Парламентын нээлттэй байдлыг сайжруулах Азийн бүс нутгийн хуралд Монгол Улсын төлөөлөл оролцож байна
2026-10-26

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, "Цогц хөгжлийн үндэсний төв"-ийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал, социологич Г.Доржтүвдэн нар парламентын ил тод байдал, хариуцлага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх Азийн бүс нутгийн хуралд оролцож байна. Аравдугаар сарын 25–27-ны өдөр Бангкок хотноо болж буй хурлын үндсэн арга хэмжээ өнөөдөр Тайландын парламентын ордонд үргэлжилж байна.

Азийн парламентын нээлттэй байдлын холбоо (AAPO)-ноос зохион байгуулж буй хурлаар улс орнуудын туршлага, парламентын үйл ажиллагааг үнэлэх арга зүй, цаашдын хамтын ажиллагааг гишүүн орнуудын төлөөлөл хэлэлцэж байгаа юм. AAPO нь парламентын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьдаг иргэний нийгмийн байгууллагуудын бүс нутгийн сүлжээ юм.

Тус холбооны гишүүн "Цогц хөгжлийн үндэсний төв" Монголд “Мэдэх эрхтэй–2” аяныг өрнүүлж, парламентын ил тод байдлыг сайжруулах 15 шаардлагыг УИХ-ын дарга С.Бямбацогтод хүргүүлээд байгаа билээ. Уг аяны зорилго нь парламент мэдээллээ нийтлэхээс гадна иргэд ойлгож, ашиглаж, үйл ажиллагаанд нь хяналт тавих боломжтой хэлбэрээр хүргэдэг болгоход чиглэж буй юм. Уг санаачилгыг дэмжиж, парламентын ил тод байдлыг сайжруулах чиглэлээр ажиллах лобби бүлэгт одоогоор УИХ-ын 10 гишүүн нэгдээд байна.

"Мэдэх эрхтэй 2" аяны шаардлага нь AAPO-ны мэдээллийн ил тод байдал, хариуцлага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой уялдаж буйгаараа онцлогтой юм. Мэдээлэл нээлттэй, хүртээмжтэй байснаар ард иргэд парламентын шийдвэрийг ойлгох, гишүүдийнхээ үйл ажиллагааг хянах, хууль тогтоох хэлэлцүүлэгт санал өгөх боломж нэмэгдэнэ.

 

Тус холбооны гол санаачилгын нэг болох Азийн парламентын нээлттэй байдлын индексийг (APOI) 10 улсын иргэний нийгмийн байгууллага, судлаачид хамтран боловсруулсан бөгөөд индексийн үр дүнг энэ удаагийн хурлаар зарлах юм. Индексээр парламентын мэдээлэл олоход хялбар, ашиглах боломжтой эсэх, парламент болон гишүүд шийдвэр, үйлдлийнхээ төлөө хэр хариуцлага хүлээдгийг мөн иргэд шийдвэр гаргах үйл явцад бодитой нөлөөлж чаддаг эсэхийг үнэлдэг.

Энэ үнэлгээ нь улс орнуудыг харьцуулахаас гадна парламентын үйл ажиллагаанд ямар өөрчлөлт хэрэгтэйг баримтаар тодорхойлох зорилготой. "Цогц хөгжлийн үндэсний төв" уг хамтын ажиллагаагаар бусад орны туршлагаас суралцаж, Монголын парламентын нээлттэй байдлыг нийтлэг арга зүйгээр үнэлэх боломжийг өргөжүүлэн ажиллаж байна.

Сэтгэгдэл