Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
2026-11-06

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын чуулганы Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт УИХ төсвийн тухай хууль тогтоомжийг хэлэлцэж байгаатай холбогдуулан иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг тоймлон танилцуулсан юм. Тэрбээр, Увс аймгийн Наранбулаг сумын харьяат, иргэн н.Цэрэнсодном И-Монголиа цахим ситем дэх “УИХ таныг сонсож байна” цэсээр дамжуулан парламентад хандахдаа, тендерт шалгарсан аж ахуй нэгж, байгууллага хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол “хар жагсаалт”-д оруулж, дахин ажил олгохгүй байх арга хэмжээ авахыг шаардсан байна. Энэ нь ч зөв юм, татвар төлөгчдийн мөнгийг үр дүнгүй үрэгдэх ёсгүй гэв. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулах төслүүдийг бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүйгээс олон мянган хүүхэд сурах сургууль, явах цэцэрлэггүй үлдэж, иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүйд хүрдэг, хор уршигтай тул Засгийн газрын холбогдох яамд, сайд нар анхааралдаа авч, яаралтай арга хэмжээ авах хэрэгтэйг санууллаа. Төсөвт хөрөнгөөр гүйцэтгэх ажлаа хийдэггүй, төсөвт өртгөө нэмэхийг шаардаж, гацаадаг аж ахуйн нэгжүүдийн "толгойг илээд" байх шаардлагагүй хэмээн Улсын Их Хурлын дарга онцлов. Балгас болтлоо хүлээгдсэн буюу 10 ба түүнээс дээш жилийн хугацаанд ашиглалтад ороогүй 21, таваас есөн жил өнгөрсөн ч барьж гүйцээгээгүй 140 барилга байгууламж байгааг, эдгээр нь төсвийн санхүүжилтээ нэмэгдүүлж чирэгдэл үүсгэдгийг анхааруулж, цаад учир шалтгааныг нь тогтоох үүрэг өгөв. Мөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд буй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, яаравчлахыг Ажлын хэсэгт болон ахлагч УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа нарт санууллаа.

2026-11-06 16.29.54.jpg

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Б.Бейсен, П.Сайнзориг нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн асуултад Сангийн сайд З.Мэндсайхан хариулахдаа, томоохон мега төслүүдийг голчлон гадаадын хөрөнгө оруулалтын санхүүжилтээр шийдвэрлэхээр төлөвлөсөн талаар мэдээлэл өгөв. Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг ийнхүү явуулж, зарчмын зөрүүтэй 6 саналыг дэмжих эсэх санал хураалтыг түр хойшлууллаа.

2026-11-06 16.28.05.jpg

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Чуулганы нэгдсэн хуралдаанаар, Засгийн газар 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Төслийн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Батболд илтгэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтад заасны дагуу хуралдаан даргалагчаас төслийг гүйцээн боловсруулах чиглэл өгч, улмаар УИХ-ын даргын 2026 оны 396 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд хууль хоорондын уялдааг хангаж, зарчмын зөрүүтэй санал боловсруулсныг тус Байнгын хороо хэлэлцсэн. Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх "Төслийг хууль санаачлагчид нь буцаах" саналыг дэмжсэн хэмээн танилцуулсан юм.

2026-11-06 16.28.33.jpg

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, төсвийн хөрөнгийн захиран зарцуулалтын талаар тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, эрүүл мэндийн даатгалын сангийн гүйцэтгэлийг тасалдуулахгүй, өр үүсгэхгүй байх асуудлыг хөндлөө. Сангийн яамны төлөөлөл гишүүдийн асуултад нэг бүрчлэн хариулахдаа, улсын томоохон эмнэлгүүдэд санхүүжилттэй холбоотой асуудал үүсэж байгааг онцолсон юм. Түүнчлэн ирэх онд улсын хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг саадгүй явуулахын тулд зарим эмнэлгүүдэд үүссэн асуудлыг яаралтай шийдвэрлэх, арга хэмжээ авах шаардлагатай байна гэв. Дулаан хангамж авахын тулд жил тутам зөвхөн цахим гарын үсэгт 44 мянган төгрөгийг хувийн хэвшлийн нэр бүхий гурван байгууллагын аль нэгэнд төлдөг журам үйлчилж буй нь иргэдэд дарамт учруулж байгааг анхааралдаа авч, нэн даруй таслан зогсоохыг Эрчим хүчний сайдад, уг асуудлыг ирэх 7 хоногт хянан шалгаж, шийдвэрлэхийг Улсын Их Хурлын Тамгын газар болон Эдийн засгийн байнгын хороонд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтоос санууллаа. Ингээд “Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудыг нэг бүрчлэн танилцуулж, санал хураалт явуулав. Хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

2026-11-06 16.30.05.jpg

Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд нь хяналт тавих ёстой талаар гишүүдээс үг хэлснийг хуралдаан даргалагч дэмжиж, УИХ-ын ажлын хэсгүүд энэ чиглэлд анхаарал тавих хэрэгтэйг онцоллоо. Чуулганы нэгдсэн хуралдаан баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонссоноор өндөрлөв гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл