
Оюутолгойн ногдол ашгийн талаар 10 хүн тутмын 7 нь бага зэрэг мэдээлэлтэй, эсвэл огт мэдээлэлгүй байгааг “National Opinion” үндэсний санал асуулгын 10 дугаар сарын үр дүн хариулжээ. Харин ногдол ашгийг Баялгийн санд хуримтлуулах уу, төсвөөр зарцуулах уу гэхэд 45.6% нь хуримтлуулахыг, 33.4% нь төсвөөр дамжуулан зарцуулахыг дэмжсэн байна.
Мөн Засгийн газар И-Монголиа платфомоор авсан санал асуулгын дүнгээр 95,621 оролцогчийн 79,652 нь Хуримтлалын сангаар дамжуулж ашиглах, эсвэл сандаа хадгалахыг сонгосон. Олон нийтийн санаа бодол ногдол ашгийн орлогыг хуулийн дагуу Хуримтлалын сандаа төвлөрүүлэх чигтэй байна.
Гэтэл сүүлийн өдрүүдэд Оюутолгойн ногдол ашгийг тойрсон улс төрийн хэлэлцүүлэг бэлэн мөнгөний тараалт болж хувирлаа. Ногдол ашгийн хувь заяаг хэрхэх талаар иргэдийн санал бодол, байр суурь төрийн шийдвэрт тусахгүй бололтой.
Ногдол ашгийг хуримтлуулах сонирхлоо иргэд санал асуулгаар ч, хөндлөнгийн судалгаагаар ч илэрхийлээд байтал “100 мянган хүн мөнгөө бэлнээр авахыг хүссэн” гэдэг ойлголт хаанаас гараад ирэв?
Нийтийн өргөдлийн системд иргэн Х.Оюунбилэг Оюутолгойн 3 их наяд төгрөгийн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг хувь дансанд шилжүүлэх санал оруулсныг 100 гаруй мянган хүн дэмжиж гарын үсэг зураад байгаа юм. Уг саналыг УИХ-ын дарга холбогдох байнгын хороонд хуваарилснаа хэлсэн.
Гэтэл сөрөг хүчний гишүүн Л.Гантөмөр D.Parliament-д Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалттай холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд олон нийтээс санал авч эхлээд бараг 20-иод хонож байна.
Уг тогтоолын төсөлд хоёр асуудлыг тусгасан.
Эхнийх нь, Оюутолгойн 2027 оны ногдол ашгийн орлогыг иргэдэд бэлэн мөнгөний дэмжлэг болгон олгох,
Нөгөөх нь, Оюутолгойн төрийн эзэмшлийн 34%-ийг ард иргэдэдээ үнэ төлбөргүй эзэмшүүлэх зохицуулалт бий.
Ийнхүү Оюутолгойн ногдол ашгийг тойрсон монголчуудын санал хэд хэдэн хэсэг болов.
Л.Гантөмөрийн санаачилсан төсөл дээр “Оюутолгойн хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлнэ” гэдэг саналаар цонхны цаанаас чихэр долоолгож байгаад бэлэн мөнгө тараах саналаа дэмжүүлсэн үү гэдэг хардлага ч төрж байгаа юм. Тиймдээ ч төрийн өндөрлөгүүд 100 гаруй мянган хүн бэлэн мөнгө хэлбэрээр авахаа илэрхийлсэн хэмээх ойлголтыг өгч эхлэв.
Гэтэл бодит байдал дээр Оюутолгойн 34%-ийг иргэдэд эзэмшүүлэх асуудал УИХ-ын тогтоол батлах төдийгөөр бүтдэг ажил биш. Хувь нийлүүлэгчдийн гэрээ хөндөгдөнө. Хууль зүйн бөөн процесс өрнөнө, тэр хэрээр цаг хугацаа ч орно. Магадгүй дараа дараагийн сонгуулиар санал татах өгөөш болох ч биз. Эцэстээ үнэхээр иргэддээ эзэмшүүлэх эсэх нь ч эргэлзээтэй.
Харин ногдол ашгийг иргэдэд тараах тухайд нэгэнт нийтийн өргөдөл 100 мянгад хүрсэн тулд УИХ хэлэлцэж таарна. Тэгвэл хуримтлалын сандаа авъя, бэлнээр тараахаас татгалзсан иргэдийн санал төрийн шийдвэрт хэрхэн тусах вэ! Үнэхээр айлын талаас ногдол ашгийн орлого орж ирдэг л юм бол УИХ хэлэлцэж шийдээд, Засгийн газар гүйцэтгэхэд “амархан”.
УИХ эдийн засгийн эрсдэлээ бодоод ногдол ашгийн орлогыг бэлэн мөнгө хэлбэрээр тараахгүй гэж шийдвэл ард иргэдээ үл ойшоосон мэт харагдана. Харин улс төрийн эрсдэлээ бодоод тараах шийдвэр гаргавал хариуцлагыг нь УИХ, үнийн өсөлтийг айл өрхүүд, иргэд л үүрч таарна.
Ийм л балагтай зам руу баялгийн орлогыг төрийн толгойд байгаа эрх мэдэлтнүүд чиглүүлээд байгааг анхааруулъя.