
УИХ-ын гишүүд, иргэд, олон нийт тухайн жилийн төсвийн төсөлтэй бүрэн танилцах, мэдээлэлтэй байх, үр дүнтэй ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр баталсан. Ингэснээр тухайн жилийн төсвийн төслийг таван үе шаттайгаар хэлэлцдэг болсон. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Улсын Их Хурал төсвийн төслийн талаар олон нийтийн хэлэлцүүлэг хийж болно” хэмээн заасан байдаг.
Энэ нь холбогдох хууль тогтоомжийн дагуу тухайн жилийн улсын төсвийн төслийн хэлэлцүүлэгт олон нийтийн оролцоог хангах хүрээнд хэрэгжиж буй арга хэмжээ юм. Хэлэлцүүлгээр иргэдийн санал, орон нутгийн хөгжлийн хэрэгцээ, хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлүүдийг нэгтгэн улсын төсвийн төсөлд тусгах зорилготой бөгөөд төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байна хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.