
Төрийн байгуулалтын байнгын хороо
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ” гэж заасныг хуралдаан даргалагч УИХ-ын гишүүн Б.Баярбаатар танилцуулаад, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл бүрээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Засгийн газраас 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, 2026 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Мөн хуралдаанаар Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Д.Баяндүүрэнгийн бүрэн эрхийн хугацаа 2026 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр, Д.Даваа-Очир, Э.Түвшинжаргал нарын бүрэн эрхийн хугацаа 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдөр тус тус дуусгавар болсон тул СЕХ-ны гишүүний албан тушаал нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсан хэмээн танилцууллаа. Тогтоолын төсөлд СЕХ-ны гишүүнд нэр дэвшигч Д.Баяндүүрэн, Ж.Бямбадулам, Д.Даваа-Очир нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулахаар, сонсгол даргалагчаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхланг сонгохоор тусгажээ. Харин байнгын хорооны гишүүдээс 50-иас доош насны хүнээр сонсголыг даргалуулах нь зүйтэй гэсэн санал гаргасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг тогтоох тухай асуудал яригдаж байгаа энэ цаг үед сонгуулийн төв байгууллагын гишүүнд нэр дэвшигчтэй хийх сонсголыг Ерөнхийлөгчийн сонгуульд горилох шалгуур хангасан хүн удирдах нь зохисгүй гэсэн гишүүдийн саналыг хүлээн авч тогтоолын төсөлд өөрчлөлт оруулан сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг сонгохоор тусгаж, гишүүдийн олонх дэмжин баталлаа.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
Хуралдааны эхэнд Усны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн 76.5 хувь нь дэмжив. Тус тогтоолын төсөлд Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан нарын 13 гишүүнээс өргөн мэдүүлсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл нарын 27 гишүүнээс өргөн мэдүүлсэн Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Ганбаатар, П.Сайнзориг, С.Одонтуяа, А.Ундраа, Б.Уянга нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгажээ.

Хуралдааны төгсгөлд Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцлээ. Энэ талаар Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд танилцуулав. Тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Уянга, С.Одонтуяа, М.Мандхай нар асуулт асууж, үг хэллээ. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ тайлангийн танилцуулгаас харахад салбарын яаманд өгсөн үүрэг даалгавар, нөгөө яамныхаа үйл ажиллагаа, чиглэлтэй зөрчилддөг байдалд цаашид анхаарах, улмаар тайланд оруулах нэр төдий томьёолсон мөрөөдлийн жагсаалтыг оруулж ирж байгааг засаж сайжруулах нь зүйтэй хэмээв. Харин Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хууль тогтоолын шийдвэрийн биелэлтийг 90 хувь гэж үнэлсэн ч бодит үнэлгээ ердөө 63 хувьтай байгааг дурдаад, цаашид бодит нотолгоо, баримтгүй иймэрхүү тайланг хүлээж авах шаардлагагүй гэсэн байр суурийг илэрхийлэв.
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо
Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа танилцуулж, тус салбарын багшийн хомсдол, хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн баталгаа, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхэд хуулийн төсөл чиглэж буйг онцолсон юм. Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт, тайлбар авч, үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуулийн төслийг үзэл баримтлалын хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь дэмжив.

Дараа нь Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хэрэгжилтийн талаарх тайланг сонсов. Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны 2025 оны “Хуулийн хэрэгжилтийг хангах тухай” 06 дугаар тогтоолын биелэлт, үр дүнгийн тайланг дараа нь хэлэлцэв. Уг тогтоолоор НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай Конвенц, мөн тус байгууллагаас хийсэн Монгол Улсын хоёр болон гуравдугаар нэгтгэсэн тайланд хийсэн ажиглалт, дүгнэлт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан юм.
Хууль зүйн байнгын хороо, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо
Хууль зүйн байнгын хороо, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооноос Жендэрийн үндэсний хороотой хамтран өнөөдөр (2026.11.25) “Их эзэн Чингис хаан” танхимд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь: Хэн ч, хаана ч аюулгүй амьдрах эрхтэй” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн газар, Элчин сайдын яамд, Олон улсын хөгжлийн түншлэгч, донор байгууллагууд, Жендэрийн үндэсний хорооны гишүүд, холбогдох яам, төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцов.

Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголтыг түгээх, нэмэгдүүлэх зорилготой “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг дэлхийн 180 гаруй улс 1991 оноос өнөөг хүртэл жил бүрийн жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд нэгдмэл зорилго, нэг уриатай тэмдэглэж ирсэн. Аянд Монгол Улс 1997 оноос нэгдсэн бөгөөд энэ жил “Хаана ч аюулгүй” уриан дор зохион байгуулж байна. Харин НҮБ-ын энэ жилийн уриа нь “Бодит ба цахим орчинд шударга байдлыг хангаж, хохирогчдыг хамгаалж, ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэе” юм.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар