
Өчигдөр Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө. УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувийн саналаар түүнийг чөлөөлөхийг дэмжиж, УИХ-ын дарга С.Бямбацогт Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг дараагийн Ерөнхийлөгч сонгогдох хүртэл түр хэрэгжүүлэх хууль батлав. Ийнхүү Монгол Улсын долоо дахь Ерөнхийлөгчийн сунгаа албан ёсоор эхэллээ. Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө гэж мэдэгдсэнээс хойш энэ суудалд суух хүсэлтэй хүмүүс ил цагаан санаагаа илэрхийлж эхэлсэн. Гэхдээ бүх ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгчийн албан тушаал бол хэн дуртай нь очоод тухалдаг суудал биш. Намын сунгаа болон олон нийтийн дэмжлэг, өрсөлдөгч зэрэг олон хүчин зүйлээс хамаарч нэг л хүн сонгогдоно. Тэгвэл судалгаа юу хэлж буйг харцгаая.
Монгол ардын нам
“National Opinion” сар тутмын нийгэм, улс төрийн барометр судалгаагаар “2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас хэнийг дэмжих вэ?” гэсэн нээлттэй асуултыг сүүлийн таван сарын турш тогтмол асуусан байна. Судалгаанд оролцогч гурав хүртэл хүний нэрийг өөрийн хүссэнээр бичих боломжтой. Ингээд 6-10 дугаар сарын судалгааны нэгдсэн дүнгээс харахад МАН-аас УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг хамгийн олон хүн нэрлэж байна. Богино хугацаанд Ерөнхий сайдын албан тушаалыг хашаад буусан ч олон нийтийн дунд дараагийн Ерөнхийлөгч болох боломжтой гэсэн хүлээлт үүсгэжээ.

Харин хоёрдугаарт тогтмол нэрлэгдэж буй хүн бол өчигдрөөс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрхтэй болсон УИХ-ын дарга С.Бямбацогт. Хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдвол түр орлон гүйцэтгэгчээс албан ёсны бүрэн эрхтэй төрийн тэргүүн болж дэвших юм. Дараагийн байруудад нэрлэгдсэн хүмүүс нь тогтмол биш бөгөөд С.Амарсайхан, Л.Энх-Амгалан, Б.Батцэцэг, Л.Оюун-Эрдэнэ нарыг судалгаанд оролцогчид нэрлэжээ. Мөн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийг нэрлэж буй нь анхаарал татаж байна. Нээлттэй асуултын хариулт ийм байна. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас дараах хүмүүс нэр дэвшвэл хэнийг нь дэмжих вэ гэсэн сонголттой асуултад ямар хариулт өгснийг үргэлжлүүлэн харцгаая.

Хамгийн их дэмжлэгтэй улс төрчөөр мөн л Г.Занданшатар нэрлэгдсэн бол түүний араас С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, С.Амарсайхан, Б.Батцэцэг, Ж.Энхбаяр нар жагсаж байна. Гэхдээ МАН-ын бүх хүн дээр бүрэн дэмжинэ, дэмжинэ, зарим талаар дэмжинэ гэсэн саналаас дэмжихгүй, огт дэмжихгүй гэж санал өгсөн нь хувиар илүү байгааг анхаарах хэрэгтэй.
Ардчилсан нам
2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас дэмжих хүн хэн бэ? гэсэн нээлттэй асуултад хамгийн их нэрлэгдсэн улстөрч бол Ерөнхий сайд асан Норовын Алтанхуяг.

Ардчилсан намын хувьд хоёрдугаарт нэрлэгдсэн хүн нь тогтмол биш бөгөөд 2-3 хүний дотор эргэлдэж байна. Б.Пүрэвдорж хоёр удаа, О.Цогтгэрэл хоёр удаа, О.Алтангэрэл нэг удаа намаасаа хоёрдугаар жагсжээ. Үүнээс гадна судалгаанд оролцогчид Ерөнхийлөгч асан Х.Баттулга, АН-ын дарга асан Л.Гантөмөр нарыг нэрлэжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас дараах хүмүүс нэр дэвшвэл хэнийг нь дэмжих вэ гэсэн асуултад мөн Н.Алтанхуяг хамгийн өндөр санал авсан байна. Түүнийг дэмжинэ гэсэн хүмүүс нь дэмжихгүй гэсэн эсрэг саналтай хүмүүсээс олон байгаа нь эерэг үзүүлэлт юм. Дараагаар нь Б.Пүрэвдорж, С.Ганбаатар, О.Цогтгэрэл нар жагсаж байгаа ч тэднийг дэмжихээсээ дэмжихгүй хүмүүс нь олон байна.

МАН+АН хамтдаа
Одоо намуудын нэр дэвших боломжит нэрсийг хамтад нь сонголттойгоор өгч “Ерөнхийлөгчийн сонгуульд дараах хүмүүс нэр дэвшвэл хэнийг нь дэмжих вэ?” асуултад ямар хариулт өгснийг харъя. 10-р сарын судалгаагаар хамгийн өндөр буюу 25.6 хувийн саналыг Н.Алтанхуяг авчээ. Харин нийт судалгаанд оролцогчдын 43 хувь нь одоогоор шийдээгүй, алийг нь ч дэмжихгүй гэсэн хариулт өгсөн. Магадгүй өөр нэр боломжит нэр дэвшигч гарч ирвэл энэ хүмүүс бодлоо өөрчилж мэднэ. Ер нь бол сонгуулийн үр дүнд маш том нөлөө үзүүлэх боломжтой хэсэг гэж хэлж болно. Тэгвэл МАН-ын Г.Занданшатар судалгаанд оролцогчдын 19.2 хувийн санал авсан байна.

Үүнээс гадна Н.Алтанхуяг, Г.Занданшатар нарын нэрийг оруулахгүйгээр С.Бямбацогт, О.Цогтгэрэл нарыг оруулан “Ерөнхийлөгчийн сонгуульд дараах хүмүүс нэр дэвшвэл хэнийг нь дэмжих вэ?” гэж асуухад 17.6 хувь нь С.Бямбацогт, 9.8 хувь нь О.Цогтгэрэлийг дэмжинэ гэжээ. Харин нийт судалгаанд оролцогдын 33.9 хувь нь алийг нь ч дэмжихгүй, 22.4 хувь нь одоогоор шийдээгүй гэж хариулсан байна.
