
Өнгөрсөн долоо хоногт Цогц хөгжлийн үндэсний төвөөс “Мэдэх эрхтэй-2” аян зарлаж, парламентын ил тод байдлыг сайжруулан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх 15 шаардлагыг УИХ-ын дарга С.Бямбацогтод хүргүүлсэн. Харин өнөөдөр УИХ-ын дарга С.Бямбацогт парламентын шинэчилсэн цахим хуудсыг танилцуулж, парламентын үйл ажиллагаатай холбоотой бүх мэдээлэл олон нийтэд нээлттэй, ил тод болж байна гэж мэдээллээ. Тодруулбал, УИХ-ын гишүүдийн ирц, санал хураалт, хуулийн төсөл санаачилсан байдал, хуралдаанд хэлсэн үг, хөрөнгө орлогын мэдээлэл зэрэг иргэдийн хяналт тавихад шаардлагатай мэдээллийг нэг дороос авах боломжтой гэж онцолж байна. Тэгвэл Цогц хөгжлийн үндэсний төвөөс парламентын нээлттэй байдал, иргэдийн мэдээлэл авах эрх, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоо, парламентын мэдээллийн хүртээмжид хийсэн мониторинг, судалгаа болон практик ажлын туршлагад үндэслэн хүргүүлсэн дараах 15 зөвлөмж, шаардлага биелсэн эсэхийг харьцуулан харцгаая.
Биелэсэн шаардлага:
Одоогоор Цогц хөгжлийн үндэсний төвийн 15 шаардлагыг 100 хувь бүрэн биелүүлсэн өөрчлөлт алга байна.
Зарим талаар биелэсэн шаардлагууд:
Шаардлага 1. Парламентын мэдээллийг нээлттэй байлгах нэгдсэн стандарт тогтоож, мэдээллийг бүрэн, шуурхай, үнэн зөв нийтэлдэг болохыг шаардсан. Парламентын нээлттэй байдал нь мэдээллийг цахим хуудсанд байршуулснаар хэмжигдэхгүй. Иргэн тухайн мэдээллийг цаг тухайд нь олж авах, ойлгох, бусад мэдээлэлтэй холбон шалгах, татаж авах, боловсруулах, дахин ашиглах боломжтой байх ёстой. Иймд Улсын Их Хурлын ямар мэдээллийг, ямар хугацаанд, ямар бүтэц, хэлбэрээр нийтлэхийг тодорхойлсон нэгдсэн стандарт тогтоож, парламентын бүх нэгжид ижил мөрдүүлэх шаардлагатай.
Шаардлага 3: Хуулийн төсөл бүрийн боловсруулалтаас батлагдах хүртэлх бүх мэдээллийг нэг дороос харах боломжтой болгож, батлагдсаны дараа архив болгох. D-Parliament системд хуулийн төсөл бүрийн үзэл баримтлал, танилцуулга, хэрэгцээ шаардлагын үндэслэл, зардлын тооцоо, үр нөлөөний үнэлгээ, судалгаа болон Хууль тогтоомжийн тухай хуульд заасан бусад бүрдүүлбэрийг тухайн төсөлтэй нь хамт байнга хадгалж, хууль батлагдсаны дараа ч олон нийт нөхөн танилцах боломжтой болгох шаардлагатай. Хуулийн бүрдүүлбэрийг батлагдсаны дараа цахим орчноос алга болгодоггүй, тухайн хуультай нь байнгын холбоостой архивлан хадгалдаг болох шаардлагатай.
Шаардлага 4: Хуулийн төсөл хэлэлцүүлгийн явцад хэрхэн өөрчлөгдөж байгааг цаг тухай бүрд нийтэлж, өөрчлөлт бүрийг мэдэх боломжтой болгох. Иргэдэд зөвхөн өргөн мэдүүлсэн анхны төслийг үзүүлээд, хэлэлцүүлгийн явцад орсон өөрчлөлтийг цаг тухайд нь мэдээлэхгүй бол хууль тогтоох ажиллагаанд бодитоор оролцох боломж хязгаарлагдана.
Шаардлага 5: Санал хураалт бүрийн мэдээллийг гишүүн тус бүрээр бүрэн нийтэлж, тухайн саналын үр дүнд гарсан өөрчлөлттэй холбох. Нэгдсэн болон байнгын хорооны санал хураалт бүрийн хувьд ямар асуудал, ямар томьёоллоор санал хураасан, саналыг хэн гаргасан, гишүүн бүр хэрхэн санал өгсөн, ямар үр дүн гарсан, уг саналын үр дүнд хуулийн төсөл болон бусад шийдвэр хэрхэн өөрчлөгдсөнийг нэг дороос харах боломжтой болгох шаардлагатай.
Шаардлага 8: Парламентын мэдээллийг нээлттэй өгөгдлийн шаардлагад нийцүүлэн нийтэлж, хайх, татаж авах, боловсруулах, дахин ашиглах боломжтой болгох. Парламентын мэдээллийг зөвхөн PDF, Word файл, зураг болон цахим хуудасны текст хэлбэрээр нийтлэх нь мэдээллийг бүрэн утгаар нь нээлттэй болгосон гэж үзэхэд хангалтгүй. Иймд гишүүн, хуулийн төсөл, хуралдаан, ирц, санал хураалт, хороо, ажлын хэсэг, төсөв зэрэг парламентын үндсэн мэдээллийг дээрх шаардлагад нийцсэн бүтэцтэй, машинд уншигдах хэлбэрээр нийтэлж, шаардлагатай өгөгдөлд API болон бөөнөөр татаж авах боломж бүрдүүлэх шаардлагатай. Өгөгдөл бүр тогтвортой таних дугаар, тайлбар мэдээлэл, бодитоор нийтэлсэн болон шинэчилсэн огноотой байж, хоорондоо холбогдох боломжтой байх нь зүйтэй.
Шаардлага 9: УИХ-ын гишүүн бүрийн парламент дахь ажлын бодит гүйцэтгэлийн мэдээллийг нэг профайлаас цаг тухайд нь авах боломж бүрдүүлэх. Иргэн өөрийн сонгосон төлөөлөгчийн парламент дахь үйл ажиллагааг хянахын тулд олон өөр систем, баримт бичиг дундаас мэдээлэл цуглуулах шаардлагагүй байх ёстой. Гишүүний профайлд ирц, санал хураалтын оролцоо болон өгсөн санал, санаачилсан болон хамтран санаачилсан хууль, Байнгын болон дэд хорооны ажил, ажлын хэсгийн оролцоо, асуулт, асуулга, хэлэлцүүлэгт оролцсон байдал, хэлсэн үг, хөрөнгө орлого болон ашиг сонирхлын холбогдох мэдээллийг нэгтгэн харуулах шаардлагатай.
Шаардлага 11: Иргэдээс авсан саналд заавал хариу өгч, санал шийдвэрт хэрхэн туссаныг олон нийтэд мэдээлдэг болох. Хууль тогтоох ажиллагаанд иргэдийн оролцоог зөвхөн санал авах цахим цонх ажиллуулсан, хэлэлцүүлэг зохион байгуулсан тоогоор хэмжих нь хангалтгүй. Иргэн саналаа өгсний дараа тухайн саналыг авч үзсэн эсэх, төсөлд тусгасан эсэх, тусгаагүй бол ямар үндэслэлтэй байсныг мэдэх боломжтой байх ёстой. Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилтийг бодитоор хангаж, саналын товьёгийг төсөл тус бүрээр D-Parliament системд ил тод байршуулж, биелэлтийг хянадаг болох шаардлагатай.
Огт биелээгүй шаардлагууд:
Шаардлага 2: Засгийн газрын боловсруулж буй хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэхээс өмнө D-Parliament системд байршуулж, иргэдэд санал өгөх боломж бүрдүүлэх. Иргэд хуулийн бодлого, зохицуулалтад бодитоор нөлөөлөх хамгийн боломжтой үе нь төсөл эцэслэн боловсруулагдахаас өмнөх шат юм. Гэтэл D-Parliament системийн “Боловсруулж буй төслүүд” хэсэгт УИХ-ын гишүүдийн санаачлан боловсруулж буй төслүүдийг нийтэлж байгаа боловч Засгийн газрын боловсруулж буй төслүүд энэ шатанд ижил түвшинд нийтлэгдэхгүй байна.
Шаардлага 6: Байнгын, дэд, хянан шалгах түр хороо, ажлын хэсэг болон УИХ дахь нам, эвслийн бүлгийн үйл ажиллагааг парламентын нээлттэй байдлын нийтлэг шаардлагад хамруулах. УИХ дахь нам, эвслийн бүлгийн томоохон хууль, төсөв, бодлогын асуудлаарх албан ёсны байр суурь, шийдвэрийг олон нийтэд нээлттэй болгосноор парламент дахь улс төрийн шийдвэр хэрхэн бүрэлдэж байгааг иргэд ойлгох боломж нэмэгдэж, намын дотоод ардчиллыг дэмжих боломж бүрдэнэ. Парламент дахь намын бүлгийг улс төрийн намын бус парламентын албан ёсны нэгж болохыг онцгойлж парламентын зарчмыг ижил түвшинд хэрэгжүүлэх шаардлагатай.
Шаардлага 7. Чуулган болон байнгын хороодын хуралдааны тэмдэглэл нийтлэх хугацааг тодорхой болгож, мэдээлэл болон нийтэлсэн огноог үнэн зөв мэдээлдэг болох. Хуралдааны тэмдэглэл нь парламентын хэлэлцүүлгийг албан ёсоор баримтжуулдаг үндсэн эх сурвалж учраас хэдэн долоо хоног, сараар хоцорч нийтлэгдэх нь мэдээллийн практик ач холбогдлыг эрс бууруулна. Иймд нэгдсэн болон Байнгын хороодын хуралдааны тэмдэглэлийг нийтлэх тодорхой хугацааг тогтоож мөрдүүлэх, хуралдаан болсон огноо болон цахим системд бодитоор нийтэлсэн огноог тус тусад нь үнэн зөв харуулах шаардлагатай. Энэ шаардлагад тодорхой хариу өгөөгүй байна.
Шаардлага 10: Хууль тогтоох үйл ажиллагаанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодитой, заавал хэрэгждэг механизм бий болгох. УИХ-ын гишүүн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохоос сайн дураар татгалзаж, энэ тухайгаа хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэхээр зохицуулсан. Гэвч уг зохицуулалтын хэрэгжилт гишүүн өөрөө ашиг сонирхлын зөрчлөө тодорхойлж, сайн дураар мэдэгдэхээс ихээхэн хамаарч байгаа тул ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нэгдсэн аргачлалтай болох шаардлагатай. Гишүүдийн мэдүүлсэн ашиг сонирхлын мэдээллийг хэлэлцэх асуудалтай урьдчилан тулган шалгах, болзошгүй зөрчлийг тодорхойлох, гишүүн мэдэгдэх, хуульд заасан нөхцөлд санал хураалтад оролцохоос татгалзах, уг мэдээллийг олон нийтэд ил тод болгох механизмыг бүрдүүлэх нь зүйтэй. Энэ механизм нь зөвхөн гишүүний сайн дурын мэдэгдэлд тулгуурлах бус хуралдаан даргалагч болон холбогдох парламентын нэгжид хэрэгжилтийг хангах тодорхой чиг үүрэг, хариуцлага ногдуулсан байх шаардлагатай.
Шаардлага 12: Парламентын үйл ажиллагааг хэвлэл мэдээлэл бие даан ажиглаж, сурвалжлах нөхцөлийг өргөжүүлэх. Парламентын нээлттэй байдал нь парламентын албадаас сонгосон дүрс, мэдээллийг олон нийтэд дамжуулах төдий бус хэвлэл мэдээлэл парламентын үйл ажиллагааг бие даан ажиглаж, сурвалжлах боломжтой байхыг шаарддаг. Чуулганы дүрс дамжуулалтын дор хаяж нэг сувгийг танхимын ерөнхий дүр зургийг тасралтгүй харуулдаг байдлаар ажиллуулах, албан ёсны найруулгатай дүрс дамжуулалтаас гадна парламентын сэтгүүлч, зураглаачид хуралдааны үйл явцыг бие даан ажиглаж, дүрс мэдээ бэлтгэх зохистой нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй.
Шаардлага 13: УИХ-ын гишүүд болон парламентын үйл ажиллагаанд зарцуулж буй төсвийн мэдээллийг дэлгэрэнгүй, ойлгомжтой байдлаар нээлттэй болгох. Парламент чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв, судалгаа, зөвлөх үйлчилгээ, хүний нөөц болон бусад дэмжлэгтэй байх нь зүй ёсны хэрэг. Харин нийтийн хөрөнгийн зарцуулалт учраас уг төсөв хэрхэн зарцуулагдаж байгааг олон нийт хянах боломжтой байх ёстой. Парламент төсөвтэй байх нь асуудал бус, харин төсвийн хөрөнгийн зарцуулалт ил тод, хяналттай байх нь парламентын нээлттэй байдлын зайлшгүй бүрэлдэхүүн хэсэг юм.
Шаардлага 14: Парламентын хэлэлцүүлгийг бодит бодлогын мэтгэлцээн, олон ургалч байр суурийг сонсох үндсэн талбар болгон бэхжүүлэх. Парламентын нээлттэй байдал нь зөвхөн баримт бичгийн хүртээмжээр хязгаарлагдахгүй. Иргэд төлөөлөгчид нь ямар үндэслэл, нотолгоо, байр суурь дэвшүүлж, тэдгээрийг хэрхэн хэлэлцэн шийдвэр гаргаж байгааг мэдэх, үнэлэх боломжтой байх ёстой. Хуулийн төсөл, төсөв болон бодлогын томоохон асуудлын хэлэлцүүлгийг хэт хэлбэр, хугацаанд шахагдсан үйл ажиллагаа болгохгүй байх, өөр байр суурь, цөөнхийн санал, нотолгоонд суурилсан мэтгэлцээнийг зохистой хэмжээнд хангах, хэлэлцүүлгийн тэмдэглэл, дүрс бичлэг, саналын томьёолол болон санал хураалтын үр дүнг бүрэн нээлттэй байлгах нь зүйтэй. Парламент ямар шийдвэр гаргасныг мэдэхээс гадна яагаад ийм шийдвэрт хүрснийг мэдэх боломж нь нээлттэй парламентын үндсэн шинж юм.
Шаардлага 15: Ил тод байдал, хариуцлагын механизмыг бэхжүүлэхдээ УИХ-ын гишүүний чөлөөт мандат, бие даасан байдлыг хамгаалж, парламентын институцийн хараат бус байдлыг сулруулах зохицуулалтаас сэргийлэх. УИХ-ын гишүүний Үндсэн хууль, хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд асуудлыг хэлэлцэх, асуулт асуух, санал гаргах, байр сууриа илэрхийлэх, санал өгөх боломжийг үндэслэлгүйгээр хязгаарлах дотоод дүрэм, сахилгын болон бусад механизм бий болгохоос зайлсхийх шаардлагатай. Парламентын үйл ажиллагаатай холбоотой аливаа эрх зүйн болон дотоод зохицуулалтын өөрчлөлт нь нэг талаас гишүүний хариуцлага, ёс зүй, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байдлыг хангах боловч нөгөө талаас гишүүний төлөөллийн мандат, үндэслэлтэй өөр байр суурь илэрхийлэх боломж болон парламентын институцийн бие даасан байдлыг сулруулахгүй байх тэнцвэрийг хангах нь зүйтэй.