
Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны өнөөрийн хамтарсан хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Жаргалан 2027 оны төсвийн төслийн хэлэлцүүлэгтэй холбоотойгоор парламент Засгийн газрын хуулийн хэлтэс мэт ажиллаж байгааг шүүмжиллээ.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан Засгийн газар хуулийн төслөө анхнаас нь бодитой, оновчтой боловсруулахгүй байгаагаас парламент тэдгээрийг засаж сайжруулдаг “хуулийн хэлтэс” шиг болж хувирсныг шүүмжиллээ. Тэрээр өнөөдөр /2026.10.27/ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах төслийг хэлэлцэх үеэр энэ байр суурийг илэрхийлэв.
Б.Жаргалан, Г.Лувсанжамц, О.Батнайрамдал нар төсвийн сахилга батыг сахиулах үүднээс төслийг хууль санаачлагчид нь буцаах санал гаргасан ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ингэснээр төслийн анхны хэлэлцүүлгийн санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Засгийн газар уг төслийг 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн юм. Оюу толгойгоос авахаар тооцсон гурван их наяд төгрөгийн ногдол ашгийн орлогыг төсөвт төвлөрүүлж, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөжээ. Гэвч ногдол ашгийг зарцуулахтай холбоотой Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай төслөө аравдугаар сарын 23-нд татсан тул түүнтэй холбоотой заалт, дагаж мөрдөх хугацааг өөрчлөх санал боловсруулснаа Ажлын хэсгийн ахлагч Ж.Батжаргал танилцуулсан байна.

Хэлэлцүүлгийн үеэр Б.Жаргалан төсвийг тэлэх нь дангаараа улс орны хөгжлийг авчрахгүй, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжраагүйг хөндөв. Мөн Ц.Даваасүрэн төсөв хэлэлцэх бүрдээ Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчилдгийг шүүмжилж, Б.Мөнхсоёл хуулийг олон дахин засварлах нь үр дүнтэй бус байгааг дурджээ.
Эх сурвалж: УИХ-ын Нээлттэй парламентын газар