
Монгол Улсад ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулсан үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Төслийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй урилгыг 30 гаруй компанид хүргүүлснээс БНХАУ-ын таван компани санал ирүүлжээ. Сонгон шалгаруулалтын эцсийн шатанд “Beijing Jianlong Heavy Industry Group” 81.13 оноо, “Baotou Iron and Steel Group” 48.36 оноо авснаар “Beijing Jianlong Heavy Industry Group” стратегийн хөрөнгө оруулагчаар шалгарч, тус компанитай хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлийг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.
“Beijing Jianlong Heavy Industry Group” нь төслийн хувьцааны 80-аас доошгүй хувьд мөнгөн хөрөнгө оруулж, үйлдвэрийн барилга угсралт, ашиглалтыг хариуцан, дөрвөн жилийн хугацаанд барьж байгуулах санал ирүүлжээ. Мөн 1800 ажлын байр бий болгож, нийт ажилтны 70 хувийг монгол иргэд бүрдүүлэх, цаашид 499 сая ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалтаар үйлдвэрийн хүчин чадлыг нэг сая тонноор нэмэгдүүлэх санал дэвшүүлсэн байна. Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт байгуулах ган үйлдвэрлэлийн цогцолборын урьдчилсан ТЭЗҮ-ээр нийт 806 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажилласнаар жилд 645 сая ам.долларын борлуулалт хийх, 101.5 сая ам.долларын цэвэр ашиг олох, улсын төсөвт жил бүр 63.4 сая ам.долларын татвар төвлөрүүлэх, 1650 ажлын байр бий болгох, дотоодын нийт бүтээгдэхүүнийг 4.9 хувиар нэмэгдүүлэх, импортыг 4.8 хувиар бууруулж, экспортыг 2.3 хувиар нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийг 350–400 сая ам.доллароор сайжруулах боломжтой гэж тооцоолжээ.
Цаашид шалгарсан хөрөнгө оруулагчтай гэрээний нөхцөлийг хэлэлцэж, үндэсний эрх ашиг, эдийн засгийн үр өгөөжийг бүрэн хангах, санхүүжилт, технологи, байгаль орчин болон талуудын эрх, үүрэг, эрсдэлийг нарийвчлан тохирох юм.
Үйлдвэрийг 2027–2029 онд барьж байгуулан, 2029 оны долоодугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
ЭХ СУРВАЛЖ: АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ