Б.Энхбаяр: Сайд Ц.Нямдорж төрийн өмчид реформ хийх ажлыг дөрвөн жилийн турш “гацаалаа”
2022-03-30

            УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийн талаар хэлэлцлээ. Сангийн сайд Б.Жавхлан үүнийг танилцуулсан бөгөөд гишүүд асуулт тавьж, хариулт авав.

Б.Энхбаяр: Ерөнхийлөгч, Засгийн газар, парламент нэг л зорилт дэвшүүлж байгаа. Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн шинэтгэлийн хүрээнд төрийн өмчид реформ хийхээр зорьсон. Төрийн өмчийн реформыг цаг алдалгүй хийхгүй бол улсын үйлдвэрийн газрууд, тухайлбал, Хөгжлийн банк яаж ажиллаж байна вэ гэдэг нь ойлгомжтой боллоо. Уг нь 2021 онд төрийн өмчтэй холбоотой багц хуулийн төслийг өргөн барихаар товлосон. Гэтэл хэлэлцэлгүй нэг жил өнгөрлөө. Яг нэг жилийн өмнө би Ц.Нямдорж сайдыг “хөгжлийн саад” гэж цоллож байлаа, уг хуулийн төслийг өргөн барьдаггүй учраас. Гэтэл одоо Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг ХЗДХЯ-наас ЗГХЭГ луу Ц.Нямдорж сайд татаад авчихсан гэнэ. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг ХЗДХЯ-ныхан бэлэн болгоод суурь хуультай нь хамт өргөн барих гэхээр гацаачихсан байна. Уг хуулийг УИХ-ын гишүүн санаачлах эрхгүй учир ингээд хүлээхээс өөр аргагүй. Нэг жилийн өмнө, өнгөрсөн намрын чуулганаар, хаврын чуулган эхлэхээс өмнө өргөн барина гээд гурван удаа худлаа ярилаа. Өмнө нь сайд байхдаа хоёр жилийн турш уг төслийг “дарсан”. Одоо ингээд нийт дөрвөн жилийг үдлээ.   

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Өнөөдөр Засгийн газрын хуралдаан болж байгаа. Энэ асуудлыг Х.Нямдорж сайдад танилцуулъя. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төслийг ХЗДХЯ дээр боловсруулж байгаад ЗГХЭГ луу татаж авсан. Уг төсөлд яамдуудаас санал авч, эцэслээгүй байгаа.

С.Бямбацогт: Ховд дахь боомтын хүчин чадлыг сэргээх, шинээр нэг боомт байгуулах ажлын тухай ярих боллоо. Энэ чиглэлээр юу хийсэн, цаашид юу хийх талаар танилцуулахгүй юү. 2022 оны жилийн төлөвлөгөөнд хил хамгаалах салбарт парк шинэчлэл хийнэ гэж тусгасан. Гэтэл төсвийг нь батлахдаа уг ажилд мөнгө хуваарилаагүй. Энийг яаж зохицуулах вэ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ялтнуудын хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлж, хохирол барагдуулах талаар тусгасан. Үүний биелэлт хэр байна вэ. Мансууруулах бодистой тэмцэх ажлыг 85 хувь биелүүлсэн гэнэ. Юу хийсэн бэ. Камержуулах ажил хэр урагштай байгаа вэ?

Мэдээллийн технологийн ажлыг хөрш орноор гүйцэтгүүлэхгүй байх зөвлөмж өгсөн

Х.Нямбаатар: Камержуулах ажлын зураг төсөл, ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан. Гадаадын байгууллагаас зөвлөх үйлчилгээ авахаар ажиллаж байна. Улс даяар 60 мянган камер суурилуулж байж хяналтын нэгдсэн систем бий болгоно. Одоо байгаа камеруудын гуравны нэг нь ашиглалтын шаардлага хангахгүй байгаа. Мөн тооныхыг нь огт ашиглахгүй байгаа. Арчлалтыг нь хариуцсан нэг ч байгууллага байдаггүйгээс камерыг ашиглах боломжгүйд хүрч байна. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд орон нутагт төвлөрч байгаа хүү, торгуулийн төлбөрийн 50 хувийг камерын ашиглалтын шаардлага хангахад зориулъя гэж тусгаж, саяхан батлуулсан. Харамсалтай нь, хуулийн эцсийн найруулгыг нь сонсоогүй байгаа. Мөн БНХАУ-ын 30 сая ам.долларын буцалтгүй тусламжаар камерын нэгдсэн системийг өргөжүүлэх ажлыг хийхээр баталсан. Гэвч ҮАБЗ-өөс мэдээллийн технологийн ажлыг хөрш орноор гүйцэтгүүлэхгүй байх зөвлөмж өгсөн. Ирэх оноос эхлэн өөрсдийнхөө төсвийн хүрээнд камерын системийг өргөжүүлэхээр ажиллая гэж Сангийн сайдтай ярилцаж байгаа.

         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж дуусаж байгаа. Уг хуулийн гол үзэл баримтлал нь хорих ангид ял эдэлж байгаа хүмүүсийг хөдөлмөрлүүлэх, олсон орлогоо хуримтлуулах, хорих ангиуд өөрсдийн олсон орлогоороо аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагаа явуулах боломжийг нээж өгөхөд чиглэсэн.

         2021 оны нэгдүгээр сарын 1-нээс зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1500 орчим хүн зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байна. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барихад бэлэн болсон. Энэ төслийн гол агуулга нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирол барагдуулах нөхцөлийг нээхэд оршиж буй юм. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгтний хөрөнгийг шалгаж, битүүмжилдэг. Харин энэ хуулиар хохирогчийн төлбөрийг барагдуулах уян хатан нөхцөлийг тусгая гэж байгаа юм. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус хэрэглээтэй тэмцэх үндэсний хороог миний бие ахалдаг. Өнгөрсөн жилд энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурсан. Сүүлийн жилүүдэд залуус ийм төрлийн хэрэглээг ердийн, ханиадны эмээр оруулах үзэгдэл ажиглагдаж байгаа. Үүнийг таслан зогсоох, жортой эмийн жагсаалтыг өргөтгөх чиглэлээр эрүүл мэндийн байгуллагуудад саналаа хүргүүлсэн.

Сангийн сайд Б.Жавхлан: Ховд аймаг дахь боомтын бүтээн байгуулалтын ажил хуваарийнхаа дагуу үргэлжилж байгаа. Булганы боомтыг өргөтгөх ажил ТЭЗҮ-ийг боловсруулах, байгаль орчны үнэлгээ хийх шатанд байна. Шинээр боомт байгуулах асуудлыг зөвхөн нэг улсын талаас шийддэггүй та бүхэн мэднэ. Гадаадын харилцааны яамдын түвшинд хоёр тахлын хэлэлцээр үргэлжилж байгаа гэв.

Олон улсын гэрээний үг хэллэгийг нэг томьёоллоор орчуулаагүй байна гэв

            Дараа нь Монгол Улс олон талт олон улсын гэрээнд нэгдэн орсноор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг холбогдох олон улсын байгууллагад хүргүүлэх, тайлантай холбогдуулан олон улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж байгаа ажлын явц байдалтай танилцах, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн мэдээллийг гишүүн Ц.Мөнх-Оргил танилцууллаа.

Олон улсын дараах протоколуудыг хэрэгжүүлэх асуудал нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрх хэмжээнд хамаардаг бөгөөд эдгээрийг хэрэгжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Үүнд

 

  • Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, түүний 2 дугаар протокол;
  • Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенц, протокол;
  •  Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай конвенц;
  •  Арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенц;
  • Апартеидийн гэмт хэргийг таслан зогсоох, тийм гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх тухай олон улсын конвенц

 

       Үндсэн хуулийн 10.2-т “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэж, мөн зүйлийн 3 хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасан байдгийг Ц.Мөнх-Оргил гишүүн онцлон тэмдэглээд, ийм учраас эдгээрийн хэрэгжилтийг хангах асуудалд нийтийн анхаарлыг хандуулах, улмаар бидний өмнө тулгамдаад байгаа олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилтийг жигд хангах нь асуудал шийдвэрлэх шаардлагыг хэлэв.

        Монгол Улс нийт 294 олон талт олон улсын гэрээг соёрхон баталсан байдаг аж. Эдгээрээс хэрэгжилтийг нь хянадаг олон улсын хороо бүхий 30 гэрээ, конвенцыг сонгон ажилласан байна. Үүн дотор хүний эрхийн чиглэлээрх 18, байгаль орчны чиглэлээрх 5, гэмт хэрэгтэй тэмцэх салбарын 4, эрүүл мэндийн 3 конвенц байдаг бөгөөд Засгийн газрын 2017 оны 193 дугаар тогтоолоор “Олон талт олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайлан хариуцан боловсруулах байгууллагын хуваарь”-ийг баталж, хариуцах байгууллагуудыг тодорхойлсон байдаг байна. Энэ хуваариар ХЗДХЯ 5, ГХЯ 4, ХННЯ 11, ЗТХЯ 1, ЭМЯ 5, БОАЖЯ 4, АТГ 1 конвенцыг хариуцан, тайланг бэлтгэж байх үүрэгтэй.

            Тодруулбал, төрийн байгууллагуудаас холбогдох мэдээллийг цуглуулж, нэгтгэн НҮБ-д хүргүүлэх, хүргүүлсэн тайлангаа хамгаалах, тэр дагуу үнэлсэн үнэлгээг хүлээн авах, өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг хариуцах юм. Гэвч энэ үүрэг, хариуцлагыг хүлээдэг байгууллагуудад олон дутагдал байдгийг, тэр дундаа нийтлэг байгаа дутагдлыг ажлын хэсэг болон дэд ажлын хэсгийн хурлуудын явцад тодорхойлсон байна.

           Үүнд төрийн байгууллагын уялдаа холбоо, зохицуулалт, харилцан мэдээлэл солилцоо хангалтгүй, шүүх олон улсын гэрээний заалтыг хэрэгжүүлэх практик туршлага байхгүй, шүүхийн байгууллагын албан хаагчийн олон улсын гэрээний талаарх мэдлэг дутмаг, төрийн байгууллагын хүний нөөц тогтворгүй хэмээн тодорхойлсон байна. Мөн олон улсын гэрээний хэрэгжилтийн мэдээллийн нэгдсэн сан байхгүй, олон улсын гэрээнд нэгдэн орохдоо үүсэж болох хууль, эрх зүй, нийгэм, эдийн засаг, санхүүгийн үр нөлөө, хүлээх үүрэг, хариуцлага, тэдгээрийг хэрэгжүүлэх боломжтой, эсэхийг нарийвчлан үнэлдэггүй, гэрээний хэрэгжилтийн тайлан хэлэлцүүлсэн дүн, өгсөн зөвлөмжийг УИХ, Засгийн газарт танилцуулах, биелэлтэд хяналт тавих нэгдсэн механизм байхгүй, гэрээний хороод (Хүний эрхийн хороо, Арьс үндсээр алагчлах үзлийг устгах хороо, Эрүү шүүлтийн эсрэг хороо, Хүчээр алга болгохын эсрэг хороо)-ын гомдол хүлээн авч, шийдвэрлэх эрх хэмжээг хүлээн зөвшөөрөөгүй гэх зэрэг алдаа дутагдал байгааг Ц.Мөнх-Оргил гишүүн танилцуулсан.

               Түүнчлэн тайлан боловсруулах үйл явцад ТББ-ын оролцоог хангах механизм бүрдээгүй, олон улсын гэрээний хэрэглээ хангалтгүй (үг хэллэгийг нэг томьёоллоор орчуулаагүй, холбогдох нэмэлт тайлбар /general comments/-bir орчуулж хэвшээгүй), олон улсын гэрээнд нэгдэн орохдоо дотоодын хууль тогтоомжийг нийцүүлэх ажил хангалтгүй, тодорхойлолт, нэр томъёо зөрүүтэй байдаг зэрэг нийтлэг дутагдал байгаа хэмээн ажлын хэсэг тайлан мэдээлэлдээ дурджээ. 

            Ингээд тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын талаарх тайлан, мэдээллийг танилцуулав. Тус пактаар хүн угаас заяасан эрхэм байдал, жам ёсны салшгүй эрх, иргэний болон улс төрийн эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрч, хамгаалалт бий болгосон. Пактын гишүүн улс бүр хувь хүний жам ёсны эрх, эрхэм байдлыг хүндэтгэн Пактад заасан иргэний болон улс төрийн эрхийг хангах, хамгаалах, энэ зорилгоор хууль, эрх зүй, шүүх, захиргааны бодлогын арга хэрэгслээр дамжуулан зохих арга хэмжээг авах үүрэгтэй. Тус пактад Монгол Улс 1966 онд нэгдэн орсон бөгөөд 6 удаа тайлангаа хүргүүлж байсан, 7 дугаар тайланг 2022 оны долдугаар сарын 28-ны дотор бэлтгэж хүргүүлнэ. Дээрх тайлангийн хариуд олон тооны зөвлөмжийг ирүүлж байсан ч зөвлөмжийн хэрэгжилтийн нэгдсэн мэдээлэл байдаггүй гэдгийг Ц.Мөнх-Оргил гишүүн танилцуулав. Тайлан бүрийн мөрөөр ирсэн зөвлөмжүүдээс хамгийн олон давтамжтай ирсэн 16 зөвлөмжийг ажлын хэсгийн ахлагч онцолж, өнөөдрийн Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.

Цаашид энэ хүрээнд авах арга хэмжээний саналаа мөн хэлэв. Үүнд

  • Пакт болон бусад хүний эрхийн олон улсын гэрээний хэрэглээний талаар шүүгч, прокурор, өмгөөлөгч, хууль сахиулах байгууллагын албан хаагч нарт тусгайлсан сургалт зохион байгуулах шаардлагатай
  • ХЭҮК-ын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх болон Хүний эрх хамгаалагчийн асуудал хариуцсан гишүүний сонгон шалгаруулалтыг шуурхай эцэслэж, томилох нь зүйтэй
  • ЛГБТИ хүмүүсийн эсрэг хүчирхийлэл, ялгаварлан гадуурхахтай тэмцэх, хууль сахиулагчдад сургалт зохион байгуулах; хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн  боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх, нийтийн тээвэр болон барилга байгууламжид саадгүй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх, энэ хүрээнд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ өгөх, төрийн байгууллагууд хэрхэн хэрэгжүүлж байгаад УИХ-ын Хууль зүйн болон Нийгмийн бодлогын байнгын хорооны хамтарсан шалгалтыг ТББ-ын хамт зохион байгуулах шаардлага бий
  •  Эрүүгийн хууль дахь албадан хөдөлмөрлүүлэх гэмт хэргийн тодорхойлолтыг олон улсын гэрээ, конвенцын үг хэллэгтэй нийцүүлэх; Хөдөлмөрийн байцаагчдын тоог нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх;
  • Улаанбаатар хот болон бусад суурийн газрыг хөгжүүлэх дахин төлөвлөлт, хот зохион байгуулалттай холбоотойгоор албадан нүүлгэх эрсдэлтэй тулгарч буй иргэдийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн тусгай хууль батлах
  • Ээлжит илтгэлийг бэлтгэхэд ТББ, иргэний нийгмийн оролцоог хангах, илтгэлийн эхний төслийг Хууль зүйн байнгын хороонд 2022 оны зургадугаар сарын 28-ны өдрийн дотор ирүүлэх, 2022 оны долдугаар сарын 28-ны өдрийн дотор Гэрээний хороонд хүргүүлэхэд холбогдох талууд анхаарч ажиллах шаардлага бий

Эрүүдэн шүүх гэмт хэргийн нэр томьёог өнөөдрийг хүртэл Эрүүгийн хуульд оновчтой тодорхойлоогүй

            Дараа нь Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын талаар танилцууллаа. Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээ авах; Эрүүдэн шүүх үндэслэл байвал албадан гаргахгүй, шилжүүлэн өгөхгүй байх; Шүүн таслах: гэмт хэргийг тус улсад бүртгэлтэй хөлөг онгоц буюу агаарын хөлөгт үйлдвэл; Эрүүдэн шүүхийг хориглох талаар бүрэн тусгах; Мэдэгдэл хийх үндсэн үүрэг бүхий тус конвенц нь 1984.12.10-ны өдөр батлагдсан. Монгол Улс конвенцыг 2000.11.02-ны өдөр соёрхон баталж, 2002.02.23-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон. Энэ конвенцын хэрэгжилтийн 3 тайланг манай талаас хүргүүлж байсан байна, анхаарах нэг зүйл бий гэдгийг Ц.Мөнх-Оргил гишүүн хэллээ.

            Конвенцод эрүүдэн шүүх гэмт хэрэг нь ямар бүрэлдэхүүнтэй байдаг вэ гэдгийг нарийвчлан заасан байхад өнөөдрийг болтол тэр томьёолол бүтэн хэлбэрээрээ манай улсын Эрүүгийн хуульд ороогүй байгааг тэмдэглэсэн. Конвенцод “… төрийн албан хаагч, түүний даалгавар, дохио зангаа, дэмжлэгтэйгээр гуравдагч этгээд эрүүдэн шүүхийг …” гээд байгаа, гэтэл 2008 оны Эрүүгийн хуульд “… гуравдагч этгээд…” гэж нэр томьёо байгаагүй, 2015 оны Эрүүгийн хуульд энэ нэр томьёог оруулсан хэдий ч өөрт хамааралтай асуудлаар эрүүдэн шүүлт хүлээхээс гадна бусдын гэмт хэргийн талаар мэдээлэл өгөхтэй холбоотой эрүүдэн шүүлтэд орох тохиолдлыг багтаах шаардлагатай болж байгаа гэв. Энэ мэт хуулийн чимхлүүр томьёолол, зохицуулалтууд бий гэдгийг хэлээд Хууль зүй, дотоод хэргийн сайд хуулийн төслүүдийн боловсруулалтын явцдаа нэгдэн орсон гэрээ, конвенцоо нягталж, томьёолол, зохицуулалт нь нийцэж буй эсэхийг анхаарч ажиллаарай хэмээн Ц.Мөнх-Оргил гишүүн хүслээ.

        Монгол Улс Эрүүдэн шүүхийн нэмэлт протоколд нэгдэн орсон бөгөөд оролцогч улс Нэмэлт протоколд нэгдэж орсноос хойш 1 жилийн дотор эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг байгуулах үүрэг хүлээдэг. Гэтэл манай улс 2014 оны арван хоёрдугаар сарын 11-ний өдөр соёрхон баталж, 2015 оны гуравдугаар сарын 14-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон атлаа эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх механизм байгуулах үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн байгааг ажлын хэсгийн тайланд дурдав. Иймд энэ конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлж, хэрэгжилтийг хангах хүрээнд Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлд заасан “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн тодорхойлолтыг Конвенцтой бүрэн нийцүүлж томъёолох шаардлагатай гэж үзсэн байна. Мөн эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх механизм буюу ХЭҮК-ын  Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтыг шуурхай эцэслэж, томилох асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо. Мөн Эрүү шүүлтийн эсрэг хорооны хувь хүн буюу бүлэг хүмүүсээс гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авч хэлэлцэх эрх хэмжээг хүлээн зөвшөөрөх; Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шүүгч, прокурор, мөрдөн шалгах эрх бүхий байгууллагын алба хаагчдад тусгайлсан хөтөлбөрөөр сургалт явуулах /агуулгыг “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөл зэргийг судалсан судалгаа, тоо баримтанд үндэслэн боловсруулах, сургалтын үр дүнг тооцдог механизмыг бий болгох/. Зохион байгуулсан сургалтад үнэлгээ хийх аргачлалыг бий болгох, хийх, хөтөлбөрийг target group-ээс хамааран ялгавартай боловсруулах; “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн статистик тоо баримтыг мөрдөн шалгах эрх бүхий болон прокурорын байгууллагын хэмжээнд нэгтгэн цуглуулж мониторинг хийх, мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлэх; Эрүү шүүлт тулгах гэмт хэрэгт өртсөн хохирогчийн эрхийг сэргээх, нөхөн олговор олгох шийдвэрлэлтийн судалгаа хийж, хууль зүйн хамгаалалтыг сайжруулах арга хэмжээ авах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэдэг дүгнэлт, санал гаргажээ.   

            Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай конвенц нь 2006 онд батлагдсан бөгөөд Монгол Улсад 2015 оноос хүчин төгөлдөр болжээ. Хүчээр алга болгохыг таслан зогсоох; Хүчээр алга болгох гэмт хэрэг үйлдсэн үед хариуцлага тооцох; Ял шийтгэлгүй үлдээхтэй тэмцэх; Хохирогчийг шударга шүүхээр хамгаалах; Хохирлыг нөхөн төлөх зэрэг үндсэн үүргийг хүлээдэг уг конвенцын тайланг Монгол Улс нэг удаа хүргүүлж байжээ.

    Монгол Улсын 2018 онд хүргүүлсэн I тайланг 2021 онд хэлэлцэж, 29 зөвлөмж өгсөн байдгийг Ц.Мөнх-Оргил гишүүн дэлгэрэнгүй танилцуулж, Эрүүгийн хууль дахь “хүчээр алга болгох” гэмт хэргийн тодорхойлолтыг конвенцад нийцүүлэх, “хүчээр алга болгох үйлдэл нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг” хэмээх конвенцын томьёоллын агуулгыг Эрүүгийн хуульдаа багтаах гэх зэрэг саналыг танилцуулж байв.

Тайлангийн дагуух зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд 

  • Эрүүгийн хуулийн 13.4 дүгээр зүйлд заасан “хүчээр алга болгох” гэмт хэргийн тодорхойлолт, субъектын хамрах хүрээг Конвенцын тодорхойлолттой бүрэн нийцүүлж томъёолох;
  • Эрүүгийн хуулийн 13.4 дүгээр зүйлд заасан “хүчээр алга болгох” гэмт хэргийг хүн төрөлхтний аюулгүй байдлын гэмт хэрэгт тооцох буюу Эрүүгийн хуулийн 29 дүгээр бүлэгт шилжүүлэн хуульчлах;
  • Конвенцод заасан “хүнийг хүчээр алга болгох” гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөлүүдийг Эрүүгийн хуульд бүрэн нэмж оруулж, хуульчлах;
  • Конвенцын 24 дүгээр зүйлд заасан (“хохирогч” гэж алга болсон хүн болон хүчээр алга болгох үйлдлийн шууд нөлөөгөөр хохирогч болсон аливаа хувь этгээдийг хэлнэ”)-тай нийцүүлж ЭХХШХ-д нэмэлт оруулах;
  • Хүчээр алга болгохын эсрэг Хорооны гомдол хүлээж авах эрх хэмжээг хүлээн зөвшөөрөх эсэхийг судлах;
  • Хүчээр алга болгох гэмт хэргийн бүрэлдэхүүнийг задлан тодорхойлж, ижил төстэй бүрэлдэхүүнтэй гэмт хэргүүдээс хэрхэн ялгаж нэг мөр ойлгох талаар шүүх, прокурор, хууль сахиулах байгууллагын албан хаагч, хуульчдад зориулан сургалт тогтмол явуулах;
  • Удирдах албан тушаалтны даалгасан хууль бус үүргийг биелүүлэхгүй байх, хариуцлага хүлээлгэхээс сэргийлэх баталгааг хууль тогтоомж, тухайлбал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зэрэгт тусгайлан хуульчлах;
  • Хүчээр алга болгох гэмт хэргийн талаар гадаад улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх /конвенцыг хэрэглэх боломжтой эсэхийг нягтлах: ЭХХШХ-ийн 42, 43, 44 дүгээр бүлэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ, гэмт этгээд шилжүүлэх гэрээ, ялтан шилжүүлэх тухай гэрээ, реадмиссийн гэрээ, албадан гаргах хууль тогтоомжид тусгасан эсэхийг нягтлах, татгалзахгүй байх, татгалзах үндэслэл болон бусад зохицуулалтыг нягтлах/ зэрэг авч арга хэмжээг авч хэрэгжүүлэх саналыг танилцууллаа.

            Эцэст нь Арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай конвенцын талаар хэрэгжилт, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх тайланг танилцууллаа. 1965 онд батлагдсан энэ конвенцод нэгдэн орсноор арьс үндсээр алагчлах үзлийг буруушаах; арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг арилгах бодлого явуулах; арьс үндсээс үл хамааран хүн бүрийн тэгш эрхийг хангах; арьс үндсээр алагчлах бүх хэлбэрийг хориглон устгах үндсэн үүргийг хүлээдэг. Монгол Улсын 1969 онд нэгдэн орж, 24 удаа тайлан хүргүүлж байжээ. Монгол Улсын 1999-2015 онд (3 удаа) хүргүүлсэн XI-XXII тайланд нийт 47 зөвлөмж өгсөн бөгөөд үүний 21 нь хэрэгжсэн бол 7 нь хэсэгчлэн хэрэгжсэн хэмээн дүгнэжээ. Харин 19 зөвлөмж хэрэгжээгүй байгааг Ц.Мөнх-Оргил гишүүн танилцуулав. Иймд

  • Арьс үндсээр ялгаварлан гадуурхалтыг хориглосон бие даасан хууль эсхүл, Эрүүгийн хуулийн тодорхойлолтыг сайжруулах;
  • Эрүүгийн хуулийн 14.1 дүгээр зүйлд заасан “ялгаварлан гадуурхах” гэмт хэргийн тодорхойлолт, субъектыг Конвенцын тодорхойлолттой бүрэн нийцүүлж томъёолох, гэмт хэргийн зүйлчлэлд арьс үндсээр ялгаварлан гадуурхалтыг дэлгэрүүлэх, өдөөн турхирах, санхүүжүүлэх болон бусад байдлаар туслалцаа үзүүлэх үйлдлийг нэмж оруулах;
  • Конвенцын тодорхойлолттой нийцүүлэн арьс үндсээр ялгаварлан гадуурхах, үзэн ядсан үг хэллэгийг гэмт хэрэгт тооцох, хариуцлага оногдуулах;
  • Арьс үндсээр алагчилах үзлийг устгах Хорооны хувь хүн буюу бүлэг хүмүүсээс гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авч хэлэлцэх эрх хэмжээг хүлээн зөвшөөрөх эсэхийг шийдвэрлэх;
  • НҮБ-ын ЕА-н зүгээс Хороог санхүүжүүлэх тухай Конвенцын нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах;
  • Ялгаварлан гадуурхах явдлын эсрэг тодорхой хугацаанд авсан арга хэмжээний үр дүнг тодорхойлох нарийвчлан статистик мэдээлэл цуглуулах аргачлалыг бий болгож, батлах (үүнд, хүн амын бүтцэд орж буй өөрчлөлт, үндэстэн угсаатны талаарх статистик мэдээллийг нарийвчлалтай, дэлгэрэнгүй гаргах);
  • Орогнол хүсэгчдийн ялгаварлан гадуурхагдахгүй байх эрхийг баталгаажуулах талаар бодитой арга хэмжээ авах;
  • Арьс үндсээр алагчлахтай тэмцэх талаар төрийн албан хаагч, шүүх, прокурор, хууль сахиулах байгууллагын албан хаагчдад зориулсан сургалтын хөтөлбөр бий болгох, сургалтыг тогтмол зохион байгуулах, үр дүнг тодорхойлох үнэлгээний аргыг боловсруулах, үнэлгээнд суурилж сургалтын хөтөлбөрийг шинэчлэх тогтолцоог бүрдүүлэх;
  • Арьс өнгөөр алагчлах үзэл, хэт үндсэрхэг, нео-нацист бүлгэмүүдтэй тэмцэх талаар иргэд, олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах, Төрийн бус байгууллагын тухай хуулийг шинэчлэн боловсруулах;
  • Төрийн болон захиргааны байгууллагын шийдвэр гаргах түвшинд үндэстний цөөнх зохих ёсоор төлөөлөлтэй байх нөхцөлийг бүрдүүлэх;
  • Ээлжит 25-27 дугаар нэгтгэсэн тайлангийн төслийг 2022 оны наймдугаар сарын 5-ны ХЗБХ-нд ирүүлэх, есдүгээр сарын 5-ны өдрийн дотор Гэрээний хороонд хүргүүлэх зэрэг арга хэмжээг цаашид авч хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн санал боловсруулсан байна.

   Ийнхүү дөрвөн конвенцын талаарх мэдээллийг хүргээд “Нийгмийн бодлогын, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодод ажлын хэсгийн мэдээллийг тус бүр танилцуулсны дараа Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж, дээрх асуудлуудыг тусгах саналтай байна” гэлээ.

Сэтгэгдэл