
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ цагийн малчин” төслийн оролцогчдыг хүлээн авч уулзлаа. “Шинэ цагийн малчин” реалити шоуг хувийн хэвшлийн санаачилгаар бүтээж, малчдын хөдөлмөр, мал аж ахуйн үнэ цэн, уламжлалт соёлыг нийгэмд, ялангуяа залуу үед таниулж буйд Ерөнхий сайд талархал илэрхийлээд өв соёлоо мэддэг, малчин амьдралыг ойлгож хүндэлдэг шинэ үеийг төлөвшүүлэхэд энэ төсөл чухал ач холбогдолтойг хэллээ. “Шинэ цагийн малчин” төслийн агуулгыг өргөжүүлж, үндэсний хэмжээний хөтөлбөр болгон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг тэмдэглэв.

Хөтөлбөрөөр малчны хөдөлмөрийн өгөөжийг нэмэгдүүлнэ. Махны үнэ өсөж байгаагийн цаана олон жилийн хөдөлмөр, хөрөнгө, хүч бий. Тэжээлийн үйлдвэрлэл, нөөцийг нэмэгдүүлж, бага малыг шимт тэжээлээр бордон, үүлдэр угсааг сайжруулж малаас авах ашиг шим, малчдын орлогыг өсгөхийг зорьж байна гэв. Цаг агаарын үзэгдлээс болж эрсдэлд ордоггүй, хөдөлмөрөө хөнгөвчилж, орлогоо нэмэгдүүлсэн, нутагтаа эзэн малчидтай болох цаг болсон гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
200 мянган малчин өрхийг өндөр хурдны интернэттэй холбож, үйлчилгээг нүүдэл дагуулан хүргэнэ гэлээ.