Өнөөдөр УИХ-ын Байнгын хороодын хуралдаанаар ямар шийдвэр гарсныг товчоор хүргэе.
Эдийн засгийн байнгын хороо
- Чөлөөт бүсийн үйл ажиллагааг өргөжүүлж, дэмжих зохицуулалт бүхий хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийг баталснаар чөлөөт бүсийн үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд буюу эдийн засгийн үйл ажиллагааг дэмжих эрх зүйн тогтолцоонд шилжүүлэхэд оршиж байгаа бөгөөд Монгол Улсын газар зүйн байршлын давуу талыг эдийн засгийн бодит боломж болгож, хөрөнгө оруулалт, экспортын үйлдвэрлэл, худалдаа, тээвэр, логистикийг хөгжүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн эрх зүйн шинэчлэл болно гэж хууль санаачлагч илтгэв.
- Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ. Түндэвийн Жамбаажамц нь Санхүүгийн зохицуулах хорооны даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн тул тус хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 63.3 хувь нь дэмжлээ.
- Байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Соронзонболд ахална.
- Байнгын хороо хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлангийн хэлэлцлээ. Тайланг Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд урьдчилан тараасан бөгөөд Монгол Улсын Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцуулав.
Төрийн байгуулалтын байнгын хороо
- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлттэй холбогдуулан асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь дэмжлээ.
- О.Саранчулуун нарын УИХ-ын 34 гишүүнээс өргөн мэдүүлсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.
- Хаврын морин уралдааныг хуульчлах зорилготой Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжлээ.
Өргөдлийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаан
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2026.11.18) Хууль зүйн байнгын хороотой хамтран хуралдаж, Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хурааж 100 сая төгрөгөөс дээш бол бүх насаар нь хорих тухай асуудлаар хуулийн төсөл санаачлах нийтийн өргөдлийг хэлэлцлээ. Асуудлыг холбогдох байнгын хороод үргэлжлүүлэн хэлэлцэх юм.
Хууль зүйн байнгын хороо
- Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, хуулийн нэгтгэсэн төслүүдийн талаар гаргасан Хууль зүйн зөвлөмжийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИх дахь МАН-ын бүлэг хэлэлцэж буй асуудлаар ажлын 3 хоногийн завсарлага авав.
- Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболдоос ирүүлсэн хууль бус алт олборлолт, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй холбоотой асуудлын талаар ХЗДХ-ийн сайдад тавьсан асуулгын хариуг хэлэлцэв. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй юм.
- Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул батлав. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр ахалж, гишүүнээр Б.Баярбаатар, Дав.Цогтбаатар, Г.Уянгахишиг, М.Нарантуяа-Нара нар ажиллана.
- Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл нарын 67 гишүүнээс Улсын Их Хурлын даргад ирүүлсэн хүсэлтийн дагуу “2022 оны 06 дугаар 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хүчингүй болгосон зохицуулалтын хэрэгжилт, үр нөлөө” сэдвээр ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулах, сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг олонхын саналаар баталлаа.