
Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.05)-ийн нэгдсэн хуралдаан Төсвийн байнгын хороо хуралдаж дуусах хугацаанд завсарлаад, үргэлжлэн хуралдав.

Тус Байнгын хороо энэ сарын 02-ны өдрийн хуралдаанаараа 2026 оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэж, санал дүгнэлт, зарчмын зөрөөтэй саналын томьёоллыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Төсвийн байнгын хорооноос бэлтгэсэн зарчмын зөрүүтэй зарим саналтай холбогдуулан гурав дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах шаардлагатай гэж үзэн буцаасан юм. Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар гурав дахь хэлэлцүүлгийг дахин явуулж, чуулганы нэгдсэн хуралдаанаас буцаасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураалт явуулжээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн байнгын хорооноос бэлтгэсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргааны тэтгэмж, Боловсролын зээлийн сангаас олгох 3500 гаруй оюутны сургалтын төлбөртэй холбоотой зарчмын зөрүүтэй таван саналаар санал хураалт явууллаа. Зарчмын зөрүүтэй саналуудыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 05 дугаар дүгнэлтийн талаарх Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг уншиж сонсголоо гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.