Монгол, Оросын эрдэмтэд Эгийн голын усан цахилгаан станцын төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэж дүгнэжээ
2026-11-13

Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар Эгийн голын усан цахилгаан станц төслийг хэрэгжүүлэх нь Сэлэнгэ мөрөн болон Байгаль нуурын экосистемд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ. Судалгааны дүнг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл Ерөнхий сайд Н.Учралд танилцууллаа. 2024 оны есдүгээр сарын 3-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч манай улсад албан ёсны айлчлал хийх үеэр хоёр улсын байгаль орчны асуудал эрхэлсэн сайд нар Байгаль нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Санамж бичгийн хүрээнд Эгийн голын усан цахилгаан станцын төсөл Байгаль нуур, Сэлэнгэ мөрөнд үзүүлж болзошгүй нөлөөллийг үнэлэх Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан ажлын хэсгийг байгуулсан. Хоёр улсын Шинжлэх ухааны академийн эрдэмтэд судалгааг хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэж, тус төслийг байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүйгээр барьж, ашиглах боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлтэд зарчмын хувьд хүрчээ.

Ерөнхий сайд Н.Учрал хоёр улсын эрдэмтэн, судлаачдад талархал илэрхийлээд, бидний зорилго бол эрчим хүч үйлдвэрлэх, усны нөөцийг зохистой ашиглах, байгаль орчныг хамгаалах зорилтуудыг харилцан зөрчилдүүлэхгүйгээр уялдуулах явдал юм гэдгийг тэмдэглэлээ. Мөн хамтарсан судалгааны үр дүнг ОХУ-ын талтай эцэслэн хэлэлцэж, тохиролцсон баримт бичгийг албажуулах, Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд танилцуулах, цаашид төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бодлого, шийдвэрийн төслийг нэгтгэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Хамтарсан судалгааны урьдчилсан дүгнэлтийг хоёр улсын эрдэмтдийн ажлын хэсэг энэ сарын 19-нд ОХУ-ын Засгийн газарт албан ёсоор танилцуулж, холбогдох баримт бичгийг гардуулах ажээ.

Сэтгэгдэл