
1. Парламентын мэдээллийг нээлттэй байлгах нэгдсэн стандарт тогтоож, мэдээллийг бүрэн, шуурхай, үнэн зөв нийтэлдэг болох
Парламентын нээлттэй байдал нь мэдээллийг цахим хуудсанд байршуулснаар хэмжигдэхгүй. Иргэн тухайн мэдээллийг цаг тухайд нь олж авах, ойлгох, бусад мэдээлэлтэй холбон шалгах, татаж авах, боловсруулах, дахин ашиглах боломжтой байх ёстой. Иймд Улсын Их Хурлын ямар мэдээллийг, ямар хугацаанд, ямар бүтэц, хэлбэрээр нийтлэхийг тодорхойлсон нэгдсэн стандарт тогтоож, парламентын бүх нэгжид ижил мөрдүүлэх шаардлагатай.
Энэ шаардлага нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 5.1.2-5.1.4, 7.7, 8.1-д заасан мэдээллийн ил тод, нээлттэй, шуурхай, хялбар, ойлгомжтой, үнэн зөв, бүрэн байх зарчимд тулгуурлана. Хуулиар хаалттай болон хязгаарлалттай гэж тогтоосноос бусад мэдээллийг нээлттэй байлгаж, мэдээлэл, хуралдааны нээлттэй байдлыг хязгаарласан тохиолдолд хууль зүйн үндэслэл, хамрах хүрээг нь тодорхой мэдээлдэг байх шаардлагатай.
2. Засгийн газрын боловсруулж буй хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэхээс өмнө D-Parliament системд байршуулж, иргэдэд санал өгөх боломж бүрдүүлэх
Иргэд хуулийн бодлого, зохицуулалтад бодитоор нөлөөлөх хамгийн боломжтой үе нь төсөл эцэслэн боловсруулагдахаас өмнөх шат юм. Гэтэл D-Parliament системийн “Боловсруулж буй төслүүд” хэсэгт УИХ-ын гишүүдийн санаачлан боловсруулж буй төслүүдийг нийтэлж байгаа боловч Засгийн газрын боловсруулж буй төслүүд энэ шатанд ижил түвшинд нийтлэгдэхгүй байна.
Ялангуяа Засгийн газрын боловсруулж буй хуулийн төслүүдийг D-Parliament системийн “Боловсруулж буй төслүүд” хэсэгт хамруулснаар иргэдийн оролцоо хуулийн төсөл өргөн мэдүүлсний дараа бус, бодлогын шийдэл боловсруулагдаж байгаа үеэс эхлэх боломж бүрдэнэ.
3. Хуулийн төсөл бүрийн боловсруулалтаас батлагдах хүртэлх бүх мэдээллийг нэг дороос харах боломжтой болгож, батлагдсаны дараа архив болгох
D-Parliament системд хуулийн төсөл бүрийн үзэл баримтлал, танилцуулга, хэрэгцээ шаардлагын үндэслэл, зардлын тооцоо, үр нөлөөний үнэлгээ, судалгаа болон Хууль тогтоомжийн тухай хуульд заасан бусад бүрдүүлбэрийг тухайн төсөлтэй нь хамт байнга хадгалж, хууль батлагдсаны дараа ч олон нийт нөхөн танилцах боломжтой болгох шаардлагатай.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 11.2-т хуульд зааснаас бусад тохиолдолд нийтийн мэдээллийг устгахыг хориглосон зарчимтай нийцүүлэн хуулийн бүрдүүлбэрийг батлагдсаны дараа цахим орчноос алга болгодоггүй, тухайн хуультай нь байнгын холбоостой архивлан хадгалдаг болох шаардлагатай.
4. Хуулийн төсөл хэлэлцүүлгийн явцад хэрхэн өөрчлөгдөж байгааг цаг тухай бүрд нийтэлж, өөрчлөлт бүрийг мэдэх боломжтой болгох
Иргэдэд зөвхөн өргөн мэдүүлсэн анхны төслийг үзүүлээд, хэлэлцүүлгийн явцад орсон өөрчлөлтийг цаг тухайд нь мэдээлэхгүй бол хууль тогтоох ажиллагаанд бодитоор оролцох боломж хязгаарлагдана.
Иймд хуулийн төслийн эхийг D-Parliament системд хэлэлцүүлгийн бүх үе шатанд тасралтгүй хөтөлж, ямар зүйл, заалт хэзээ, ямар хуралдаанаар, хэний саналаар нэмэгдсэн, хасагдсан, өөрчлөгдсөнийг өмнөх хувилбартай харьцуулан харах боломжтой болгох нь зүйтэй. Иргэд тухайн үед хэлэлцэж байгаа хамгийн сүүлийн хувилбарт үндэслэн саналаа өгөх боломжтой байх ёстой.
5. Санал хураалт бүрийн мэдээллийг гишүүн тус бүрээр бүрэн нийтэлж, тухайн саналын үр дүнд гарсан өөрчлөлттэй холбох
Нэгдсэн болон Байнгын хорооны санал хураалт бүрийн хувьд ямар асуудал, ямар томьёоллоор санал хураасан, саналыг хэн гаргасан, гишүүн бүр хэрхэн санал өгсөн, ямар үр дүн гарсан, уг саналын үр дүнд хуулийн төсөл болон бусад шийдвэр хэрхэн өөрчлөгдсөнийг нэг дороос харах боломжтой болгох шаардлагатай.
Ингэснээр иргэн зөвхөн эцсийн хуультай танилцах бус өөрийн сонгосон төлөөлөгч тухайн шийдвэрийг гаргахад ямар санал өгснийг бодит мэдээллээр хянах боломжтой болно.
6. Байнгын, дэд, хянан шалгах түр хороо, ажлын хэсэг болон УИХ дахь нам, эвслийн бүлгийн үйл ажиллагааг парламентын нээлттэй байдлын нийтлэг шаардлагад хамруулах
Хуулийн төсөл болон бодлогын асуудлын бодит хэлэлцүүлгийн чухал хэсэг нэгдсэн хуралдаанаас өмнө Байнгын хороо, ажлын хэсэг болон нам, эвслийн бүлгийн түвшинд явагддаг. Иймд парламентын нээлттэй байдал зөвхөн нэгдсэн хуралдаанаар хязгаарлагдах ёсгүй.
Иймд эдгээр нэгжийн хуралдааны тов, хэлэлцсэн асуудал, ашигласан материал, гаргасан санал, шийдвэр, хуралдааны тэмдэглэлийг хуульд заасан нууцлал, хамгаалалтын шаардлагыг харгалзан тогтмол нийтэлдэг болох шаардлагатай. Ялангуяа УИХ дахь нам, эвслийн бүлгийн томоохон хууль, төсөв, бодлогын асуудлаарх албан ёсны байр суурь, шийдвэрийг олон нийтэд нээлттэй болгосноор парламент дахь улс төрийн шийдвэр хэрхэн бүрэлдэж байгааг иргэд ойлгох боломж нэмэгдэж, намын дотоод ардчиллыг дэмжих боломж бүрдэнэ. Парламент дахь намын бүлгийг улс төрийн намын бус парламентын албан ёсны нэгж болохыг онцгойлж парламентын зарчмыг ижил түвшинд хэрэгжүүлэх шаардлагатай.
7. Чуулган болон Байнгын хороодын хуралдааны тэмдэглэл нийтлэх хугацааг тодорхой болгож, мэдээлэл болон нийтэлсэн огноог үнэн зөв мэдээлдэг болох
Хуралдааны тэмдэглэл нь парламентын хэлэлцүүлгийг албан ёсоор баримтжуулдаг үндсэн эх сурвалж учраас хэдэн долоо хоног, сараар хоцорч нийтлэгдэх нь мэдээллийн практик ач холбогдлыг эрс бууруулна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 46.5.12-т Улсын Их Хурлын Тамгын газар “чуулганы явцыг дэс дараалан албан ёсоор тэмдэглэн хөтөлж, уг тэмдэглэлийг ашиглах, хадгалах ажлыг эрхлэн явуулах” чиг үүрэгтэй байхаар заасан боловч уг тэмдэглэлийг олон нийтэд нийтлэх тодорхой хугацааг энэ заалтаар тогтоогоогүй байна.
Иймд нэгдсэн болон Байнгын хороодын хуралдааны тэмдэглэлийг нийтлэх тодорхой хугацааг тогтоож мөрдүүлэх, хуралдаан болсон огноо болон цахим системд бодитоор нийтэлсэн огноог тус тусад нь үнэн зөв харуулах шаардлагатай. Тэмдэглэлийг дараа нь байршуулсан атлаа өмнөх огноогоор нийтлэгдсэн мэт харагдуулах боломжгүй техникийн бүртгэлтэй байх нь мэдээллийн үнэн зөв, хариуцлагатай байдлыг хангана. Түүнчлэн тэмдэглэлийг бүрэн текстээр хайх, гишүүний нэр, хэлэлцсэн асуудал, хуулийн төсөл болон үг хэлсэн хэсэгтэй холбон ашиглах боломжтой болгох нь зүйтэй.
8. Парламентын мэдээллийг нээлттэй өгөгдлийн шаардлагад нийцүүлэн нийтэлж, хайх, татаж авах, боловсруулах, дахин ашиглах боломжтой болгох
Парламентын мэдээллийг зөвхөн PDF, Word файл, зураг болон цахим хуудасны текст хэлбэрээр нийтлэх нь мэдээллийг бүрэн утгаар нь нээлттэй болгосон гэж үзэхэд хангалтгүй.
Иймд гишүүн, хуулийн төсөл, хуралдаан, ирц, санал хураалт, хороо, ажлын хэсэг, төсөв зэрэг парламентын үндсэн мэдээллийг дээрх шаардлагад нийцсэн бүтэцтэй, машинд уншигдах хэлбэрээр нийтэлж, шаардлагатай өгөгдөлд API болон бөөнөөр татаж авах боломж бүрдүүлэх шаардлагатай. Өгөгдөл бүр тогтвортой таних дугаар, тайлбар мэдээлэл, бодитоор нийтэлсэн болон шинэчилсэн огноотой байж, хоорондоо холбогдох боломжтой байх нь зүйтэй.
9. УИХ-ын гишүүн бүрийн парламент дахь ажлын бодит гүйцэтгэлийн мэдээллийг нэг профайлаас цаг тухайд нь авах боломж бүрдүүлэх
Иргэн өөрийн сонгосон төлөөлөгчийн парламент дахь үйл ажиллагааг хянахын тулд олон өөр систем, баримт бичиг дундаас мэдээлэл цуглуулах шаардлагагүй байх ёстой. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 46.5.13-т гишүүний нэгдсэн болон Байнгын, дэд хорооны хуралдаанд оролцсон ирцийн мэдээг сар бүр гаргаж, олон нийтэд мэдээлэхийг Тамгын газрын чиг үүрэгт хамааруулсан. Үүнтэй уялдуулан гишүүний профайлд ирц, санал хураалтын оролцоо болон өгсөн санал, санаачилсан болон хамтран санаачилсан хууль, Байнгын болон дэд хорооны ажил, ажлын хэсгийн оролцоо, асуулт, асуулга, хэлэлцүүлэгт оролцсон байдал, хэлсэн үг, хөрөнгө орлого болон ашиг сонирхлын холбогдох мэдээллийг нэгтгэн харуулах шаардлагатай.
Эдгээр мэдээлэл нь гар ажиллагаатай тойм тайлан бус эх системээсээ боломжит богино хугацаанд автоматаар шинэчлэгддэг, бодит мэдээлэл байх нь төлөөллийн хариуцлагыг хангахад чухал ач холбогдолтой.
10. Хууль тогтоох үйл ажиллагаанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодитой, заавал хэрэгждэг механизм бий болгох
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасан. Үүнийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10.10-д гишүүн шийдвэр гаргах асуудлаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохоос сайн дураар татгалзаж, энэ тухайгаа хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэхээр зохицуулсан.
Энэ механизм нь зөвхөн гишүүний сайн дурын мэдэгдэлд тулгуурлах бус хуралдаан даргалагч болон холбогдох парламентын нэгжид хэрэгжилтийг хангах тодорхой чиг үүрэг, хариуцлага ногдуулсан байх шаардлагатай.
11. Иргэдээс авсан саналд заавал хариу өгч, санал шийдвэрт хэрхэн туссаныг олон нийтэд мэдээлдэг болох
Хууль тогтоох ажиллагаанд иргэдийн оролцоог зөвхөн санал авах цахим цонх ажиллуулсан, хэлэлцүүлэг зохион байгуулсан тоогоор хэмжих нь хангалтгүй. Иргэн саналаа өгсний дараа тухайн саналыг авч үзсэн эсэх, төсөлд тусгасан эсэх, тусгаагүй бол ямар үндэслэлтэй байсныг мэдэх боломжтой байх ёстой.
Иймд энэ зохицуулалтын хэрэгжилтийг бодитоор хангаж, саналын товьёгийг төсөл тус бүрээр D-Parliament системд ил тод байршуулж, биелэлтийг хянадаг болох шаардлагатай. Иргэдээс санал авсан атлаа түүний үр дүнг эргэн мэдээлэхгүй байх нь оролцоог хэлбэр төдий болгож, цаашид иргэдийн оролцох сэдлийг бууруулна. Парламентын нээлттэй байдлыг хэдэн хэлэлцүүлэг зохион байгуулснаар бус иргэдийн санал шийдвэр гаргах үйл явцад хэрхэн хүрч, хэрхэн шийдвэрлэгдсэнээр хэмжих нь зүйтэй.
12. Парламентын үйл ажиллагааг хэвлэл мэдээлэл бие даан ажиглаж, сурвалжлах нөхцөлийг өргөжүүлэх
Парламентын нээлттэй байдал нь парламентын албадаас сонгосон дүрс, мэдээллийг олон нийтэд дамжуулах төдий бус хэвлэл мэдээлэл парламентын үйл ажиллагааг бие даан ажиглаж, сурвалжлах боломжтой байхыг шаарддаг.
Иймд чуулганы дүрс дамжуулалтын дор хаяж нэг сувгийг танхимын ерөнхий дүр зургийг тасралтгүй харуулдаг байдлаар ажиллуулах, албан ёсны найруулгатай дүрс дамжуулалтаас гадна парламентын сэтгүүлч, зураглаачид хуралдааны үйл явцыг бие даан ажиглаж, дүрс мэдээ бэлтгэх зохистой нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй. Хэвлэл мэдээллийн нэвтрэх, сурвалжлах журмыг тодорхой, нийтэд нээлттэй, ялгаварлалгүй хэрэгжүүлэх шаардлагатай.
13. УИХ-ын гишүүд болон парламентын үйл ажиллагаанд зарцуулж буй төсвийн мэдээллийг дэлгэрэнгүй, ойлгомжтой байдлаар нээлттэй болгох
Парламент чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв, судалгаа, зөвлөх үйлчилгээ, хүний нөөц болон бусад дэмжлэгтэй байх нь зүй ёсны хэрэг. Харин нийтийн хөрөнгийн зарцуулалт учраас уг төсөв хэрхэн зарцуулагдаж байгааг олон нийт хянах боломжтой байх ёстой. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8.1-д мэдээлэл хариуцагчийн төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны мэдээллийг олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор нээлттэй байлгахаар заасан.
Иймд Улсын Их Хурал, Тамгын газар болон гишүүдийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой төсвөөс санхүүжүүлсэн зардлын ангилал, зориулалт, гүйцэтгэлийг хуульд заасан нууцлал, хувийн мэдээллийн хамгаалалтыг ханган, дэлгэрэнгүй, ойлгомжтой, жил хооронд харьцуулж болохуйц, дахин ашиглах боломжтой мэдээллээр нийтэлдэг болох шаардлагатай. Парламент төсөвтэй байх нь асуудал бус, харин төсвийн хөрөнгийн зарцуулалт ил тод, хяналттай байх нь парламентын нээлттэй байдлын зайлшгүй бүрэлдэхүүн хэсэг юм.
14. Парламентын хэлэлцүүлгийг бодит бодлогын мэтгэлцээн, олон ургалч байр суурийг сонсох үндсэн талбар болгон бэхжүүлэх
Парламентын нээлттэй байдал нь зөвхөн баримт бичгийн хүртээмжээр хязгаарлагдахгүй. Иргэд төлөөлөгчид нь ямар үндэслэл, нотолгоо, байр суурь дэвшүүлж, тэдгээрийг хэрхэн хэлэлцэн шийдвэр гаргаж байгааг мэдэх, үнэлэх боломжтой байх ёстой.
Иймд хуулийн төсөл, төсөв болон бодлогын томоохон асуудлын хэлэлцүүлгийг хэт хэлбэр, хугацаанд шахагдсан үйл ажиллагаа болгохгүй байх, өөр байр суурь, цөөнхийн санал, нотолгоонд суурилсан мэтгэлцээнийг зохистой хэмжээнд хангах, хэлэлцүүлгийн тэмдэглэл, дүрс бичлэг, саналын томьёолол болон санал хураалтын үр дүнг бүрэн нээлттэй байлгах нь зүйтэй. Парламент ямар шийдвэр гаргасныг мэдэхээс гадна яагаад ийм шийдвэрт хүрснийг мэдэх боломж нь нээлттэй парламентын үндсэн шинж байх ёстой.
15. Ил тод байдал, хариуцлагын механизмыг бэхжүүлэхдээ УИХ-ын гишүүний чөлөөт мандат, бие даасан байдлыг хамгаалж, парламентын институцийн хараат бус байдлыг сулруулах зохицуулалтаас сэргийлэх
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт УИХ-ын гишүүн нь “ард түмний элч” бөгөөд “нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасан нь гишүүний төлөөллийн мандат зөвхөн нам, тойрог, аливаа тусгай ашиг сонирхлоор хязгаарлагдахгүй байх Үндсэн хуулийн суурь зарчмыг илэрхийлж байна.
Парламентын үйл ажиллагаатай холбоотой аливаа эрх зүйн болон дотоод зохицуулалтын өөрчлөлт нь нэг талаас гишүүний хариуцлага, ёс зүй, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байдлыг хангах боловч нөгөө талаас гишүүний төлөөллийн мандат, үндэслэлтэй өөр байр суурь илэрхийлэх боломж болон парламентын институцийн бие даасан байдлыг сулруулахгүй байх тэнцвэрийг хангах нь зүйтэй.
Парламентын нээлттэй, ил тод байдлыг хангах нь Улсын Их Хурлын нэр хүндийг сурталчлах зорилго бус, харин иргэдийн мэдэх эрхийг хангах, төлөөлөгчдөө хянах боломжийг бүрдүүлэх, хууль тогтоох үйл ажиллагаанд бодитой оролцуулах, шийдвэр гаргалтын үндэслэл ба хариуцлагыг олон нийтэд нээлттэй болгох ардчилсан парламентын үндсэн шаардлага болохыг онцолж байна. Дээрх 15 зөвлөмжийг хүлээн авснаас хойш 2 сарын дотор буюу 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор биелүүлэн ажиллах шаардлагыг үүгээр хүргүүлж байгааг мэдэгдье.