
Оршуулгын үйл ажиллагааны тухай анхдагч хуулийн төсөл боловсруулж буй хууль санаачлагч, УИХ-ын гишүүн А.Ариунзаяатай ярилцлаа.
- Оршуулгын газруудыг цэгцлэх шаардлагатай гэж олон жил ярьж байгаа ч бодитоор хийж хэрэгжүүлсэн ажил бага байна. Оршуулгын газар нь гэр хороололлынхоо айлуудтай хаяа нийлчихсэн эмх цэгцгүй ийм нөхцөл байдал олон жил үргэлжиллээ. Таны санаачлан боловсруулж буй хууль батлагдсанаар юу өөрчлөгдөх вэ?
- “Далан давхар”-т миний бурхан болооч ээжийн минь шарил байсан. 1996 онд бурхан болсон гэхээр 30 жилийн өмнөх үйл явдал шүү дээ. Энэ хугацаанд хот тэлээд “Далан давхар” хотын төв болчихсон. Тэгээд салхин доор нь Дэнжийн мянгын хүнсний зах байж л байдаг. Айлын хашаатай хаяа нийлчихсэн, ямар нэгэн зохицуулалт, цэвэрлэгээ үйлчилгээ байхгүй, хаягдсан, ухагдсан, хагарч бутарсан ийм дүр зурагтай байна. “Далан давхар”-ыг нүүлгэн шилжүүлэх УИХ-ын тогтоол 2013 онд гарсан. Гэтэл үүнийг хийхгүй эмээж явсаар байгаад л өнөөг хүрчихсэн байна. Сүүлийн жилүүдэд нийслэлээс “Далан давхар”-ын оршуулгыг хэсэг хэсгээр нь нүүлгэн шилжүүлэх төсөл хэрэгжиж эхэлсэн. Жишээлбэл, энэ төслийн хүрээнд Буян компани нийгмийн сайн сайхны төлөө өөрсдийнхөө хөрөнгөөр энэ ажилд хувь нэмрээ оруулж, тэнд цэцэрлэгт хүрээлэн байгууллаа. Тэгээд тодорхой хэсэг газрыг хамарсан оршуулгыг ар гэрийнх нь зөвшөөрлийн дагуу чандарлах үеэр би ээжийнхээ шарилыг шилжүүлж, оршуулсан юм. Тэр үед би буяны компаниуд мэдээллийн сантай байх ёстой юм байна гэж бодсон. Хүн бурхан болоход нас барсны гэрчилгээ олгодог шүү дээ. Тэгэхээр хаана, ямар байршилд оршуулсан бэ гэдгийг орчин үеийн технологийн дэвшлийг ашиглаад байршлаар нь хүртэл бүртгэлд оруулах боломжтой. Цаг хугацаа өнгөрөх тусам түүхэн гэрчүүд байхгүй болж, талийгаачийнхаа газрыг олоход хүндрэлтэй болдог. Би л гэхэд 30 жилийн өмнө 16 настай жаахан хүүхэд байсан. Мэдэхгүй байхгүй юу. Тийм болохоор Буян компаниас “Далан давхар”-т байгаа нэр ус нь тодорхой оршуулгыг бүгдийг нь бүртгэж оруулаад, GPS байршил, зурагтай нь хамт мэдээллийн систем үүсгэчихсэн байна. Яг үүн шиг буяны компаниудыг бүртгэл хийдэг болгохоор хуулийн төсөлд тусгасан байх жишээтэй. Энэ мэтээр зохицуулах зүйл олон байгаа учраас хуулийн төслийг санаачлан боловсруулаад байна.
- Одоогоор 40 орчим оршуулгын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд байдаг гэх мэдээлэл бий. Гэтэл зарим нь зөвшөөрөлгүй газарт үйл ажиллагаа явуулдаг. Мөн үйлчлүүлэгч олохын тулд элдэв янзын арга хэрэглээд үүнээсээ болж ял шийтгүүлсэн тохиолдол ч гарсан. Үүнийг яаж цэгцлэх вэ?
- Оршуулгатай холбоотой асуудлаас хүмүүс жаахан эмээгээд ярихыг хүсдэггүй, хаалттай байгаад байдаг. Гэтэл хүн төрөх нь үнэн, үхэх нь үнэн. Ийм зовлон тохиолоо гэхэд ар гэрийнхэн нь бүх сэтгэл хүч хөрөнгөө шавхаад л бурхан болоочийг ёс төгөлдөр оршуулахыг хичээдэг. Гэтэл оршуулаад явсных нь дараа булш нь ухагдах, тоногдох, эсвэл нүүлгэн шилжүүлэх гэх мэт гэмт хэргийн шинжтэй зүйлс олон гарч байна. Түүхэн өв соёлын асуудал ч энд яригдах ёстой. Түүхэн дурсгалт булш, хиргэсүүрийг хүртэл ухаж, тонох асуудал даамжирсан. Гэвч энэ нь ямар ч зохицуулалтгүй, засаг төр нь нүдээ аниад өнгөрч байна. Гэтэл дандаа ийм байсан уу гэвэл үгүй. Чингис хааны үед хүртэл булш ухсан бол шийтгэдэг байсан. Энэ бол Монголчуудын хувьд цээртэй зүйл. Өнөөдөр л ингээд орхигдчихсон, хаягдчихсан, хүнд нөхцөл байдалтай байна. Оршуулгын үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүд яг буяны ажлын үеэр нь үйлчилгээ үзүүлчихээд түүнээс хойш ямар ч харуул хамгаалалт, бүртгэл мэдээлэлгүй, эзэнгүй орхичихоод байна. Тэгэхээр тэр газар нөгөө хууль бус зүйлс болоод байна. Ийм учраас тодорхой хэмжээнд эзэнжүүлж, асуудлыг шийдвэрлэх зорилготой.
- Оршуулгын үйл ажиллагааг нийслэл болон орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан журмаар зохицуулдаг. Энэ журмаа сайжруулаад явбал болохгүй юу. Заавал хуультай байх шаардлагатай юу?
- Оршуулгын үйл ажиллагаатай холбоотой хууль эрх зүйн орчныг бий болгох хэрэгтэй гэдэг санаачилга дөнгөж одоо гарч байгаа юм биш. Буяны зан үйлийн холбоо 2022 оноос хойш тухайн үеийн УИХ-ын гишүүдэд энэ хуулийн төслөө танилцуулаад дөрвөн ч УИХ-ын гишүүн 2024 оны ээлжит сонгууль хүртэл ажилласан ч УИХ-ын босгыг давж чадаагүй юм байна лээ. Миний хувьд Буяны зан үйлийн холбоо болон мэргэжлийн судлаач, хуульчидтай хамтран нэг жилийн өмнөөс энэ хуулийн төсөл дээр ажиллаж байна. 1950 оноос өмнө өөд болсон хүмүүсийг ихэвчлэн ил тавьдаг байсан учраас 1950 онд Намын төв хорооноос оршуулгын үйл ажиллагаатай холбоотой анхны журмыг гаргасан байдаг. Энэ журмын дагуу 1990 он хүртэл хариуцах эзэнтэй, эмх цэгцтэй явж ирсэн.
Нийслэлээс журмынхаа дагуу зөвшөөрөгдөөгүй газар оршуулга үйлдсэн тохиолдолд жил бүр тендер зарлаад нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулдаг. Үүнд ар гэрийнхэн нь буруутай биш шүү дээ. Монголчууд чинь уламжлалынхаа дагуу гурав эсвэл таван жилийн дараа очдог. Гэтэл эргээд очиход нь байхгүй байвал хэн хариуцах вэ? Ар гэрийн хүмүүсийнх нь эрх ашгийг хаана хамгаалах вэ? Хэнээс хариуцлага нэхэх вэ? Нийслэл дээр л гэхэд яг энэ асуудлыг Хог хаягдлын газар хариуцаж байна гэдгээс эхлээд зохицуулагдаагүй зүйл маш олон байдаг юм байна. Чадалтай хүмүүс нь аятайхан цэцэрлэгт хүрээлэнд оршуулчихдаг. Бусад нь тэгээд яах вэ? Баян-Өлгий, Ховдын казах иргэд л гэхэд бунхан бариад хороолол, хотхон шиг зүйл бий болгож байна. Гэтэл газар чинь өөрөө хэмжээтэй учраас нэг л мэдэхэд амьдарч байгаа нутаг дэвсгэрээс нь илүү зай талбай эзэлж эхэлнэ. Саяхан манай төрийн тэргүүн уулын ам болгонд суварга босгочихсон байна. Үүнд хяналт тавьж, бүртгэлжүүл гэж Засгийн газарт чиглэл өгч байна шүү дээ. Монгол хэдийгээр маш том нутаг дэвсгэртэй ч гэсэн хэмжээ хязгаартай шүү дээ. Өнөөдөр биш юм аа гэхэд маргааш бидний үр хойчид газрын асуудал тулгамдана. Тийм учраас дэлхий нийтээрээ байгальд ээлтэй, эко, дэвшилтэт бодлого барьж байна. Монгол ч гэсэн үүнээс хоцорч болохгүй. Энэ агуулгаар оршуулгын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
- Оршуулгын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд газрын зөвшөөрлөө ямар хэлбэрээр авч байна вэ? Энэ замбараагүй байдлыг яаж зогсоох вэ?
- Аж ахуйн нэгжүүд эзэмших хэлбэрээр газар авч байна. Энэ нь хамгийн ихдээ 60 жилийн хугацаатай олгогддог. Тэгэхээр тухайн газрыг эзэмших хугацаа нь дуусахаар хот төлөвлөлтийн дагуу газрыг дахин ашиглах, зохион байгуулах шаардлага үүснэ. Бусад улс орны жишээг харахад тухайн газрыг талийгаачийн ар гэрт 10, 20, 30 жилийн хугацаатай гэрээгээр ашиглуулаад хугацаа дууссаны дараа нүүлгэдэг юм байна. Манайд бол дээд тал нь 60 жил байдаг. Тэгэхээр 60 жилийн дараа буяны компанийн газар ашиглах эрх дуусахаар талийгаачийн шарилыг ар гэртэй нь холбогдож өөр газарт шилжүүлнэ гэсэн үг.
- Тэгэхээр шарил хөндөгдөнө гэсэн үг үү?
- Тийм. Иргэд үүнийг сайн мэдэхгүй. Хэрвээ мэддэг болчихвол дахин хөндүүлэхгүйн тулд сонголтоо өөрчлөх боломжтой. Тухайлбал, байгаль орчинд ээлтэй байдлаар чандарлах үйлчилгээ манайд бий болсон. Буяны компаниудын энэ үйлчилгээ газарт оршуулахаас хамаагүй хямд байдаг юм байна. Тэгэхээр төр засгийн зүгээс ч гэсэн ирээдүй хойч үе болон байгаль эх дэлхийгээ хайрлаж энэ ногоон шилжилтийг хийх тал руу нь анхаарах хэрэгтэй. Энэ чиглэлээр аж ахуйн нэгжүүддээ тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлээд, зөв тал руу нь хөшүүрэг хийж өгөх нь чухал. Тэгж байж энэ газрын асуудал шийдэгдэнэ.
- Зөвхөн газар ухаж оршуулахаас гадна ил задгай тавих тохиолдол одоог хүртэл байсаар байна. Хуулийн төсөлд энэ талын зохицуулалт туссан болов уу?
- Саяхан болсон хэлэлцүүлгийн үеэр ил тавих тухай зүйл заалтыг хуулийн төсөлдөө оруулсан уу гэж асуусан. Энэ бас л маргаантай сэдэв. Үнэхээр манай Монгол заншил юм уу эсвэл Төвөдөөс орж ирсэн юм уу гэдгийг хүртэл ярилцах ёстой. Яг Төвөдийн ёс заншлыг бол ярихад хүртэл их хүнд шүү дээ. Өндөрлөг, хад чулуутай учраас газар ухаж оршоох боломжгүй учраас ан амьтан, шувуунд тавьж өгдөг гэдэг ч юм уу. Гэтэл энэ заншил нь шарын шашнаа дагаад манайд орж ирсэн гэдгийг түүхчид хэлж байна. Магадгүй зэрлэг ан амьтан ихтэй, хүнгүй газар тавьдаг энэ заншлыг өнөөгийн суурин соёлд шилжиж буй газар хэрэглэх нь хэр зохистой вэ гэдгийг бодох ёстой. Үүнийг хуульчлаад оршуулгын нэг төрөл болгоод явах боломжгүй. Гэхдээ аль нэг хэлбэрийг нь шууд хориглосон зүйл байхгүй.
Тийм болохоор эх газартаа бүрэн дүүрэн шингэдэг, ирээдүй хойч үеийнхээ амьдрах газрыг эзэлдэггүй энэ хэлбэрийг сонгох тал дээр төрөөс анхаарах хэрэгтэй. Мэдээж заавал чандарлах гэж хуульд заахгүй. Харин заавал чандарлах өвчний жагсаалтыг Эрүүл мэндийн сайдын журмаар тогтооно гэж заасан. Тарваган тахал гэдэг ч юм уу халдварт өвчнөөр өөд болсон хүний халдвар нь хөрс, ус болон зэрлэг ан, амьтнаар дамжаад тархах магадлалтай. Ийм учраас заавал чандарлах ёстой гэж хатуу хуульчлах ёстой.
- Иргэдийн хувьд уламжлал талаасаа хараад эсэргүүцэж мэдэх юм. Та юу гэж бодож байна?
- Магадгүй хуулийн төслийг хэлэлцэж эхлэхэд дахиад л ил тавих тухай асуудлууд яригдана. Эсвэл чандарлах гэлээ. Манай шашинд галд хүргэж болохгүй ээ гэдэг ч юм уу олон мянган жил яваад ирсэн ёс уламжлалыг хөндөх гэлээ гэсэн эсэргүүцэл мэдээж гарна. Гэхдээ төр байгаа юм бол иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдалд нэн тэргүүнд анхаарах ёстой. Хоёрдугаарт, газар гэдэг чинь хязгаарлагдмал нөөц. Ядаж газар олгохдоо үерийн ус орох, хөрсний нуралт үүсэх, түүхэн өв соёлын дургалт газарт олгохгүй гэх зэргээр тодорхой шалгууруудыг гаргах ёстой. Бид чинь арвин баялаг түүхтэй улс. Гэтэл одоо оршуулга нь ямар ч хуульгүй учраас түүхэн дурсгалт газартай давхцал үүсээд эхэлчихсэн гэдгийг ч түүхчид хэлж байна. Бүр түүхийн дурсгалт хүн чулууг зөөж, булшны чулуу болгоод талийгаачийн нэрийг бичсэн тохиолдол гарсан. Тийм болохоор зохицуулах ёстой.
- Хууль батлагдвал оршуулгын асуудлыг хариуцсан нэгж, бүтэц бий болох уу?
- Энэ асуудлыг аль байгууллага хариуцах вэ гэдэг шийдлээ хараахан олоогүй байна. Одоо нийслэл дээр хог хаягдлын газар хариуцаад явдаг. Тийм баймааргүй байна. Барилга, хот байгуулалтын яам, эсвэл Эрүүл мэндийн яам, Соёлын яаманд хариуцуулъя гэхээр манай асуудал биш гээд нэгэн рүүгээ шидэх магадлалтай. Тийм учраас хуулийн төсөл дээрээ эхний ээлжинд Шадар сайдын дэргэд Үндэсний хороо байх нь зүйтэй гэж оруулсан. Тэгээд Үндэсний зөвлөл хэлбэрээр ажиллуулъя. Яваандаа аль нэг төрийн захиргааны төв байгууллага нь хариуцаад явбал сайн. Саяхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад энэ асуудалд анхаарах ёстой шүү гээд үүрэг даалгавар өгч байна лээ. Тийм учраас миний боловсруулсан энэ хуулийн төсөл дээр хамтраад саналуудаа нэгтгээд явбал сайн. Эсвэл Засгийн газар өөрөө хуулиа өргөн барина гэвэл нээлттэй. УИХ-ын гишүүдэд ч бүрэн эрх нь бий. Миний хувьд энэ асуудлыг шийдэхийн тулд хамтран ажиллахад бэлэн.
- Ярилцсанд баярлалаа.
Хуулийн төсөлтэй танилцаж, санал өгөх бол энд дарна уу.