
Олон нийтийн зүгээс өгсөн хамгийн өндөр дүн нь долоодугаар сарын 4.78 оноо байв. Үүнээс хойш наймдугаар сард 4.27 болж буурч, есдүгээр сард эргээд 4.53 болж сэргэсэн ч аравдугаар сард 4.18 болж буурчээ. Үндсэндээ, 7-10 дугаар сард олон нийт Ерөнхийлөгчид өгөх үнэлгээгээ 0.60 оноогоор бууруулсан байна.
Энэхүү судалгааны үр дүнг сүүлийн үед өрнөж буй авлигын дуулиантай холбоотой мэдээлэл цацагдахаас өмнө цуглуулсан бөгөөд улс төрийн маргаан эхлэхээс өмнө ч Ерөнхийлөгчийн ажлын дундаж үнэлгээ 10 онооны талд хүрээгүй байжээ.
Олон нийт Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийг мөн 10 хүртэлх оноогоор үнэлэв. Тавдугаар сард явуулсан уг санал асуулгаар “Тэрбум мод” хөтөлбөр 6.66, “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр 6.16, “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” арга хэмжээ 5.71, “Хүнсний хувьсгал” нь 5.21 оноотой байв. Харин “Цагаан алт” хөтөлбөрийг 4.44 оноогоор олон нийт үнэлсэн байна.

Харин тавдугар сард Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны ерөнхий үнэлгээ 4.61 оноотой байв. Энэ нь олон нийт Ерөнхийлөгчийн тодорхой ажлыг нь үнэлж болох ч Ерөнхийлөгчийн ажлыг бүхэлд нь үнэлэхдээ шалгуур өндөр байгаагийн илрэл юм.
Парламентын засаглалыг дэмжинэ, харин Ерөнхийлөгчөө өөрсдөө сонгоно
Түүнчлэн олон нийтийн дийлэнх нь Парламентын засаглалыг дэмжиж байна. Тавдугаар сард хийсэн санал асуулгаар оролцогчдын 64 хувь нь парламентын засаглалыг Монголд тохиромжтой гэж үзсэн бол 30.8 хувь нь Ерөнхийлөгчийн засаглалыг сонгожээ.


Гэхдээ Ерөнхийлөгчийг сонгох эрхээ парламентад бүрэн шилжүүлэхийг хүсэхгүй байна. Оролцогчдын 88.7 хувь нь Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс, 10.2 хувь нь парламентаас сонгох нь зөв гэж хариулжээ.