"Үнэ тогтворжуулах хуулийн төслийг яаралтай хэлэлцэнэ, тансаг хэрэглээний татвар ногдуулна, төсөв тодотгоно"
2022-04-08

               УИХ-ын даргын захирамжаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах, үүсээд буй хямралт нөхцөл байдлыг шийдвэрлэх бодлогын шийдэл гаргах, хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх, холбогдох хууль, тогтоол, хөтөлбөрт өөрчлөлт оруулах төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаар ахлуулж, гишүүн Ж.Ганбаатар, Т.Доржханд, Б.Пүрэвдорж, Ч.Ундрам, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.

                  Ажлын хэсэг анхны хуралдаанаа хийсний дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийв. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний хомсдол, ханган нийлүүлэлтийн хоцролт, үнийн хөөрөгдөл, үүсээд байгаа нөхцөл байдалд арга хэмжээ авах, шаардлагатай хууль, тогтоолын төслийг өргөн барьж, эрх зүйн орчныг нь бүрдүүлэх үүрэг, чиглэлийг өгсөн. Засгийн газраас энэ долоо хоногт Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-аар нэн яаралтай хэлэлцүүлэх хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэх, бэлтгэл ажлыг хангана” гэв.  

    

 

 

 

 

 

 

 

 

 

                    Мөн ажлын хэсэг үүсээд байгаа хямралт нөхцөл байдлыг шийдвэрлэх, бодлогын шийдэл гаргах, хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх, холбогдох хууль тогтоол, хөтөлбөрт өөрчлөлт оруулах чиглэлээр ажиллахыг онцлов. 

                 Олон улсаас ОХУ-д тавьсан хориг Монгол Улсад шууд нөлөөлж байгаагийн зэрэгцээ БНХАУ-д цар тахлын том давалгаа үүссэнтэй холбогдуулан урд хил нээгдэхгүй байгаагаас бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл бий болж буйг тэд онцлоод, төсвөө яаралтай тодотгож, нэн шаардлагатай хэмнэлтүүдийг хийхээс өөр аргагүй хэмээв.

                   УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж, инфляц 10 хувь давсан нь Монгол Улсад сүүлийн 20 жил ажиглагдаагүй зүйл. Өнөөдөр Монгол Улс валютын хоёр ханштай байна. Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, бодлогын хүүг есөн хувь болгосон. Уг арга хэмжээтэй нийцүүлээд төсвийн тодотголыг хийж, валютын ханш дээр ирэх дарамт, төгрөгийн уналтыг зогсоож, Монгол Улс валютын нэг ханштай байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Энэ асуудалд хугацаа алдсан тал бий” гэсэн юм.

                   УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Бидэнд хоёр муу шийдэл байгаагийн нэг нь валютын зөөлөн бодлого явуулж нөөцөө багасгах, эсвэл валютын нөөцөө хадгалж үлдэх явдал. Миний хувьд хоёр дахь сонголтыг нь хийх шаардлагатай гэж үзэж байна. Бидэнд богино хугацаанд бүсээ чангалах шаардлага гарна. Гэхдээ Монгол Улс дампуурахгүй. Иймд мөнгөний хатуу бодлого явуулна. Мөнгөний хатуу бодлого гэдэг бодлогын хүүг нэмэгдүүлж, ханшийг сулруулахын зэрэгцээ төсөвт тодотгол хийж, тэвчиж болох бүх зардлыг хойшлуулна гэсэн үг” хэмээн тайлбарлав. Түүнчлэн Монгол Улсад орж ирэх валютын урсгал байхгүй учраас тансаг хэрэглээний татварыг нэмэхээс өөр аргагүйг тайлбарлав.  

 

Сэтгэгдэл