
Монгол Улс 2026 онд Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр буюу (КАРЕК/CAREC)-ийг даргалж байна. КАРЕК-ийн 25 жилийн ойн хүрээнд 2026 оны 9 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Сайд нарын бага хурал, Хөгжлийн түншүүдийн яриа хэлэлцээр, Бизнес форум, Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форум зэрэг өндөр түвшний арга хэмжээг зохион байгуулж байна.
Сайд нарын Бага хуралд Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Масато Канда, болон Афганистан, Азербайжан, БНХАУ, Гүрж, Казахстан, Киргизстан, Монгол Улс, Пакистан, Тажикистан, Туркменистан, Узбекистан зэрэг 11 улсын сайд, төлөөлөгчид оролцож байгаа юм.
Бага хурлыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр , "КАРЕК-ийн хөтөлбөрийн үр дүн тээврийн салбарт хамгийн тод харагдаж буй бөгөөд Монгол Улсын баруун бүсийн авто замын коридорын төслийн хүрээнд 743 километр авто зам, хоёр засвар үйлчилгээний төв, жингийн станц байгуулаад байна. Зам барих нь чухал боловч хилийн боомт, гааль, логистик, мэдээллийн систем хоорондоо уялдаж байж дэд бүтцийн хөрөнгө оруулалт иж бүрэн үр өгөөжөө өгөх тул Монгол Улс цаашид дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хилийн үйл ажиллагааны шинэчлэлтэй холбон хэрэгжүүлэх бодлого баримтална" гэлээ.
Монгол Улс КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтын КАРТИФ хэлэлцээрийг дэмжихийн сацуу КАРЕК-ийн Дэвшилтэт транзитын системээр дамжуулан гаалийн мэдээлэл, баримт бичгийг цахимаар солилцох, эрсдэлд суурилсан баталгааны тогтолцоог хөгжүүлэхийг зорьж байна. КАРЕК-ийн Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форумыг тогтмол үйл ажиллагаатай болгох, АСЕАН-ы Хөрөнгийн зах зээлийн форумтай хамтын ажиллагаа эхлүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.