.6 их наяд;

  • орон нутгийн өмчит компаниуд ₮3.4 их наядын худалдан авалт зарласан байна.

Мөн ЗГХЭГ-ын даргын өмнө нь мэдээлснээр төрийн өмчит компаниуд улсын төсвөөс гадна жилдээ ₮20 орчим их наядыг захиран зарцуулдаг болохыг Ө.Шижир дурдав. Тэрбээр Нээлттэй мэдээллийн сангаас үзэхэд 2016-2026 онд давхардсан тоогоор 127194 тендэр зарлагдсан байна. Нийт үнийн дүн нь 133.1 их наяд төгрөгийн худалдан авалт байна. Ардын намынхан 10 хувиа авдаг гэж ярьдаг. Үүний 10 хувь буюу 13.1 их наяд төгрөг нь авлигад явсан байна хэмээн хэлж, энэ эрсдэлийг шалгалтаар нягтлах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлэв. 

Ө.Шижирийн мэдээлснээр, 2025 онд Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийн танилцуулгад 508 аж ахуйн нэгж тайлан хүргүүлдэггүй, зарим нь нэг төгрөгийн орлого олохын тулд 5–6 төгрөгийн зардал гаргадаг талаар тусгажээ. Үндэсний аудитын байгууллагын шалгалтаар төрийн өмчит компаниуд ₮1.1 их наяд гаруйг нийгмийн шинжтэй төсөл, хөтөлбөрт зарцуулсан, нийт ₮8.4 их наядын зөрчил илэрсэн гэж тэрбээр мөн мэдээлэв. Түүнчлэн яам, төрийн байгууллагын зарим гадаад томилолтыг төрийн өмчит компаниудаас санхүүжүүлдэг асуудлыг шалгах шаардлагатай гэв.

“Эрдэнэс Монгол” компани Чингис хаан Үндэсний баялгийн сангийн менежментийг хариуцахаас өмнө нэг жилийн хугацаанд ₮480 орчим саяыг сурталчилгаанд зарцуулсан жишээг тэр дурдлаа. Мөн ашигтай ажилладаг гурван компанитайгаа менежментийн гэрээ байгуулж, төлбөр авдаг атлаа алдагдалтай компаниудад менежментийн дэмжлэг үзүүлдэггүй хэмээн шүүмжлэв.

Хянан шалгах түр хороо нь төрийн өмчит компаниудын худалдан авалт, урсгал болон хөрөнгө оруулалтын зардал, өр зээл, томилгоо, нийгмийн төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг бүхэлд нь авч үзэхээр зорьж байгааг Ө.Шижир хэллээ.

Тэрбээр “Өнгөрснийг өнгөрсөнд үлдээвэл энэ тогтолцоо өөрчлөгдөхгүй. Төрийн өмчит компаниудын худалдан авалт, үйл ажиллагааны зардлыг олон нийтэд ил болгож байж эрүүл тогтолцоо руу оруулна” гэв.

З.Цэлмэг

Сэтгэгдэл