Цогц хөгжлийн үндэсний төвөөс парламентын засаглал, ил тод байдлыг сайжруулах зорилготой 15 шаардлагыг УИХ-ын дарга С.Бямбацогтод хүргүүлээд хоёр сар болох гэж байна. Гэвч одоог хүртэл бидний шаардлагад хариу өгсөнгүй. Өнгөн дээрээ УИХ-ын үйл ажиллагаа, гишүүдийн ирц, оролцоог шууд дамжуулан харуулж буй нь нээлттэй, ил тод болсон мэт харагдавч, ардчилсан парламентын хувьд ул сууриар нь өөрчилж, зайлшгүй сайжруулах шаардлагатай олон асуудал байгааг бид гаргаж тавьсан. Энэ нь ямар нэгэн улс төрийн зорилгоор УИХ-ын дарга С.Бямбацогтыг буруутгах гэсэн зорилгогүй. Харин нэгэнт парламентын нээлттэй байдалд анхааран ажиллаж буй энэ үед асуудлыг углуургаар нь хамтран шийдэх зорилготой. Гэтэл УИХ-ын дарга өнгөц харагдах нээлттэй байдалдаа анхаарсан хэрнээ асуудлыг ул сууриар нь шийдэх санал, зөвлөмжийг хүлээн авсан эсэх нь ч тодорхойгүй, таг чиг байгаа нь харамсалтай.

Бидний тавьсан 15 шаардлагаас парламентын мэдээллийн нэгдсэн стандарт, хуулийн хувийн хэрэг, хуулийн төслийн өөрчлөлтийн түүх, санал хураалтын ил тод байдал, нээлттэй өгөгдлийн стандарт, гишүүний нэгдсэн профайл, иргэний саналын хариу гэсэн 7 шаардлага бүрэн биш ч хэсэгчлэн биелэсэн гэж бид үзэж байна. Харин үлдсэн 8 шаардлага огт биелсэнгүй. Цаашид дараах найман асуудлыг шийдэх чиглэлээр парламент анхаарлаа хандуулах эсэх нь ч тодорхойгүй байна. Тэгвэл ямар найман шаардлага огт биелээгүйг харцгаая.
- Засгийн газрын боловсруулж буй хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэхээс өмнө D-Parliament системд байршуулж, иргэдэд санал өгөх боломж бүрдүүлэх. Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөл давуу эрхтэйгээр иргэдийн саналыг ч тусгахгүй, зарим тохиолдол яаралтай горимоор шийдэгддэг буруу жишгийг халах шаардлагатай байна.
- Байнгын, дэд, хянан шалгах түр хороо, ажлын хэсэг болон УИХ дахь нам, эвслийн бүлгийн үйл ажиллагааг парламентын нээлттэй байдлын нийтлэг шаардлагад хамруулах. Парламентын нээлттэй байдал зөвхөн нэгдсэн хуралдаанаар хязгаарлагдах ёсгүй. Тэртусмаа хамгийн их зарчмын зөрүүтэй саналууд гардаг ажлын хэсэг, нам эвслийн бүлгийн байр сууриа нэгтгэдэг бүлгийн хурлын мэдээллийг ил тод болгосноор парламент дахь улс төрийн шийдвэр хэрхэн бүрэлдэж байгааг иргэд ил тодооор харж, намын дотоод ардчиллыг дэмжих боломж бүрдэнэ.
- Чуулган болон байнгын хороодын хуралдааны тэмдэглэл нийтлэх хугацааг тодорхой болгож, мэдээлэл болон нийтэлсэн огноог үнэн зөв мэдээлдэг болох. Тэмдэглэлийг нийтлэх тодорхой хугацааг тогтоож мөрдүүлэх, хуралдаан болсон огноо болон цахим системд бодитоор нийтэлсэн огноог тус тусад нь үнэн зөв харуулах шаардлагатай байна.
- Хууль тогтоох үйл ажиллагаанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодитой, заавал хэрэгждэг механизм бий болгох. Гишүүдийн мэдүүлсэн ашиг сонирхлын мэдээллийг хэлэлцэх асуудалтай урьдчилан тулган шалгах, болзошгүй зөрчлийг тодорхойлох, гишүүн мэдэгдэх, хуульд заасан нөхцөлд санал хураалтад оролцохоос татгалзах, уг мэдээллийг олон нийтэд ил тод болгох механизмыг бүрдүүлэх нь зүйтэй.
- Парламентын үйл ажиллагааг хэвлэл мэдээлэл бие даан ажиглаж, сурвалжлах нөхцөлийг өргөжүүлэх. Чуулганы дүрс дамжуулалтын дор хаяж нэг сувгийг танхимын ерөнхий дүр зургийг тасралтгүй харуулдаг байдлаар ажиллуулах, албан ёсны найруулгатай дүрс дамжуулалтаас гадна парламентын сэтгүүлч, зураглаачид хуралдааны үйл явцыг бие даан ажиглаж, дүрс мэдээ бэлтгэх зохистой нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй.
- УИХ-ын гишүүд болон парламентын үйл ажиллагаанд зарцуулж буй төсвийн мэдээллийг дэлгэрэнгүй, ойлгомжтой байдлаар нээлттэй болгох.
- Парламентын хэлэлцүүлгийг бодит бодлогын мэтгэлцээн, олон ургалч байр суурийг сонсох үндсэн талбар болгон бэхжүүлэх. Парламент ямар шийдвэр гаргасныг мэдэхээс гадна яагаад ийм шийдвэрт хүрснийг мэдэх боломж нь нээлттэй парламентын үндсэн шинж байх ёстой.
- Ил тод байдал, хариуцлагын механизмыг бэхжүүлэхдээ УИХ-ын гишүүний чөлөөт мандат, бие даасан байдлыг хамгаалж, парламентын институцийн хараат бус байдлыг сулруулах зохицуулалтаас сэргийлэх. УИХ-ын гишүүний Үндсэн хууль, хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд асуудлыг хэлэлцэх, асуулт асуух, санал гаргах, байр сууриа илэрхийлэх, санал өгөх боломжийг үндэслэлгүйгээр хязгаарлах дотоод дүрэм, сахилгын болон бусад механизм бий болгохоос зайлсхийх шаардлагатай.

Парламентын нээлттэй, ил тод байдлыг хангах нь хэн нэгэн даргын сурталчилгааны хэрэгсэл биш. Харин иргэдийн мэдэх эрхийг хангах, төлөөлөгчдөө хянах боломжийг бүрдүүлэх, бодитой оролцоо, нээлттэй байдлыг ул сууриар нь бүрдүүлэх ардчилсан парламентын үндсэн шаардлага. Ийм учраас цогц хөгжлийн үндэсний төвийн энэхүү шаардлагад иргэний нийгмийн 13 байгууллага нэгдэж, мөн УИХ-ын даргад дахин шаардлага хүргүүлсэн. Иргэний нийгмийн энэхүү санаачилгыг дэмжиж 10 гаруй гишүүн лобби бүлэгт нэгдэн дэмжинэ гэдгээ илэрхийлээд байна. Гэтэл УИХ-ын дарга С.Бямбацогт таг чиг хэвээр. УИХ-ын дарга та бидний тавьсан шаардлагад тодорхой хариу өгнө үү. Шаардлагын хугацаа 11-р сарын 20-ны өдөр дуусна.