
Техникийн гэмтлийн улмаас бүрэн зогссон Дарханы дулааны цахилгаан станцыг Төвийн бүсийн эрчим хүчний системээс хүчдэл авч сэргээн, Дархан-Уул аймгийн ихэнх хэсгийн дулаан, цахилгаан хангамжийг хэвийн горимд шилжүүллээ. Аравдугаар сарын 30-ны мэдээллээр станцын ажиллагааг бүрэн хэвийн болгох ажил 70 хувьтай байна.
Тус станцад аравдугаар сарын 29-ний 20:56 цагт гэмтэл гарчээ. Урьдчилсан дүгнэлтээр ерөнхий хуваарилах байгууламжийн вакуум таслуур гэмтэж, гал гарах нөхцөл үүссэн байна. Хамгаалалтын систем автоматаар ажиллаж, гэмтэл даамжрахаас сэргийлэн станцын тоноглолуудыг бүхэлд нь зогсоожээ. Улмаар гэмтсэн хэсгийг тусгаарлаж, ажиллагааг сэргээсэн байна.
Станцын ерөнхий инженер Б.Батжаргалын мэдээлснээр өвөлжилтийн бэлтгэлийг хангасан ч тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа дуусаж, ачаалал хэвийн хэмжээнээс 2–3 дахин өндөр байгаа нь цаашид эрсдэл үүсгэж болзошгүй аж. Гүйцэтгэх захирал М.Жаргалсайхан гэмтлийг станцын насжилттай холбон тайлбарлаж, тоног төхөөрөмжийг шинэчлэх, Дарханд шинэ дулааны цахилгаан станц барих хэрэгцээ байгааг хэллээ.
Аравдугаар сарын 30-нд газар дээр нь ажилласан Шадар сайд Н.Номтойбаяр дахин гэмтэл гарахаас сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэгийн жагсаалт, зардлын тооцоог нэгтгэн танилцуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ. Мөн Засгийн газар, Улсын онцгой комиссоос үзүүлэх дэмжлэгийг тодорхойлохыг чиглэл болгосон байна.
1965 онд ашиглалтад орсон Дарханы дулааны цахилгаан станц нь Дархан хотын дулаан хангамжийн үндсэн эх үүсвэр юм.