
Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр нараас 2026 оны долдугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны мягмар гарагийн буюу 10 дугаар сарын 27-ны хуралдаанаар явуулав.
Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр хуулийн төслийн талаар танилцуулахдаа, цахим орчинд хүүхдийн хувийн мэдээлэл болон дүрс бичлэгийг зөвшөөрөлгүй ашиглах, хүүхдийг зохисгүй харилцаанд татан оролцуулах зэрэг эрсдэл нэмэгдсээр байгаа нь хуулийн төсөл боловсруулах үндэслэл болсныг дурдсан юм. Хүүхдийг эрсдэлээс хамгаалахдаа зөвхөн хориг, хязгаарлалт тогтоох бус тэдний эрх, эцэг эхийн үүрэг, нийгмийн сүлжээний болон харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгчийн хариуцлага, төрийн үүргийг тодорхой болгосон цогц зохицуулалт шаардлагатай гэж үзсэн байна.
Хуулийн төсөлд 13 хүртэлх насны хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгэл үүсгэж, хэрэглэхийг хориглох, 13-16 насны хүүхдэд зохистой хэрэглээний болон аюулгүй байдлын хамгаалалтын тохиргоотой ашиглуулах зохицуулалтыг тусгажээ. Мөн эцэг эхийн хяналт тавих боломжийг бүрдүүлэх, хүүхдийн хувийн мэдээллийг хамгаалах, хориотой болон хүүхдэд хортой агуулгаас сэргийлэх технологийн хамгаалалт зэрэг агуулгыг оруулсан байна.
Монгол Улсад оршин суугаа хүүхэд харьяаллаас үл хамааран хамрагдаж, нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч этгээд, төрийн байгууллага, эцэг эх асран хамгаалагч, боловсролын байгууллагууд зэрэг хүүхдийн оролцоотой ихэнх байгууллагууд хуулийн үйлчлэлд хамрагдана гэдгийг хууль санаачлагч дурдав.
Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаярын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа хариуцлагын механизмыг хуулийн төсөлд тодорхой тусгасан эсэх, хүүхдэд хортой агуулга түгээсэн болон үүргээ биелүүлээгүй платформуудад ямар хариуцлага тооцох тухай, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа хувийн мэдээллийг хэрхэн хамгаалах, сургуулиудын дэд бүтэц, багш нарт нэмэлт ачаалал үүсэх эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат VPN ашиглан хязгаарлалтыг тойрох боломж байгаа эсэх, цахим тоглоом, цахим залилан болон хүүхдийн хүмүүжилд цахим орчин ямар нөлөө үзүүлж байгаа талаар асууж хариулт авсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардал, мөн олон улсын платформуудтай хамтран ажиллах болон хэрэглэгчийн насыг баталгаажуулах технологийн шийдлийн талаар тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа хүүхдийн эсрэг цахим гэмт хэрэг, бэлгийн дарамт, цахим халдлагын өнөөгийн нөхцөл байдлын талаар, Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун Meta, TikTok, Telegram, Discord зэрэг олон улсын платформуудтай Монгол Улс хэрхэн хамтарч ажилладаг тухай, Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал нийгмийн сүлжээний тодорхойлолт, насны ангилал, утасны дугаараар баталгаажуулах аргачлал, түүний үндэслэлийн тухай тодруулсан юм.
Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг хүүхдийг цахим орчны эрсдэлээс хамгаалах эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай болсон гэдгийг дурдаж, үүнд эцэг эхийн хяналт, боловсрол, платформуудын хариуцлагыг сайжруулах асуудал чухал гэдгийг тэмдэглэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа, Ж.Баясгалан нар хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэн, цахим дээрэлхэлт, цахим дарамт нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд хүүхдийг хамгаалах бодлогын анхны том алхам болно гэдгийг тэмдэглэлээ.
Хууль санаачлагчдыг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин нар Улсын Их Хурлын гишүүдийн асуултад тодорхой хариулт өглөө. Хуулийн төслийг Зөрчлийн тухай, Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох хуулийн зохицуулалттай уялдуулсан талаар тодорхой тайлбар өгч, хариуцлагын механизм, насны баталгаажуулалтын технологи, цахим гэмт хэргийн төлөв байдал, олон улсын платформуудтай явуулж буй хамтын ажиллагаа, яриа хэлэлцээ, гарц шийдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих, эсэх талаар санал хураалт явуулахад Байнгын хоорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.