
Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа буюу КАРЕК-ийн Сайд нарын 25 дахь бага хурал есдүгээр сарын 29-өөс 10 дугаар сарын 2-нд Улаанбаатар хотын “Шангри-Ла” зочид буудалд болно. Монгол Улс энэ жил КАРЕК-ийг даргалж байгаа бөгөөд хуралтай холбоотой арга хэмжээнүүд есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ гэдгийг Эдийн засаг, хөгжлийн яамны төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.
“Түншлэлийн 25 жил — Ирээдүйг хамтдаа бүтээе” уриатай энэ удаагийн хурлаар КАРЕК-ийн өнгөрсөн 25 жилийн хамтын ажиллагааг дүгнэж, цаашдын чиглэлийг хэлэлцэнэ. Үүнд эдийн засгийн коридор, дижитал холболт, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч болон хөрөнгийн зах зээлийн хамтын ажиллагаа багтаж байна.
Сайд нарын бага хуралд КАРЕК-ийн гишүүн орнуудын сайд, дэд сайд нар болон Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг хөгжлийн түнш байгууллагын төлөөлөл оролцоно. Хурлаас хамтын ажиллагааны санамж бичиг, дараагийн шатны ажлын чиглэл болон Улаанбаатарын тунхаглалыг гаргахаар төлөвлөжээ.
Арга хэмжээний хүрээнд:
Бизнес форумд хувийн хэвшил, төрийн байгууллага, бизнесийн холбоо, хөрөнгө оруулагч болон хөгжлийн түншүүдийн 250 орчим төлөөлөл оролцоно. Форумын үндсэн сэдэв нь ногоон эрчим хүч, ухаалаг тээвэр ба логистик, чухал ашигт малтмал байна. Мөн бизнес хоорондын болон бизнес, төрийн байгууллага хоорондын уулзалтууд зохион байгуулж, төсөл, хөрөнгө оруулалтын боломжийг танилцуулна.
КАРЕК нь 2001 онд байгуулагдсан, Афганистан, Азербайжан, БНХАУ, Гүрж, Казахстан, Киргизстан, Монгол, Пакистан, Тажикстан, Туркменистан, Узбекистан гэсн 11 гишүүн улсыг хамарсан бүс нутгийн хамтын ажиллагааны хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийн хүрээнд 2025 оны эцсийн байдлаар 57.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий 300 төсөл хэрэгжжээ.
Монгол Улс 2003 онд КАРЕК-т нэгдсэн. Өнгөрсөн хугацаанд Монголд нийт 1.49 тэрбум ам.долларын 19 төсөл хэрэгжсэн буюу хэрэгжиж байна. Үүний 13 нь тээвэр, тав нь худалдаа, нэг нь хөдөө аж ахуйн салбарын төсөл юм. Замын-Үүдийн логистикийн төв, авто зам, хилийн боомтын шинэчлэлийн төслүүд эдгээрт багтаж байна.