Г.Ёндон: Хайгуулын тусгай зөвшөөрлийн тоог 3-4 дахин нэмэгдүүлнэ
2022-04-01

              УИХ-ын чуулганы хуралдаанд эрдэс баялгийн салбарын хөгжлийн бодлого, шинэчлэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцуулга хийж, гишүүдийн асуултад хариуллаа.

               Тэрбээр “Өнөөдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын дийлэнх хувийг эзэлдэг нүүрсний хэрэглээ цаг уурын өөрчлөлт, агаарын бохирдол, эрчим хүчний сэргэлтээс үүдэж буурах хандлагатай байна. Түүнчлэн ирээдүйд дэлхийн сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машины хэрэглээ нэмэгдсэнээр зэсийн хэрэглээ 2-3 дахин өсөж, газрын ховор элементийн хэрэглээ 6-7 дахин нэмэгдэх хандлагатай байгаа бол гангийн хэрэглээ 2050 онд 1.5 дахин өсөх төлөвтэй байна. Дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлт, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад гол анхаарлаа хандуулж буй энэ цаг мөчид хөрөнгө оруулагчид өөрсдийн үйл ажиллагаандаа ESG буюу байгаль орчин, нийгэм болон засаглалын шалгуурын амлалтын талаар тайлагнах асуудлыг цогцоор нь тусгах болсон. Ингэснээр хөрөнгө оруулагчдад урт хугацааны үр ашигтай, тогтвортой, харилцан ашигтай үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэнэ. Эрдэс баялгийн түүхий эдийн дэлхийн чиг хандлага, эрэлт, хэрэгцээнд тулгуурлан салбарын бодлогыг “хайгуул-олборлолт-боловсруулалт-борлуулалт-хуваарилалт” гэсэн зарчмаар тодорхойлж байна. Энэхүү бодлогын хүрээнд холбогдох хууль эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн дотоодын олборлолт, боловсруулалтыг эрчимжүүлж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гадаад зах зээлд нээлттэй, ил тод, худалдах зарчмыг баримтлан ажиллаж байгаа” гэв.

УУХҮ-ийн сайдын танилцуулгад дурдсан онцлох мэдээллээс танилцуулъя.

  • Геологи-хайгуулын ажлын үр дүнд өнөөдрийн байдлаар улсын нэгдсэн тоо бүртгэлд экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс 69.4 сая тн, нүүрс 33 тэрбум тн, төмөр 1.7 тэрбум тн, алт 1586 тн, молибден 1.5 сая тн, гянтболд 0.5 сая тн, хайлуур жонш 30.2 сая тн, газрын тос 386.7 сая тн бол бусад стратегийн ашигт малтмал болох уран 156.6 мянган тн, газрын ховор элемент 14.5 сая тн геологийн нөөц тогтоогдож бүртгэгдсэн байна.
  • Төрөөс эрдэс баялгийн салбарт хэрэгжүүлж буй урт, дунд, богино хугацааны бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахаар сүүлийн жилүүдэд  жил бүр дунджаар 15 орчим шинэ төсөл зарлан, тухайн жилдээ үргэлжилж буй төслүүдтэй нийт 50 орчим төсөл хэрэгжүүлж, 23-25 тэрбум төгрөгийн геологийн судалгааны ажил гүйцэтгэж байна. 
  • Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажилд зарцуулах санхүүжилтийг тогтмол нэмэгдүүлж, 2022 онд  27.7 тэрбум төгрөг, 2023 онд 45.3 тэрбум төгрөг зарцуулан Монгол орны суурь судалгааны ажлыг эрчимжүүлснээр ашигт малтмалын хэтийн төлөвийг үнэлэн цаашид хайгуулын ажил гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлнэ.
  • Монгол Улсын хэмжээнд хайгуулын ажлыг тусгай зөвшөөрөлтэй талбайд гүйцэтгэж байгаа бөгөөд өчигдрийн байдлаар нийт нутаг дэвсгэрийн 4% буюу 6.2 сая га талбайд ашигт малтмалын 2592 тусгай зөвшөөрөл байгаагаас 1.2% буюу 1.8 сая га талбайд 1692 ашиглалтын, 2.8% буюу 4.4 сая га талбайд 900 хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.
  • 2011 онтой харьцуулахад хайгуулын тусгай зөвшөөрөл 2.8 дахин, хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгө оруулалт 3.4 дахин  буурчээ.
  • Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох ажиллагааг бүрэн цахимжуулж, 2022 оны дөрөвдүгээр сараас эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг 3-4 дахин нэмэгдүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.
  • 2021 оны жилийн эцсийн байдлаар 30.1 сая тн нүүрс, 1.3 сая тн зэсийн баяжмал, 19.0 тн алт, 6.3 мян.тн молибдений баяжмал, 3.7 сая тонн төмрийн баяжмал, 118.3 мян.тн жонш, 60.3 мян.тн жоншны баяжмал, 75.2 мян.тн цайрын баяжмал, 9.2 сая тн төмрийн хүдэр олборлосон.
  •  Зэсийн баяжмалын үйлдвэрлэлийг 2.1 сая.тн-д хүргэж, 422 мян.тн катодын зэс үйлдвэрлэн экспортолно. Ган бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 630 мян.тн-д хүргэж дотоодын хэрэгцээний 60 орчим хувийг хангана.

Хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгох нь буруу гэв

            Сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дүгнэлтийг тус бүлгийн дарга Д.Ганбат танилцууллаа. Тэрбээр “Монгол Улсын нутаг дэвсгэрийн 70 хувь нь улсын тусгай хамгаалалтад багтсан. Өнөөдрийн байдлаар манай улсын нутаг дэвсгэрийн 10 хувьд нь уул уурхайтай холбоотой үйл ажиллагаа явуулж байна. Үүн дээр нэмж, 20 орчим хувьд нь уул уурхайн үйл ажиллагаа явуулах боломжтой. Тиймээс хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгох нь буруу. Уул уурхайн биржийн асуудал тэртээ 2015 онд сөхөгдөж, хуулийн төслийг нь боловсруулсан ч ажил хэрэг болгоогүй байгаа нь Монголын төр улсаа хөгжүүлэх асуудал хэчнээн хойрго ханддагийн жишээ мөн. Төр нь эдийн засагт оролцохоос аль болох татгалзаж, хөрөнгө оруулалт, бизнес, гадаад худалдааны сайн орчныг бүрдүүлэх ёстой. Тиймээс тус биржийн үйл ажиллагаа хувийн хэвшилд байх нь зүйд нийцнэ” гэдгийг онцлов.

Д.Бат-Эрдэнэ: Уул уурхайн салбарыг цаашид өмчийн хэлбэрээр хэрхэн хөгжүүлэх вэ. Сүүлийн үед гарч байгаа, зарим улсад үүсэж буй будлиан самуун нь төрийн өмчийн оролцоо их байсан, либералчлаагүйтэй холбоотой гэж шинжээчид үздэг. Стратегийн орд газар үйл ажиллагаа явуулж байгаа компанийн хувьцааны 10 хүртэлх хувийг Монголын хөрөнгийн бирж дээр арилжих зохицуулалттай хууль бий. Үүнийг хэрэгжүүлэхэд яагаад анхаардаггүй юм бэ.

Г.Ёндон: 1990-ээд оноос хойш уул уурхайн салбарт хайгуулны, олборлолтын үйл ажиллагаа эрчимжсэн. Ингэснээр хувийн хэвшил манай салбарт нэвчиж, гадаадын хөрөнгө оруулалтыг татсаны ачаар үсрэнгүй хөгжсөн. Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн, хувийн хэвшлийн, төр, хувийн хэвшлийн нийлсэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд бий. Аль алиныг нь дэмжих учиртай. Хайгуулын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийнхэн түлхүү хийдэг. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулсан, газрын баялгийн ашгаас иргэдэд тэгш хуваарилах ажлыг төр хийнэ. Дэлхий дээр маш их баялгийн сан бий. Эдгээр нь үндсэндээ төрийн бодлогыг хэрэгжүүлдэг. Төрийн эзэмшил эрдэс баялгийн салбарт зайлшгүй байх ёстой гэж үзэж байна.

Д.Бат-Эрдэнэ: Нүүрсний тээврийн зардлыг яаж шийдэх юм бэ. Нүүрсний үнэ нь 150 ам.доллар байхад тээврийн зардал нь 200 ам.доллар хүрчээ.

Г.Ёндон: Стратегийн ордуудад үйл ажиллагаа явуулдаг компанийн 10 хувийг хувьчлах нь хуульчилсан зохицуулалт. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн асуудлыг удахгүй шийднэ байх. Шийдэгдэх ёстой асуудал. Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2025 онд барьж дуусгана. Хилийн бүсүүдэд чингэлэг тээврийн терминал барих тухай тогтоолыг баталсан. Энэ нь хяналтгүй нүүрс тээврийн үйл ажиллагааг хяналтад авах зорилготой. Уг терминалыг барьснаар хилийн бүс рүү тээвэр хийдэг ажлыг уул уурхайн компаниуд өөрсдийн мэдэлд авч байгаа гэсэн үг. Ингэснээр тээврийн үнэд экспортлогчид хяналт тавих боломжтой.

Н.Алтанхуяг: Оюутолгойн ордоос өнөөдрийн байдлаар хэчнээн зэсийн баяжмал гаргаж байгаа вэ. Цэвэр зэс рүү шилжүүлбэл хэд болох вэ. Далд уурхайг ашиглалтад оруулснаар энэ тоо хэрхэн өөрчлөгдөх вэ. Зэс хайлах үйлдвэр барина гээд ярих юм. Үүнийг ямар өртгөөр босгох вэ. Оюутолгойн ордыг цаашид яах вэ?  

Г.Ёндон: “Эрдэнэт үйлдвэр” болон “Оюутолгой”-гоос гарах зэсийн баяжмалыг боловсруулах хоёр үйлдвэрийг барина. “Оюутолгой”-н зэсийн баяжмалын үйлдвэрийг барих тогтоолыг 2017 онд гаргасан. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт 460 га газрыг эзэмших эрхээ авч, ТЭЗҮ-ийг нь хийсэн. Өнөөдрийн байдлаар АНУ-ын USAID байгууллагын санхүүжилтээр хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах бичиг баримтыг боловсруулж байгаа. Эрдэнэтийн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн хувьд зураг төслийг нь БНХАУ-ын компаниар хийлгүүлсэн. Туршилтын үйлдвэрийг нь хийх зайлшгүй шаардлагатай учир үүнийг Хятадын үйлдвэртэй хамт хийж байгаа. Өнөөдрийн байдлаар Оюутолгойн ордоос 700 тн зэсийн баяжмал гаргаж байгаа. Далд уурхай нь ил уурхайгаасаа гурав дахин их агууламжтай. Далд уурхайг ашиглалтад оруулснаар зэсийн баямжмалын ыхэмжээ 2.1 сая тн болно гэсэн үг. Тус ордоос өнөөдрийн баядлаар тав орчин тонн алт гаргадаг бол далд уурхайг ашиглалтад оруулснаар энэ тоо гурав дахин нэмэгдэнэ гэв.   

 

 

Сэтгэгдэл