Т.Жамбаажамцыг заавал чөлөөлөх ёстой юу?
2026-11-12

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг ажлаас чөлөөлөх асуудлыг хоёр дахь удаагаа хэлэлцэхээр товлоод байна. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, санал хураахад гишүүдийн олонх дэмжээгүй. Гэтэл дахин хэлэлцүүлэхээр оруулж ирсэн нь парламент бүрэн эрхийнхээ дагуу нэгэнт шийдсэн зүйлийг дахин санал хураалгаж, заавал Т.Жамбаажамцыг чөлөөлөх ёстой мэтээр тулгаж буй нь хэр зохистой вэ? УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд томилогдох нэр дэвшигч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй бол эрх бүхий албан тушаалтан өөр хүнийг нэр дэвшүүлэхээр санал болгох бөгөөд чөлөөлөх саналыг дэмжээгүй бол уг саналыг дахин оруулж болно гэж заасан. Тодруулж хэлбэл, чөлөөлөх саналыг дэмжээгүй ч дахин оруулж ирэх нь хуулийн хувьд зөрчилгүй гэсэн үг.

Гэхдээ УИХ-ын нэгэнт хэлэлцэж шийдсэн асуудлыг дахин оруулж ирэх ямар үндэслэл, нөхцөл байдал үүссэн гэдэг нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн олонх нь нэгэнт дэмжээгүй байхад дахин оруулж ирэх нь гишүүдийн бүрэн эрх, байр суурийг хүндэтгэхгүй байгаа  хэлбэр гэж үзэж болно. Энэ бол зөвхөн нэг хүнийг ажлаас чөлөөлөх асуудал биш. Санхүүгийн зах зээлийн салбарт зохицуулалт, хяналт хэрэгжүүлдэг хараат бус байгууллагын асуудал ард нь хамт явж байгаа юм. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд бие даасан, ил тод байх, бусдын нөлөөнд үл автах зарчмыг баримтлахаар тусгасан байдаг. Мөн гишүүдийн бүрэн эрхийн таван жил байхаар хуульчилсан.

Гэтэл УИХ-ын дарга С.Бямбацогт томилгооны хугацааны дуусаагүй Т.Жамбаажамцыг чөлөөлөхөөр удаа дараа зүтгүүлж буй нь улс төрийн зорилготой юу гэх асуулт гарч байна. Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Т.Жамбаажамц Говь ХК-ийн хувьцаанаас болж Ц.Баатарсайхан гэж хүний занаанд орсон. Ингээд нутгийн хүчин зүйл нөлөөлж С.Бямбацогт дарга ажлаас нь чөлөөлж байна” гэх агуулгатай үг хэлсэн. Харин УИХ-ын дарга С.Бямбацогт  хариуд нь “Үүнд ямар ч нутаг усны нөлөө ороогүй. Даалгасан ажлыг хугацаанд нь хийж, үр дүн гаргаж чадаагүй. Ийм учраас өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгсөн” гэж мэдэгдсэн.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны хоёр дэд даргын томилгооны хугацаа дуусаад хоёр жил болох гэж байна. Гэтэл УИХ хугацаа нь дууссан хоёр дэд дарга буюу хоёр орон тооны гишүүний томилгоог хийхийн оронд өнгөрсөн онд шинээр томилогдсон Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг ажлаас чөлөөлөх асуудлыг хоёр дахь удаагаар хэлэлцэж буй нь улс төрийн нөлөө, дарамт шахалт орсон юм биш биз гэх хардлагыг төрүүлж байна. Хэдийгээр парламент нэг асуудлаа хэдэн ч удаа хэлэлцэж болох ч хүссэн үр дүнгээ хүртэл дахин хэлэлцүүлэх нь парламентын олонхын шийдвэрийн ач холбогдлыг сулруулах эрсдэл үүсч, ардчилсан парламентын зарчим алдагдана.

Хуулиар боломж олгосон ч ямар ч үндэслэлгүйгээр давтан ашиглах нь парламентын зарчимд нийцнэ гэсэн үг биш. Олонхын өмнөх санал хураалтын үр дүнг хүндэтгэх, дахин хэлэлцэх шаардлагаа тайлбарлах, шийдвэрийнхээ улс төрийн хариуцлагыг хүлээх асуудал хэвээр үлдэнэ. Энд нэг онцлог бий. СЗХ шиг зохицуулагч байгууллагын удирдлагыг чөлөөлөх шийдвэр нь зөвхөн тухайн хүний асуудал биш. Цаашид энэ байгууллагын удирдлага улс төрийн нөлөөллөөс хэр зэрэг хараат бус ажиллах вэ гэдэгт ч нөлөөлнө. Ийм учраас УИХ-ын дарга С.Бямбацогт энэ асуудлыг дахин хэлэлцэх болсон шалтгаан нөхцлөө тодорхой тайлбарлах шаардлагатай. Цаашид санхүүгийн салбарын гол зохицуулагч байгууллагын удирдлагыг томилгоог улс төрийн нөлөөнөөс ангид, ил тод, шударгаар хэлэлцэж, шийдвэрлэдэг болох нь чухал байна.

Сэтгэгдэл