
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы Баасан гарагийн (2026.11.13) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.00 цагт 126 гишүүнээс 81 буюу 64.3 хувь нь хүрэлцэн ирснээр эхлэв. Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хуралдаанаар хэлэлцэх 14 асуудлыг танилцуулахын зэрэгцээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32.1-т “Хууль санаачлагч хэлэлцүүлгийн аль ч шатад санаачилсан хуулийн төслийг татаж авч болно”, 32.2-т “Хэд хэдэн гишүүн хамтарч төсөл санаачилсан бол олонхын саналаар төслөө татан авна”, 32.3-т “Хуулийн төслөө татан авах тохиолдолд тухайн төсөл нь хэлэлцүүлгийн аль шатанд байгаагаас үл хамааран хууль санаачлагч хуулийн төслийг татан авах тухай албан бичгийг Улсын Их Хуралд ирүүлэх бөгөөд Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд энэ тухай танилцуулснаар хууль санаачлагч хуулийн төслийг татан авсанд тооцно” гэж тус тус заасныг дурдаж, хуулийн төсөл татан авахаар ирүүлсэн албан бичгийг уншиж, танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргалаас Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг дагалдуулан боловсруулсан Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн төслөө татан авсан байна.

Хуулийн төслийг эцэслэн баталж, хууль тотоолын төслүүдийг хэлэлцэх эсэх талаарх санал хураалтыг явууллаа
Хуралдаан хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтаар үргэлжилсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулав. Хуралдаанд оролцсон 103 гишүүний 84 буюу 81.6 хувь нь төслийг эцэслэн батлахыг дэмжлээ. Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг чуулганы Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт аван, санал хэлсэн. /дэлгэрэнгүйг эндээс/

Иймд өнөөдрийн хуралдаанаар төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг явуулсан. Хуралдаанд оролцсон 103 гишүүний 84 буюу 81.6 хувь нь төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал нарын 19 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт боловсруулсан хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх санал хураалтыг явууллаа. Хуралдаанд оролцсон 105 гишүүнээс 94 буюу 90 хувь нь төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Уг төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг чуулганы Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм./дэлгэрэнгүйг эндээс/

Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд нарын 18 гишүүнээс санаачилсан Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн санал хураалтаар үргэлжилсэн. Чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийж, хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн. /дэлгэрэнгүйг эндээс/ Хуралдаанд оролцсон 106 гишүүний 97 буюу 91.5 хувь нь төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн батлав
Дараа нь Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийлээ. Ингээд “Хуулийн төслийг эцэслэн баталъя” гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд 107 гишүүн оролцсоны 91 нь дэмжив.

Мөн өдрийн хуралдаанаар Засгийн Газраас 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн тав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 73 дүгээр зүйлийн 1-т “Нэгдсэн хуралдаан даргалагч Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг уншин сонсгож, зүйл тус бүрээр нь санал хураалт явуулж батлуулна.” гэж заасны дагуу санал хураалтыг явуулсан.

Эцэст нь Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлахыг 110 гишүүний 91 буюу 83.6 хувь, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг 83.6 хувь, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг гишүүдийн 77.5 хувь, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг гишүүдийн 74.1 хувь нь тус тус дэмжлээ.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн таван хууль, хоёр тогтоолын төсөл бүрээр эцэслэн батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив. Ийнхүү ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга үг хэлсэн. Тэрбээр юун түрүүнд хуулийн төслүүдийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсэг болон нийт гишүүдэд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг баталсанд талархал илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, Дэлхийн эдийн засаг эмзэг, үнийн өсөлтөөс үүдэх эрсдэл өндөр, ээдрээтэй цаг үед Монгол төрийн нэн тэргүүний үүрэг нь иргэд, айл өрхийн орлого, амьжиргаа, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хамгаалах явдал байсан. Энэ зарчмын дагуу Та бид ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталсан гэдгийг онцолж байлаа.

Мөн Монгол Улсын 3.5 сая иргэн, 220 мянган орчим бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж бүрд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, цалин, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл, ипотекийн зээл, жижиг дунд бизнесийг дэмжих хөнгөлөлттэй зээл зэрэг төсвийн арга хэмжээгээр дамжуулан төсвийн бодлогыг хүргэхийг зорьсон гээд онцлох зохицуулалтаас дурдлаа.
Тухайлбал ирэх онд,


Улсын Их Хурал хүлээсэн үүргийнхээ хүрээнд ирэх оны Монгол Улсын төсвийг баталсныг Улсын Их Хурлын дарга дурдаад, харин Засгийн газар дотоодын нийлүүлэлт хомсдолоос үүдэлтэй үнийн өсөлт бий болгохгүй байхад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов. Мөн тэрбээр эдийн засгийн аливаа сорилтод бэлэн байж, иргэдийнхээ орлогыг халаасанд нь үлдээх, дотооддоо хийж болох бүх зохицуулалтыг цаг алдалгүй шуурхай шийдэхийн төлөө хамтдаа зүтгэцгээе хэмээв. Үнийн өсөлтийн дарамтыг иргэн, бизнес эрхлэгчдийн нуруунд үүрүүлэхгүй байх нь Монгол төрийн нэн тэргүүний зорилго гэж үзэж байгаагаа хэлсэн үгийнхээ төгсгөлд онцлон тэмдэглэлээ.
“Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэж эхлэв
Дараа нь Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан.

Төсвийн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл танилцуулав. Тэрбээр, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед хуралдаан даргалагчаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтад заасны дагуу гүйцээн боловсруулах чиглэл өгсөн саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүд 43.8 хувийн саналаар уг саналыг дэмжээгүй гэдгийг онцолж байлаа.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Цогтбаатар, С.Бямбацогт нар асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, Б.Жаргалан, Г.Очирбат, А.Ундраа, Ж.Золжаргал, М.Энхцэцэг, Л.Соронзонболд нарын хамт гаргасан зарчмын зөрүүтэй саналыг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар тодруулсан. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлд 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэр татаж байгаатай холбогдуулан нийт санхүүжилтийг Улаанбаатарт бус орон нутагруу хуваарилах, улмаар уг зээлийг зөвхөн бэлэн орон сууцад бус иргэдийн өмчийн газартаа барих амины орон сууцуудыг хамруулах нь чухал гэлээ. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Батжаргал тогтоолын төсөлд туссан уг санал Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг аваагүй хэмээв.

Харин Сангийн сайд З.Мэндсайхан, ирэх онд 1.8 их наяд төгрөгийг ипотекийн зээлийн хүрээнд бэлэн болсон орон сууц руу гаргахаар төлөвлөсөн. Гэхдээ орон нутаг руу ипотекийн зээлийг хуваарилж шийдвэрлэнэ. Учир нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах бодлогыг орон нутагт, ялангуяа залуучуудыгаа бүс нутагтаа орон сууцтай болгоход чиглүүлж байна. Мөн Төрийн банкнаас 1.1 их наяд төгрөгийг жилийн 10 хувийн хүүтэй, 100 сая төгрөг хүртэлх хөнгөлөлттэй зээлийг гаргаж байгаа. Холбогдох журамд өөрчлөлт оруулан хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шинээр цэвэр ус, дулаан бохироо шийдвэрлэсэн орон сууц барихад нь зориулж энэ зээлийг гаргана. Түүнчлэн “ногоон зээл”-ийг дэмжинэ хэмээн хариулж байлаа. Ингээд тогтоолын төслийг батлах санал хураалтыг чуулганы үдээс хойших хуралдаанаар явуулахаар болов.
МАН-ын бүлэг Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээс завсарлага авав
Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан нарын 13 гишүүнээс 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Усны тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжлүүлэв.

Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс авсан завсарлагын хугацаа дууссан тул хуулийн төслийн хэлэлцүүлэг Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Д.Ганмаа, П.Сайнзориг, Р.Сэддорж, С.Ганбаатар нарын асуулт, хариултаар үргэлжлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга хуулийн төсөлд хүний усаар хангагдах эрх, түүний хэрэгжилт, хэмжээ, чанар хүртээмжийг сайжруулах талаар асуудал ороогүй байгааг дурдаад, яг аль зүйл, заалтад энэ асуудал тусгагдсан талаар, төслийн 48.6-д баяжуулах үйлдвэрт дахин ашигласан усыг л ашиглана гэсэн заалтыг тусгахдаа холбогдох судалгаа хийсэн эсэхийг лавлав.

Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, Хуулийн төслийн үзэл баримтлал монгол хүнийг нэгдүгээрт тавьсан. Монгол Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний хугацаа дууссанаас нь хойш арваад жил болсон ч дахиж батлаагүй байна. Үүнийг баталдаг болох ёстой. Усны нөөцийн нэгдсэн менежмент Монгол Улсын хэмжээнд нэгдсэн төлөвлөгөөтэй байснаар бид цэнгэг усны нөөцөө хамгаална гэж байлаа. Мөн төслийн 48.6-д туссан асуудлын тухайд Монгол Улсад өнөөдөр шинээр батлагдан гарч байгаа аливаа хууль буцаж хэрэглэдэггүй зарчимтай. Газрын доорх усыг, газрын доорх цэнгэг устай нь ялгаж салгаж ойлгох нь зүйтэй. Энэ хүрээнд газрын гүний ус хэрэглэж байгаа үйлдвэрүүд зогсохгүй хэмээх тайлбарыг өгөв.

Харин Усны газрын дарга З.Батбаяр төслийн 3.1.1-т "усны нөөц, эко системийн тэнцвэрт байдал, аюулгүй байдлыг хангах, үнэ цэнийг хадгалах", 3.1.2-т "стандартад нийцсэн унд, ахуйн ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийг баталгаажуулах", 3.1.3-т "тэгш хүртээмжтэй байх", 35.3-т "төслийн хуурайшилт, ган, цөлжилт, шилжилтийн үед эрэмбийг тогтоосон. Үүнийг хүний унд, ахуйн хэрэглээ, мал аж ахуй, хөдөө аж ахуйн үйлчилгээ үйлдвэрлэл гэсэн эрэмбээр тогтоосон" зэрэг энэ бүх заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан усаар хангагдах хүний эрхийг баталгаажуулж өгсөн гэлээ.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал Усны тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс тус бүлгээс завсарлага авах үндэслэлээ танилцуулав. Тэрбээр, Усны тухай хуулийг эргэн харж, сайтар нягталж, олон асуудалд мэргэжлийн байгууллагын байр суурийг сонсож, ярилцах шаардлагатай байна. Иймд уг хуулийн төслийн хэлэлцүүлгээс тус бүлгээс тав хоногийн завсарлага авах, мөн дараа нь хэлэлцэх Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл нарын 27 гишүүнээс 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээс авсан завсарлагын хугацаагаа дахин тав хоногоор сунгана хэмээв.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Усаа хайрлаж хамгаалах, зөв зохистой ашиглах нь зөв хэдий ч энэ асуудалд гишүүд ойлголтын зөрүүгээ нэгтгэх нь зүйтэй гээд, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу УИХ дахь МАН-ын бүлэгт завсарлага өглөө. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан түр завсарлав хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.