
Монгол Улсын 2027 оны төсөв хуулийн үндсэн шаардлагуудыг хангаж байгаа ч зардал огцом өссөн, орлогын ихээхэн хэсгийг уул уурхай болон төрийн өмчит компаниудын ногдол ашигт найдсан нь эрсдэлтэй гэж Үндэсний аудитын газар дүгнэжээ.
Засгийн газар 2027 онд 41.3 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 43.6 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Ингэснээр төсөв 2.3 их наяд төгрөгийн алдагдалтай гарах бөгөөд алдагдал өмнөх оны батлагдсан төсвөөс 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдэж байна.
Аудитын байгууллага төсөв хуулийн хязгаарт багтсан ч өмнө тогтоосон орлого, зарлагын хэмжээг төсөв өргөн барих бүрдээ өөрчилдөг болсон нь урт хугацааны төлөвлөлтийн ач холбогдлыг бууруулж байгааг анхааруулжээ.
Төрийн албан хаагчдын цалин болон суурь тэтгэврийг нэмэгдүүлэхэд 2.1 их наяд төгрөг төлөвлөсөн нь өрхийн орлогыг дэмжих сайн талтай. Гэхдээ зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлснээр бараа, үйлчилгээний үнэ өсөх эрсдэлтэй гэж аудит үзжээ.
Цалингийн нэмэгдлийг санхүүжүүлэхийн тулд байгууллагуудын бусад зардлыг танасан нь үндсэн үйл ажиллагаанд нь хүндрэл учруулж болзошгүй байна. Өөрөөр хэлбэл, цалинг нэмсэн ч эмнэлгийн эм, сургуулийн хэрэглэгдэхүүн, байгууллагын хэвийн ажиллагаанд шаардлагатай бусад зардал дутуу үлдэх эрсдэлтэй гэсэн үг.
Байнгын зардал ингэж тэлэх тусам сургууль, эмнэлэг, цахилгаан станц, зам зэрэг ирээдүйд үр өгөөж өгөх бүтээн байгуулалтад зарцуулах мөнгө хумигдаж байгааг аудит онцолжээ.
2027 оны төсөвт зөвхөн компанийн ногдол ашгаас 6.7 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тооцсон байна. Үүнээс Оюутолгойгоос гурван их наяд, “Эрдэнэс Тавантолгой”-гоос 2.5 их наяд төгрөг авахаар төлөвлөжээ.
Мөн нүүрсний экспортыг 110 сая тоннд хүргэж, зэсийн үнийг тонн тутамд 12,700 ам.доллар байна гэж тооцсон. Гэвч нүүрс, зэсийн үнэ буурах, экспорт төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх, ногдол ашиг бүрэн орж ирэхгүй байх тохиолдолд төсвийн орлого тасрах эрсдэлтэй.
Орлого тасарвал төлөвлөсөн төсөл, хөтөлбөрүүд санхүүжилтгүй болох эсвэл дараа жилийн татварын орлогыг урьдчилан авах нөхцөл үүсэж болзошгүйг аудит анхааруулсан байна.
Улсын төсвийн хөрөнгөөр 2027 оноос шинээр хэрэгжүүлэх 318 төсөл, арга хэмжээ төлөвлөжээ. Үүний 58 нь тухайн жилийн хөгжлийн төлөвлөгөөтэй уялдаагүй байна.
Шинээр барих барилга байгууламжуудын ихэнхэд зардал, үр ашгийн тооцоо хийсэн боловч нийгэм, эдийн засагт ямар үр дүн өгөхийг бодитоор тогтоогоогүй, зарим тооцоог зөвхөн шаардлага хангах төдий боловсруулсан гэж аудит дүгнэв.
Мөн олон жил дамжин хэрэгжих 196 төслийн 2027 оны санхүүжилтийг нийт 224.1 тэрбум төгрөгөөр дутуу төлөвлөжээ. Энэ нь барилгын ажил удаашрах, өртөг нэмэгдэх, дараагийн жилүүдэд шинээр төсөл эхлүүлэх боломжийг хязгаарлах эрсдэлтэй.
Үндэслэл, тооцоо нь хангалтгүй болон хэмнэх боломжтой 21.1 тэрбум төгрөгийн зардлыг төсвөөс хасах боломжтойг аудитын байгууллага мөн тогтоосон байна.
Засгийн газрын өр 2027 оны эцэст 56.6 их наяд төгрөг буюу эдийн засгийн нийт хэмжээний 49.6 хувьтай тэнцэхээр тооцжээ. Энэ нь хуулийн хязгаарт багтаж байгаа ч гадаад зээлийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр валютын ханш өсөхөд төлөх өрийн хэмжээ дагаад нэмэгдэх эрсдэлтэй байна.
Үндэсний аудитын газар байнгын зардлын өсөлтийг хязгаарлах, уул уурхайн орлого тасрах эрсдэлийг бодитоор тооцох, төсөл бүрийг хэрэгцээ болон үр дүнгээр нь эрэмбэлэхийг Засгийн газарт зөвлөжээ. Мөн төсвийн төлөвлөлт, зарцуулалт, тайлагналыг ил тод болгож, хариуцлагыг нэмэгдүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхийг УИХ-д санал болгосон байна.