МАН-ын дэргэдэх Стратеги академийн гүйцэтгэх захирал асан Б.Болорсайхан ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшив
2026-11-14

Зургийг: mn.wikipedia.org

МАН-ын дэргэдэх Стратеги академийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Бадамсамбуугийн Болорсайхан Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний сонгон шалгаруулалтад бүртгүүлжээ. Тэрбээр тус академийг 2021 оны арваннэгдүгээр сарын 29-нөөс 2022 оны аравдугаар сарын 7 хүртэл удирдсан гэж анкетдаа бичсэн байна. 

МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн тэрбээр 2008–2016 онд ХЭҮК-д долоон жил гаруй ажиллажээ. Дараа нь "Бүх нийт боловсролын төлөө!" эвсэлд хуулийн зөвлөх, НҮБ-ын Хүүхдийн санд цахим орчны хүүхэд хамгааллын зөвлөх, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газарт хүний эрхийн шинжээчээр ажилласан байна. Мөн 2022–2024 онд Хүний эрхийг хангах үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар ажиллаж байжээ. 

Б.Болорсайхан, ХЭҮК-ын гишүүнд мөн горилж буй Дондовдоржийн Гэрэл нар парламентын хүний эрхийн өөрийн үнэлгээнд зөвлөхөөр ажиллаж, 36 зөвлөмж хамтран боловсруулсан байна. Тэд иргэд, сэтгүүлчдийг Төрийн ордонд нэвтрүүлэхэд тавьдаг хувцаслалтын шаардлагуудыг журмаас хасуулах, ХЭҮК-ын хүний эрхийн байдлын талаарх илтгэлийг УИХ жил бүр дөрөвдүгээр сард багтаан хэлэлцдэг болох зэргийг ажил хэрэг болгож байжээ. Б.Болорсайхан мөн орон нутгийн захиргаа хүний эрхийн зөрчлийн шалтгаан, эрсдэлийг тодорхойлж тайлагнах арга зүй боловсруулахад ажилласнаа анкетдаа онцолжээ.

Сэтгэгдэл