Тавантолгойн станцаа бариагүйн төлөөс
2026-09-27

Монгол Улс Оюутолгойг дотоодын эрчим хүчээр хангахын тулд Тавантолгойн цахилгаан станцыг барина гэж олон жил ярьсан. Гэвч станц өнөөдөр ч баригдаагүй, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэнэ гэдгээс өөр тодорхой мэдээлэл алга.

Гэтэл Оюутолгойн далд уурхай ашиглалтад орохоос ч өмнө Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс уурхайн цахилгааны хангамжаа шийдэх тохиролцоог талууд хийсэн байдаг. Эрчим хүчний сайдаар Н.Тавинбэх ажиллаж байх үед Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс “Оюу толгой” компанийг урт хугацаанд “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-нд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Диспетчерийн үндэсний төв” ХХК, “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК болон “Оюу толгой” ХХК  гарын үсэг зурсан түүхтэй.

Харин өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 24-нд Эрчим хүчний яам Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барих аукцион зохион байгуулж, “Нэт Зеро Тек”, “М Си Эс Интернэйшнл”, “Өвөр Монголын Эрчим хүчний олон улсын хамтын ажиллагаа” компаниудын түншлэлийг шалгаруулав. Хамтарсан түншлэлийн санал болгосноор нэг кВт.ц цахилгааныг 7.9 ам.центээр нийлүүлж, Оюутолгой зэрэг говийн уурхайнуудыг 99.5 хувийн найдвартай хангах аж.

Ингэснээр Н.Тавинбэхийн үед байгуулсан гэрээг Б.Найдалаа сайд бодит ажил болгох нөхцөл биелэлээ оллоо. Энэ төсөл хэрэгжвэл Монголд ашигтай зүйл олон бий. Үнэ нь өмнө хэрэгжсэн сэргээгдэх эрчим хүчний зарим төслөөс хямд. Оюутолгойн Хятадаас жил бүр худалдан авдаг 500 орчим тэрбум төгрөгийн цахилгааны 200 орчим тэрбумтай тэнцэх хэсгийг дотооддоо үйлдвэрлэнэ.

Гэвч, Оюутолгойг эрчим хүчээр хангах Тавантолгойн цахилгаан станц маань байдаггүй.

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг “Оюутолгойн эрчим хүчийг Тавантолгойн 450 МВт цахилгаан станцаар хангах төрийн бодлого”-ыг хэрэгжүүлсэнгүй, Монгол Улс өмнөд хөршийн эрчим хүчний сүлжээнээс улам хамааралтай боллоо хэмээн шүүмжилж буй. Тэрбээр нар, салхины станц тогтмол цахилгаан үйлдвэрлэдэггүй. Салхигүй, наргүй үед Оюутолгойн үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд том батарей эсвэл өөр найдвартай эх үүсвэр хэрэгтэй. Аукционоор шалгарсан төсөлд станцын хүчин чадалтайгаа харьцуулахад бага хэмжээний батарей төлөвлөсөн тул үйлдвэрлэлийн дутагдлыг Хятадын сүлжээнээс нөхөхөөс аргагүй гэж үзэж байгаа юм.

Харин УИХ-ын гишүүн М.Золжаргал энэ шийдлийг Тавантолгойн станцаа бариагүйгээс үүссэн “сонголтгүй сонголт” гэж тайлбарлалаа. “Рио тинто Оюу толгой компанийг Монгол Улсын Засгийн газартай хамтарч эзэмшдэг. Нөгөө талд тэднийг өөрсдийг нь эзэмшигч хөрөнгө оруулагчдын зарим нь, бас худалдан авагчид нь БНХАУ-ын түншүүд нь юм. Риогийн хувьд найдвартай хангамж, том түншүүдийн хоорондын ойлголцол чухал. Үүн дээрээс нэмээд хэлэхэд, эрчим хүчний өндөр хүчдэлийн шугам өөр улсын нутагт байгаа станцтай холбогдож ажиллана гэдэг нь угаасаа төрийн оролцоотой л хэрэгжинэ. Энэ утгаараа БНХАУ-ын төрийн бодлого бас байж таарна. Монголчуудын хувьд эх оронч худалдан авалт чухал, дотоодын оролцоог хамгийн их байлгах, аль болох хараат бус байх нь ашигтай. Энэ бүхний дундаас нь нэг иймэрхүү шийдэл гарч ирсэн шиг байна” хэмээн өөрийн олон нийтийн сүлжээнд бичжээ.

Нөгөөтэйгүүр, хэрэв Оюутолгой энэ төслөөс цахилгаан авахгүй бол сэргээгдэх эрчим хүчний зардлыг төсвийн татаасаар эсвэл хэрэглэгчийн тарифаар төлөх эрсдэлтэй.  Тиймээс Эрчим хүчний сайд Б.Найдалаа Оюутолгойн худалдан авалтын нөхцөл, түншлэлийн гэрээ, техникийн шийдлийг ил тод болгож, олон нийтэд ч ойлгомжтой тайлбар өгөх шаардлагатай гэсэн үг.

Дуудлага худалдааны хувьд ч ил тод бус, бүх компанид тэгш өрсөлдөх боломж олгоогүй талаар ойрын эх сурвалжууд ярьж буй. Эрчим хүчний яамны мэдээллээр 10 компани сонирхлоо илэрхийлсэн ч дуудлага худалдаанд хоёр нь л шаардлага хангажээ. Хоёр оролцогчтой аукцион хууль, журмын дагуу болсон байж болно. Гэхдээ шаардлагууд бүх компанид ижил боломж олгосон уу, эсвэл Хятадын сүлжээтэй хамтрах боломжтой цөөн оролцогчийг анхнаасаа давуу болгосон уу гэдэгт “нээлттэй дуудлага худалдаа” хангалттай хариулт өгч чадахгүй байна.

Хувийн хөрөнгөөр шинэ эх үүсвэр барьж, импортод төлдөг эрчим хүчний төлбөрийн тодорхой хэсгийг Монголдоо үлдээх нь сайн хэрэг. Гэхдээ Тавантолгойн станцаа барьсан бол цахилгаанаа ч дотооддоо үйлдвэрлэнэ, цахилгааны найдвартай ажиллагаагаа ч өмнөд хөршийн эх үүсвэрт даатгахгүй байв. Алдагдсан боломжийн төлөөс нь эцэс сүүлдээ гадагшаа урсах олон сая ам.доллар төдийгүй эрчим хүчний эх үүсвэрийн хараат байдалд хүргэж буйг Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барих аукционы үр дүн харуулж байна.

Сэтгэгдэл