
Засгийн газраас төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж буй. 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс эрүүл мэндийн салбарын эмч, ажилтны үндсэн цалинг 30%, боловсролын салбарын багш, ажилтны үндсэн цалинг 50%, шинжлэх ухааны ажилтны үндсэн цалинг 15% тус тус нэмэгдүүлсэн.
Засгийн газрын өнөөдрийн (2026.10.28) хуралдаанаар энэ онд цалин нэмэгдээгүй соёл, спорт, цаг уур, орчны шинжилгээ, стандарт, хэмжил зүй зэрэг төрийн мэргэжлийн үйлчилгээний болон жолооч, манаач, цахилгаанчин зэрэг төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо. Тогтоолыг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ.
Энэ арга хэмжээний хүрээнд эрүүл мэнд, шинжлэх ухаан, соёл, спорт болон төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалинг 2025 оны түвшинтэй харьцуулахад 50 хувиар нэмэгдүүллээ.
Ингэснээр эрүүл мэндийн салбарын 28,142 эмч, ажилтан, соёл, урлаг, спортын салбарын 5,707 албан хаагч, шинжлэх ухааны салбарын 1,610 ажилтан, бусад салбарын төрийн үйлчилгээний 16,395 албан хаагч, нийт 52 мянган төрийн үйлчилгээний албан хаагчийн цалин дунджаар 477.0-903.0 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Үүнд шаардагдах 170.1 тэрбум төгрөгийг Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголд тусган батлуулсан.
Төрийн тусгай болон төрийн захиргааны албан хаагчдын үндсэн цалинг 2027 оны II улирлаас 20хувиар, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгаад байна.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан иргэн, 16 насанд хүрсэн одой иргэн, тэжээгч нь нас барсан хүүхэд, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэгт олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн сарын хэмжээг 600 мянган төгрөгөөр, асаргааны тэтгэмжийг 370 мянган төгрөгөөр, байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг 524 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо.
Тогтоолыг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ.
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хуулийн төсөлд иргэний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх хүрээнд дараах зарчмын шинжтэй асуудлыг тусгажээ.
1.Цахим орчинд нотариатын үйлчилгээ авах зайн гэрчлэлтийн зохицуулалтыг тусгалаа.
Зайн гэрчлэлтээр гэрээ, хэлцэл гэрчлэх, итгэмжлэл гэрчлэх, гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх нотариатын үйлдлийг хийхээр тусгажээ. Гэрээслэл, өв залгамжлал, эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой үйлдлийг зайн гэрчлэлтээр хийхгүй байхаар тусгажээ.
Зайн гэрчлэлтийг нэвтрүүлснээр Иргэний хуульд заасан цахим хэлбэрээр хэлцэл байгуулах зохицуулалтыг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний цахимжилтийг дэмжих, гадаад улсад болон алслагдсан бүс нутагт амьдардаг иргэд нотариатын үйлчилгээг байгаа газраасаа авах боломжийг бүрдүүлнэ.
2.Нотариатчийн нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, төрөөс зорилтот бүлгийн иргэдэд ээлтэй бодлого хэрэгжүүлэх хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настны гэрээслэл, өв залгамжлал, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой нотариатын үйлдлээс бусад үйлчилгээний хөлсийг хөнгөлөх, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэрч, хохирогч, зарим хүнд гэмт хэргийн хохирогч, төлбөрийн чадваргүй зэрэг хүн хууль зүйн туслалцаа авахтай холбогдуулан итгэмжлэл гэрчлэх, баримт бичгийн хуулбар гэрчлэх нотариатхийлгэхэд үйлчилгээний хөлс, зардлаас чөлөөлөхөөр тус тус тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар нотариатын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт боловсронгуй болж, нотариатын үйлчилгээ иргэн, хуулийн этгээдэд ойртож, шуурхай байдал, зорилтот бүлгийн иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмж сайжирч, иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах боломж нэмэгдэнэ гэж үзэж байна.