АН: Эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж буй асуудлаар хяналтын сонсгол явуулна
2026-10-29

Эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж буй практиктай холбогдуулан ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах шаардлагатай гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдэгдлээ. Тус бүлгийн үзэж буйгаар 2022 онд хуулиар хүчингүй болгосон эрх хэмжээг давж заалдах болон хяналтын шатны шүүх үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа аж.

Өнөөдөр /2026.10.29/ болсон АН-ын “4:11 мэдээллийн цаг”-аар бүлгийн дарга Б.Түвшин мэдэгдлийг танилцуулав. Тэрбээр Монголын Хуульчдын холбооны албан бичгийг эшлэн, 2024–2025 онд Улсын дээд шүүх 109, давж заалдах шатны шүүхүүд 1,484, нийт 1,593 хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан талаар мэдээллээ.

АН-ын бүлэг хэргийг шат шатны шүүхийн хооронд дахин дахин шилжүүлэх нь иргэдийн зохистой хугацаанд, шударгаар шүүлгэх эрхэд сөргөөр нөлөөлж байна гэж үзжээ. Үүний жишээнд 2022 оны сүүлчээр шүүхэд шилжсэн ч эцэслэн шийдвэрлэгдээгүй “Хөгжлийн банкны” хэргийг дурдсан байна.

УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийн хэлснээр, сонсголоор хуулийн хийдэл байгаа эсэх, эсвэл шүүх хуулиар олгоогүй эрх хэмжээ хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулах зорилготой. Тэрбээр энэ асуудал зөвхөн нэг улстөрчийн хэрэг бус, олон хэргийн оролцогч, тэдний гэр бүлийн эрх ашигтай холбоотойг онцлов.

Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин шүүх хэрэг буцаах замаар төвийг сахих үүргээсээ хазайж, яллагчийн чиг үүрэг хэрэгжүүлж байна хэмээн шүүмжилсэн. Тэрбээр хууль зөрчсөн шүүгчдэд хариуцлага тооцох, цаашлаад огцруулах буюу “импичмент” хийх асуудлыг УИХ авч үзэх санал гаргалаа.

АН-ын бүлэг сонсголоор 2022 онд баталсан хуулийн хэрэгжилт, үр нөлөөг дүгнэхээр байр сууриа илэрхийлсэн бөгөөд сонсголын товыг мэдээлээгүй байна.

Сэтгэгдэл