
УИХ дахь Ардчилсан намын бүлэг төсвийн алдагдлыг бууруулж, зардлыг Төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэхийг шаардлаа. Бүлгийн дарга Б.Түвшин өнөөдөр буюу 10 сарын 22-ны "4:11 мэдээллийн цаг"-аар төсвийн алдагдлыг анх төлөвлөсөн 1.7 их наяд төгрөгөөс хэтрүүлэхгүй байх ёстойг онцлов. Засгийн газар алдагдлыг 2.3 их наяд төгрөгт хүргэж, төсвийн хүрээнээс давсан 7 их наяд төгрөгийн зардал оруулж ирсэн гэж тэрбээр мэдэгдсэн юм. Төсөвтөө тааруулан төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчилж байгааг УИХ дахь АН-ын бүлэг эсэргүүцэж буй аж.
Мөн Оюутолгойгоос орж ирэхээр төлөвлөсөн 3 их наяд төгрөг ногдол ашиг мөн эсэх, орлого нь баталгаатай эсэхийг эхлээд нягтлах шаардлагатай гэж сөрөг хүчин үзэж байна. Компанийн ногдол ашиг хуваарилах шийдвэр, санхүүгийн тайлан, бүртгэлийг шалгаж, ногдол ашиг болох нь тогтоогдвол хүчин төгөлдөр хуулийн дагуу Баялгийн санд төвлөрүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгааг бүлгийн дарга Б.Түвшин хэллээ. Харин нэгэнт Баялгийн санд ороод ирсэн нөхцөлд зарцуулалтыг ард нийтээс санал асуух гэх мэтээр хэрхэн зарцуулахыг шийдэх боломжууд байгаа гэж үзэж байна.
Тиймээс ч АН-ын бүлэг Засгийн газрын өргөн мэдүүлсэн Баялгийн сангийн тухай хуулийн өөрчлөлтийг дэмжихгүйгээ мэдэгдэв. Харин УИХ-ын гишүүн Л.Гантөмөр ногдол ашгийг иргэдэд олгож, төрийн эзэмшлийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх санаачилгаа танилцуулсан бөгөөд Оюутолгойн ногдол ашгаар Засгийн газаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.