
Өргөдлийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан
Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар "Оюу толгойн ашиг болох 3 их наядаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлах" тухай нийтийн өргөдлийг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах эсэх асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 52.9 хувь нь дэмжсэн тул Нийтийн өргөдлийн цахим системд иргэн Хоролдоржийн Оюунбилэгээс ирүүлсэн “Оюу толгойн ашиг болох 3 их наядаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлан Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх” тухай нийтийн өргөдлийг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлээр ахлуулан, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, УИХ-ын гишүүн, Өргөдлийг байнгын хорооны дарга О.Номинчимэг, УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, П.Батчимэг, Б.Бат-Эрдэнэ, С.Замира, Г.Лувсанжамц, А.Ундраа, Г.Уянгахишиг нарын бүрэлдэхүүнтэй байгуулав.
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо
Хуралдаанаар сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ба хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү ахалж ажиллахаар болов. Харин Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгаланг өөрийнх нь хүсэлтээр нэмж ажиллуулахаар боллоо.
Хянан шалгах түр хороо
Улсын Их Хурлын 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 72 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын газар олголтын шийдвэр, газар ашиглалтын байдал, гарсан алдаа, зөрчил, газар олголтын үр дагаварт бий болсон нийтийн эрх ашигт харшлах асуудлыг тодорхойлох, цаашид газар ашиглалт, өмчлөлийн ил тод, шударга тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн санал дүгнэлт гаргах Хянан шалгах түр хороог байгуулсан. Хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүүг томилох саналыг хуралдааныг даргалсан УИХ-ын гишүүн П.Батчимэг танилцуулж, оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.
Төсвийн байнгын хороо
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2026 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ. Хуулийн төсөл батлагдсанаар төсвийн хөрөнгө оруулалтын нэгдсэн удирдлага, хууль, эрх зүйн зүйн нэгдмэл орчин бүрдэн төслийг хэрэгцээ, шаардлагын дагуу төслөө төлөвлөдөг, төлөвлөсний дагуу хэрэгжүүлж, ашиглалтад оруулдаг болно. Төслийн ангилал, төрөл, зохицуулалт тодорхой болж төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг нэмэгдсэнээр үнэлгээ сайжирч, олон улсын жишигт нийцнэ гэж төсөл санаачлагчид танилцуулав. Дараа нь хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцлээ. Төсвийн байнгын хорооноос Засгийн газарт үүрэг, чиглэл болгосон шийдвэрийн биелэлтэд 2026 оны эхний хагас жилийн байдлаар хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр танилцуулж, хэлэлцүүлэв.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар