
УИХ-ын гишүүн Ө.Шижир нарын 46 гишүүн төрийн өмчит компаниудын 2016–2026 оны төсөв, орлого, зарцуулалтыг хянан шалгах Түр хороо байгуулах тогтоолын төслийг УИХ-ын дарга С.Бямбацогтод аравдугаар сарын 6-нд өргөн мэдүүлжээ. Тогтоолын төсөлд УИХ-ын 47 гишүүн гарын үсэг зуржээ.
Төслийн дагуу Түр хороо зургаан сарын хугацаанд ажиллаж, төрийн өмчит компаниудын төсөв, орлого, зардал, удирдлагын зардал, хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр болон бүтцийн өөрчлөлтийг шалгана. Нотлох баримтыг шинжилж, нээлттэй сонсгол зохион байгуулан, тайлангаа УИХ-ын 2026 оны намрын чуулганы хугацаанд танилцуулахаар тусгажээ.
Түр хороонд парламентын олонх, цөөнхийн төлөөлөл тус бүр дөрвөн гишүүн ажиллахаар төсөлд заасан байна.
Төсөл санаачлагчид төрийн өмчит компаниуд жилд 20 гаруй их наяд төгрөг зарцуулдаг ч энэ мөнгө улсын төсвийн хяналтаас гадуур үлдэж байгааг онцолжээ. Мөн төрийн өмчит 1,273 хуулийн этгээдийн 508 нь санхүүгийн тайлангаа ирүүлээгүй, зарим компани нэг төгрөгийн орлого олохын тулд 5–6 төгрөгийн зардал гаргаж байгааг төслийн танилцуулгад дурдсан байна.
Түр хороо байгуулагдвал төрийн өмчит компаниудын сүүлийн арван жилийн зарцуулалтыг нэгтгэн шалгаж, үр ашиггүй зардал болон хяналтын сул талыг тогтоон, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах юм.