
Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы Баасан гараг (2026.11.20)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар таван хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Эхлээд Засгийн газраас 2026 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлсэн 2874 төслийн 42.5 хувь нь хугацаа сунгаж, төсөвт өртөг нь нэмэгдсэн гэв

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан, төслийн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл чуулганы нэгдсэн хуралдаанд илтгэсэн юм. Энэхүү төсөл нь төсвийн хөрөнгө оруулалтын төслийн төлөвлөлт, хэрэгжилт, санхүүжилт, хяналт, тайлагналт болон хөрөнгийн удирдлага, ашиглалтыг ил тод, үр ашигтай хэрэгжүүлэхтэй холбоотой удирдлагын эрх зүйн нэгдмэл орчныг бүрдүүлэх зорилготойг хууль санаачлагч онцолсон юм. Манай улсын хэмжээнд 2016-2025 онд төсвийн хөрөнгө оруулалтаар 2874 төсөл баталж, хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн ч тэдгээрийн 42.5 хувь буюу 1219 төслийн хугацаа сунгаж, төсөвт өртөг нэмэгдсэн байдаг. Гурван төсөл тутмын нэг нь ийн удааширч, ашиглалтад орох хугацаа хойшлох болсон асуудлыг тандан судлахад, аливаа төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцан уялдаа муутай, олон хууль, тогтоол байгаагаас үүдэлтэй гэсэн дүн гарсан гэв.

Аливаа төслийг бодит хэрэгцээ, үр өгөөжөөр нь эрэмбэлж, дөрвөн шатны үнэлгээг бий болгож, тэдгээрийг давсан бол төсвийн төсөлд тусгадаг байх шалгуур тогтоохоор тусгасан гэж Сангийн сайд илтгэлээ. Бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй төслийг төсөвт тусгадаг байдлыг таслан зогсоож, хязгаарлахаар төлөвлөсөн. Ашиглалтад орсноор тухайн төслийг дууссанд тооцохгүй, ашиглалтын үр өгөөжийг үргэлжлүүлэн үнэлдэг тогтолцоонд шилжиж, төсвийн хөрөнгө оруулалтын бүх үйл явцыг цахимжуулж, Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын нэгдсэн мэдээллийн системийг бий болгоно гэлээ. Хариуцлагын тогтолцоог чангатгаж, төсөвт хохирол учруулсан гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх зохицуулалтыг тусгасан тухай танилцуулав. Хуулийн төсөл батлагдсанаар төсвийн хөрөнгө оруулалтын нэгдсэн удирдлагын эрх зүйн нэгдмэл орчин бүрдэж, төслийг хэрэгцээ, шаардлагын дагуу төлөвлөн хэрэгжүүлж, цаг хугацаа, төсөвт өртгийн хүндрэл, чирэгдэлгүйгээр ашиглалтад оруулдаг болох нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагч үзжээ. Энэхүү төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн ажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Г.Лувсанжамц, Д.Ганмаа, Д.Энхтүвшин, О.Батнайрамдал, Х.Тэмүүжин, Ж.Галбадрах, Г.Ганбаатар, О.Номинчимэг, О.Саранчулуун нар асууж, үг хэлэв. Төсвийн хөрөнгө оруулалтыг нээлттэй, ил тод болгох чухал, хүнд ээлтэй, нийгмийн үр өгөөж, амьдралын чанарт нөлөөлөх нөлөөллийг үнэлэх боломж бүрдүүлэх шаардлагатайг хөндлөө. Төслийг дэмжих эсэхээр Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл байр суурь илэрхийлэхдээ, төслийн менежмент, үнэлгээний нэгдсэн аргачлалыг олон улсын стандартын дагуу бий болгож, дэлхийтэй хөл зэрэгцэх, төслийн удирдлагын мэргэжлийн нэгжийг байгуулах шаардлагатайг онцлов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл нарын 27 гишүүнээс өргөн мэдүүлсэн Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан нарын 13 гишүүнээс өргөн мэдүүлсэн Усны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхээр үргэлжиллээ. Эдгээр хуулийн төслийн хэлэлцүүлгээс завсарлага авсан хуулийн хугацаа дууссан болохыг Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулж, хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар дэмжсэн байр суурь илэрхийлж, үг хэлэв.
Үндэсний их баяр, наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр танилцууллаа. Тэрбээр, Засгийн газрын шийдвэрийн дагуу 2019 оноос эхлэн жил бүр 11 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 хүртэлх насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон байдаг. Гэвч 21 аймаг, 330 сум бүрд хаврын морин уралдааныг нууцаар зохион байгуулж, тэдгээр нь уралдааны зориулалтын зам, хүүхдийн аюулгүй байдал, хувцас хэрэглэлийн стандартыг хангахгүй, хараа хяналтгүй, далд хэлбэрт шилжиж, унаач хүүхдүүд хөлдөх, осгох, мориноос унаж гэмтэх болсон талаар хүний эрхийн болон төрийн бус байгууллагуудын эсэргүүцэл эрс нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан хүний эрхийн болон хүүхдийн байгууллагууд уралдааны журмыг өөрчлөх, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох санал, санаачилгууд гаргасаар байгааг Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэлүүдэд дурдсан талаар илтгэв. Иймд хаврын морин уралдааны эрх зүйн орчныг бий болгох зорилгоор хуулийн төсөл боловсруулж, хурдан морины уралдаан зохион байгуулахдаа морь уралдуулах зурвасыг тусгайлан засаж, аюулгүй байдлыг хангах, уралдааны морийг 14 болон түүнээс дээш насны хүн унаж, уралдах зохицуулалтыг тусгажээ. Уралдааны морь унах хүн салхи, ус, цас нэвтрэхгүй, дулаан хадгалах, осол, гэмтлээс хамгаалах, сэрүүний улиралд тохирсон хувцас хэрэглэлтэй оролцох, заавал даатгуулах, морины уяач нь уралдааны морь унагч болон түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй гэрээ байгуулах, хүн, мал эмнэлгийн тусламжийн хэсгийг хаврын хурдан морины уралдааны замд өртөөчлөн байрлуулж, тусламж үйлчилгээ үзүүлэх, аюулгүй байдал, хэв журмыг сахиулах бэлтгэл хангасан байх зэрэг шаардлагуудыг зохицуулахаар хуулийн төсөлд оруулсан байна. Хаврын хурдан морины уралдаанд азарга, их нас, соёолон насны морьдыг уралдуулна. Азарга, соёолон насны морьдыг 16-17 километр, их насны морьдыг 18-19 километр зайнд тус тус уралдуулахаар тооцоолжээ. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар хаврын морин уралдааны унаачийн насыг 14-өөс дээш байхаар тогтоож, стандарт хангасан хамгаалалтын хувцас, хэрэглэл, даатгалын тогтолцоог бий болгож, эрх зөрчигдөх асуудал багасаж, үндэсний өв соёл, ондоошлыг хадгалан үлдэх, моринд гарамгай хүмүүст шинэ ажлын байр бий болох зэрэг олон давуу талтай хэмээн хууль санаачлагч үзжээ.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо уг хуулийн төслийг хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нэгдсэн хуралдаанд илтгэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, хурдан морь унаач хүүхдийн насны доод хязгаарыг 14 болгож нэмэгдүүллээ ч амь нас, эрүүл мэнд хохирох эрсдэл буурахгүй хэмээн шүүмжилж, төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, адууг сэрвээний өндрөөр хэмжиж, мөнгөтэй нь уралдаж, мөнгөгүйн хасагддаг асуудлыг хөндлөө. Тэрбээр, наадам болгоноор хэрүүл, зодоон үүсгэж буй байдлыг зохицуулах боломж, хүүхдээр морь унуулахдаа насыг тодорхой заах нь зөв эсэхийг тодруулж асуув.

Хууль санаачлагчдыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг гишүүдийн асуултад хариулахдаа, бага насны хүүхдээр морь унуулахыг хориглосноор нууц байдалд шилжсэн нь үнэн гэв. Харин хурдан морины сэрвээний өндрийг хэмжих асуудлыг хуулийн төсөлд тусгаагүй гэсэн юм. Хүүхдийн эрх ашгийг хөндөх болгонд буруутгах хандлага давамгайлж байгааг, хариуцлагыг сулруулж, зугаа цэнгэлийг дэмжих болсон талаар Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг хөндөж асуулт тавив. Үндэсний өв, уламжлалыг сайжруулж авч явах учиртайг Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд онцолж, залуус хөдөөд тэмүүлэх, сонирхлыг татах шалтгаануудын нэг нь хурдан морины уралдаан байдаг учраас төрөөс бодлогоор өв, соёлоо дэмжин хөгжүүлэх шаардлагатай, орон нутагт аж төрөх иргэдийн тоог нэмэгдүүлэх, таатай орчин нөхцлийг бүрдүүлэхэд энэ хуулийн төсөл хувь нэмэртэй гэлээ.

Нууцаар уралдаан зохион байгуулсан хүмүүст хариуцлага тооцох ёстой байтал дэмжсэн зохицуулалт бүхий хуулийн төсөл боловсруулж өргөн мэдүүлснийг ойлгоно хэмээн Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун шүүмжиллээ. Харин хууль санаачлагчийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар, монголчууд өн эртнээс мал ахуйгаа адгуулж хариулахаа, ондоошлоо хамгаалж, хадгалахаа хэнээр ч заалгаагүй, орчин цагтаа уялдуулаад хууль эрх зүйн орчин бүрдүүлэх нь чухал гэсэн хариуг өгөв.

Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Дэлхийн хүүхдийн өдрөөр Монгол Улс олон улсын хамтын ажиллагааны гэрээний амлалтаасаа буцаж, хүүхдийн нэр барьж, эрхийг нь зөрчсөн шийдвэр гаргах гэж байна хэмээн үг хэлэв. Тэрбээр үе, үеийн хүний эрхийн үндэсний болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл 15 жилийн тэмцлийн үр дүнд авчирсан шийдвэрийг няцааж буйг дэмжихгүй гэлээ. Харин Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлж, үг хэлэв. Энэ хуулийн төсөлд 100 мянган уяачийн хүсэл, сонирхлыг хуулийн төсөлд шингээсэн болохыг тайлбарлалаа. Ийн хэлэлцсэний дараа Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн хууль, тогтоолын төслүүдийг дэмжих эсэхээр санал хураав. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг гишүүдийн олонх дэмжиж, баталлаа.

Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг санал хураалтад оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжив. Хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг мөн дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Түүнчлэн Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг санал хураалтад оролцсон гишүүдийн 53.3 хувь нь дэмжлээ. Усны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг санал хураалтад оролцсон гишүүдийн 58.9 хувь нь дэмжлээ. Хамт өргөн мэдүүлсэн 12 хууль, тогтоолын төслүүдийг ч дэмжсэн. Хуралдаан даргалагч Ж.Бат-Эрдэнэ хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороодод шилжүүлж, алх цохив.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхээр санал хураахын өмнө Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Засгийн газраас энэ хуулийн төслийг дэмжихгүй гэсэн байр суурь бүхий санал ирүүлсэн, хүүхдийн эрхийг дэмжсэн Ерөнхий сайд Н.Учралд талархаж байна, Үндсэн хууль зөрчсөн асуудалд оролцохгүй учраас ирцээс хасаж өгөхийг хүсэж байна гэв. Харин УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлага авснаар чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.