
Зургийг: Polit.mn
ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад оролцож буй Д.Ганбаяр нь 2023 оноос хойш Ардчилсан намын дэргэдэх Хүний эрхийн хорооны даргаар ажиллаж буй аж. Энэ тухай тэрбээр нэр дэвшигчийн анкетийн Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах чиглэлээр эрхэлсэн ажлын жагсаалтдаа бичсэн байна. Тэрбээр уг албыг АН-ын даргын 2023 оны есдүгээр сарын 11-ний А/20 дугаар тушаалын үндсэн дээр гүйцэтгэж ирсэн байна.
Тус алба нь Улс төрийн намын тухай хуулийн 19.3, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.8, 6.1.11-д заасны дагуу үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрхийг хангуулах; шүүх хуралдааны ажиглалт, эрүүдэн шүүлтийн асуудлаар УИХ-ын хяналтын 11 сонсгол, Ерөнхийлөгчид хүсэлт гаргах ажлыг зохион байгуулах; жил бүрийн 10 дугаар сарын 2-нд Хүний эрхийн форум зохион байгуулах зэрэг ажлыг хэрэгжүүлдэг аж.
Д.Ганбаяр нь хүний эрхийн чиглэлээр тав орчим жилийн ажлын замналтай аж. Анкетад 2021 оны аравдугаар сараас 2023 оны есдүгээр сар хүртэл сайн дурын хүний эрх хамгаалагчаар ажилласан гэжээ. Үүний дараа АН-ын дэргэдэх хороог даргалж, тайван жагсаал, цуглаан хийх эрхийн асуудлаар ажиллаж, шүүх хуралдаанд ажиглагчаар оролцсоноо дурдсан байна. Тэрбээр 2025 оны гуравдугаар сараас Монголын хүний эрхийг хамгаалах үндэсний холбооны Удирдах зөвлөлийн даргаар, 2026 оноос ХЭҮК-ын дэргэдэх Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнээр ажиллаж байгаа юм байна.
Харин мэргэжлийн замналынх нь гол чиглэл бол санхүүгийн зах зээл, компанийн засаглал юм байна. Д.Ганбаяр нь бизнесийн удирдлагаар суралцаж, 2016 онд Отгонтэнгэр их сургуулийг иргэний эрх зүйн бакалавраар төгсжээ. Монголын хөрөнгийн биржид мэргэжилтэн, Азийн хөгжлийн банкны төсөлд удирдагч, Санхүүгийн зохицуулах хороонд 2011–2016 онд гишүүнээр ажилласан байна. 2012 оноос Компанийн засаглалын үндэсний зөвлөлийг удирдаж, хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчийн эрх, компанийн ил тод байдалтай холбоотой ажил хийснээ анкетад дурджээ. Мөн 2025 оны нэгдүгээр сараас долоодугаар сар хүртэл УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд гэрээт зөвлөхөөр ажилласан гэж бичсэн байна.
ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах шинэчилсэн журмаар хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах чиглэлээр таваас доошгүй жил ажилласан байх, мөн сүүлийн таван жилд төрийн улс төрийн болон намын удирдах албан тушаал эрхлээгүй байх шалгуур тавьдаг болсон.