
Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2026.10.16) “Их засаг" танхимд 09.31 цагт 78.75 хувийн ирцтэй эхэлж Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцлээ. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Д.Пүрэвдаваа, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Тулга, Б.Баярбаатар, С.Цэнгүүн, С.Эрдэнэболд, П.Сайнзориг, Б.Пүрэвдорж, О.Номинчимэг, О.Алтангэрэл, Л.Мөнхбаатар, Л.Соронзонболд, Ц.Сандаг-Очир, Дав.Цогтбаатар, С.Одонтуяа, М.Нарантуяа-Нара, Д.Ганбат, Ж.Баярмаа, Д.Батлут, Э.Батшугар нар хүрэлцэн ирж оролцсон. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийсэн сонсголын тайланг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцуулсан.
Хаалттай хуралдаанаар нэр дэвшигч тус бүрээр тухайн албан тушаалд тавигдах шаардлага хангасан эсэх талаар санал хураалт явуулахад нэр дэвшигч Б.Амартүвшинг 9, Б.Даваажавыг 7, Г.Эрдэнэбулганыг 4, Ч.Отгонсүрэнг 2 гишүүн “шаардлага хангасан” гэж үзсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10.1-д заасны дагуу нууц санал хуралт явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Нууц санал хураалтад байнгын хорооны 22 гишүүн оролцож, нэр дэвшигч Б.Амартүвшин 90.9, Б.Даваажав 59.1 санал авлаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.