Боловсролын салбарын багш, ажилчдын нийгмийн баталгааны талаарх Л.Энх-Амгалан сайдын мэдээллийг сонсож, хэлэлцэв
2026-10-28

ИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны мягмар гарагийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатаас Боловсролын сайдад хандаж тавьсан багш, ажилчдын нийгмийн баталгааны талаарх асуултын хариуг сонслоо.

2025 оны судалгаагаар багш, ажилтнуудын 53 хувь нь өөрийн орон сууцгүй, дийлэнх нь орон сууцны санхүүгийн дэмжлэг шаардлагатай байгаа гэсэн дүгнэлт гарсныг Боловсролын сайд Л.Энх-Амгалан танилцуулж, 2024-2025 онд 1,149 багш, ажилтныг орон сууцны хөтөлбөр, түрээсийн орон сууцны дэмжлэгт хамруулсан талаар мэдээлэв. Үүний хүрээнд төрийн өмчийн түрээсийн орон сууцны квотын 20 хувийг багш, эмч нарт олгохоор зохицуулсан байна.

Улсын хэмжээнд 2,742 багш дутагдалтай байгаагийн 1,290 нь орон нутагт ногдож буйг тэрбээр дурдаад, багшийн хүртээмж, тогтвор суурьшлыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Багшийн гурван тулгуурт бодлого”-ыг тайлбарласан юм. Боловсролын салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, англи хэлний сургалтын чанарыг сайжруулах, багш нарыг чадавхжуулах талаар хэрэгжүүлж буй бодлого, үйл ажилагааны талаар ярилаа.

Боловсролын сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа, Ж.Галбадрах, О.Саранчулуун, Б.Хэрлэн нар асуулт асууж, хариулт авч, мөн байр сууриа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын гишүүд багшийн тэтгэврийн сангаар ипотекийн зээлийн урьдчилгаа төлөх боломж, Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадын их, дээд сургуульд төгсөгчид эх орондоо эргэн ирж ажиллаж байгаа эсэх, өндөр оноотой элсэгчдийг багшийн мэргэжлээр сургаж, төрөлх сургуульд нь ажиллуулах, багш нарыг гадаадад мэргэжил дээшлүүлэх, багшийн хомсдлын бодит тоог нягтлах, Боловсролын зээлийн сангийн эргэн төлөлт, харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сурах бичгийн тоо, сургуулийн үдийн хоолны хөтөлбөрийн хэрэгжилт, багш нарын ачаалал, илүү цагийн үнэлгээ, эрүүл мэндийн үзлэг, эцэг эхээс ирдэг дарамт зэрэг олон асуудлыг хөндөж байлаа.

Асуулт тавьсан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат багшийн цалин, орон сууц, мэргэжил дээшлүүлэх зэрэг асуудал боловсролын салбарын гол бэрхшээл хэвээр байгааг тэмдэглэж, ипотекийн зээлийн тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх, Боловсролын хөгжлийн сангаар багш нарыг гадаадад түлхүү сургах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Мөн англи хэлний багш нарыг олон улсын түвшинд хүргэх бодлогыг эрчимжүүлэх шаардлагатайг сануулав.

Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар хэлэлцүүлгийг дүгнэж, багш нарын орон сууцны хүртээмж, нийгмийн баталгааг нэмэгдүүлэх, ипотекийн болон бусад санхүүжилтийн боломжийг өргөжүүлэх шаардлагыг онцлоод, Боловсролын зээлийн санг Хөгжлийн сан болгон өөрчилж, багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэхэд чиглүүлэх нь зөв гэлээ. Мөн багш, ажилчдын цалин хөлсийг ажлын гүйцэтгэл, сургалтын чанартай уялдуулах, нийгмийн баталгааг бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилтнуудад цогцоор нь хэрэгжүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг зөвлөв гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

 

 

 
 
 
Сэтгэгдэл