Нөмрөгийн ДЦГ-ын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26

Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийн хохирлыг тогтоож буй орон нутгийн ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх дэд ажлын хэсэг байгуулахаар боллоо. Үнэлгээнд ургамал, хөрс, ус, амьтанд учирсан шууд хохирлоос гадна экосистемийн нөхөн сэргэх боломж, урт хугацааны үр дагаврыг тооцох юм.

Мөн түймэрт өртөөгүй хэсэгт зэрлэг амьтдын төвлөрөл нэмэгдсэнийг хээрийн баг тогтоожээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир эдгээр амьтныг өвлийн хүнд нөхцөлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх биотехникийн арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх чиглэл өгсөн байна.

Халхгол сумын Засаг даргын аравдугаар сарын 15-ны захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг газар дээр нь үнэлгээ хийж байгаа ч газар нутгийн онцлог, цаг агаараас шалтгаалан зарим байршилд газраар хүрэх боломжгүй байгаа аж.

Дэмжлэг үзүүлэх дэд ажлын хэсгийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр ахална. Тус баг техник хэрэгсэл, хүн хүч, цахилгаан хангамж болон мэргэжил, арга зүйн туслалцааг зохион байгуулж, байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах үүрэгтэй.

Нөмрөгийн дархан цаазат газар нь Хянганы өвөрмөц экосистем, ховор болон нэн ховор ургамал, амьтны амьдрах орчныг хамгаалдаг. Иймээс хохирлын үнэлгээг зөвхөн шатсан талбайгаар хязгаарлахгүй, байгальд үлдэх урт хугацааны нөлөөг хамруулан хийхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл