Хууль тогтоох ёсыг зөрчсөн долоо хоног
2022-04-17

           Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулган гурван удаа буюу лхагва, пүрэв, баасан гарагт хуралдав. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдаан болох ёстой. Гэхдээ зайлшгүй шаардлага гарвал УИХ-ын даргын шийдвэрээр эдгээрээс бусад өдөр зарлан хуралдуулж болох хуультай. Үүний дагуу чуулган лхагва гарагт хуралдаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Үүнийг “Үнэ тогтворжуулах хууль” гэж товчлон нэрлэж буй. Пүрэв гаргийн хуралдаанаар эцэслэн хэлэлцэж, баасан гарагт баталсан уг төсөлд УИХ-ын зарим гишүүн, АН-ын бүлэг, судлаач, мэргэжилтнүүд шүүмжлэлтэй хандаж байгаагаа удаа дараа илэрхийлсэн ч бодит үр дүнд хүрч чадаагүй. Хуулийн төсөлд тусгасан зарим заалт, зохицуулалт нь “Монголбанкны бие даасан байдлыг Засгийн газар үгүй хийж, эрх мэдлийн тэнцвэрийг алдагдуулах, нефть импортлогчид, гурилын үйлдвэр, алтны компаниудад нөхцөлийг нь бууруулж, хөнгөлөлттэй зээл олгох, төсвийн буюу татвараас бүрдсэн орлогоор бараа бүтээгдэхүүний үнийн зөрүүг төлөх, Засгийн газар импортын гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох” эрх зүйн орчин бүрдүүлэхээр байгааг судлаачид хөндсөн. Энэ нь төсвийн мөнгийг үргүй, хууль бусаар зарцуулах, авлига, албан тушаалаа урвуулан ашиглаж, хэн нэгэнд давуу эрх мэдэл олгох, төсөв, мөнгөний бодлого алдагдах эрсдэлтэйг тодотгож буй юм.

            Уг хуулийг баасан гаргийн 10.00 цагт батлах үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хууль тогтоох ёсыг бүдүүлгээр зөрчсөн. Тодруулбал, 39 ба түүнээс дээш гишүүн дэмжсэн тохиолдолд хуулийг баталсанд тооцдог. Гэтэл “Үнэ тогтворжуулах хууль”-ийг батлах санал хураалтыг хоёр ч удаа явуулахад УИХ-ын нийт гишүүний олонх дэмжээгүй атал дарга Г.Занданшатар “Нэг санал дутаад байна. Энэ хуулийг өнөөдөр заавал батлах ёстой. Зарим гишүүнийх эсрэг саналтай дарагдаад байна” гэх зэрэг үг хэлж, гишүүдийн эрхэд халдсан.

Тендер шалгаруулахгүйгээр төсөл хэрэгжүүлэхийг эсэргүүцэв

            Шүүмжлэл дагуулж буй бас нэг хуулийн төсөл бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Үүнийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн бөгөөд цөөнгүй гишүүн шүүмжилсэн тул УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан. Тодруулбал, УИХ-аас баталсан хөгжлийн төслийн жагсаалтад багтсан төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтыг хялбаршуулах, шаардагдах санхүүжилтийн 30-аас доош хувийг нь төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс санхүүжүүлэх тохиолдолд тендер шалгаруулалгүйгээр гэрээ байгуулан, гүйцэтгүүлэх талаар уг төсөлд тусгасан нь шүүмжлэх гол шалтгаан болсон юм. Гишүүд “Сонгон шалгаруулалтгүйгээр томоохон төслүүдийг шууд гэрээ байгуулж гүйцэтгүүлнэ гэдэг чинь цаанаа “но”-той болно гэсэн үг” гээд, авлига, хээл хахууль бий болох нөхцөл, улсын мөнгийг үргүй зарцуулдаг байдлыг хуулиар бий болгох гэж буйг эсэргүүцэж байгаагаа хэлсэн.

Нээлттэй сонсголууд зохион байгуулна

          УИХ-аас удирдлагыг нь томилдог байгууллага буюу Хүний эрхийн үндэсний комиссын нэг гишүүн болон тус комиссын дэргэд хараат бусаар ажиллах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчдийн дунд ирэх сарын 3-нд нээлттэй сонсгол хийнэ. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигч С.Дондов, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигч  Я.Цэлмэн нар ажлын хэсгээс олонхын санал авсан байна. Нээлттэй сонсголын дараа УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, дараа нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, тэднийг томилох, эсэхийг шийдэх юм.

        Хүний эрх хамгаалагчийн тухай хуулийг өнгөрсөн долдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Уг хуульд хүний эрх хамгаалагчийн асуудал хариуцсан гишүүнийг дээрх комисст нэмж ажиллуулах талаар тусгасан тул орон тоонд нь ийнхүү сонгон шалгаруулалт явуулж буй.

        Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх механизмыг манай улс бүрдүүлэх үүргийг олон улсын гэрээ, конвенциор хүлээсэн байдаг. Тиймээс уг механизмыг бүрдүүлэх зорилгоор эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх гишүүнийг комиссын дэргэд ажиллуулахаар болсон билээ.

          Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнд нэр дэвшигчдийн дунд нээлттэй сонсголыг маргааш зохион байгуулна. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд Б.Баяраа, Х.БуянжаргалР.Сансармаа, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Ч.НарантуяаЗ.Цогтгэрэл нар нэрээ дэвшүүлжээ.

Онцлох хуулийн төслүүдийг өргөн барьсан нь

            Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг  хөнгөвчлөх ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай  хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.

             Түүнчлэн тариалангийн бүс нутагт нэг малд 10 мянга хүртэлх төгрөгийн татвар ногдуулах зорилгоор Малын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, төрийн албанд чадвартай иргэнийг гэрээний үндсэн дээр хугацаатайгаар ажиллуулах, төрийн жинхэнэ албан хаагч тусгай шалгалтгүйгээр шилжин ажиллах боломж бүрдүүлэхээр Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын “босго давуулав”.

             УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн. Хүдрийн овоолго ашиглан катодын цэвэр зэс үйлдвэрлэх хуулийн этгээдийг УИХ-ын тогтоолоор хаалттай хувьцаат компанийн хэлбэрээр байгуулах нь зүйтэй гэж тэрбээр үзсэн байна.

Нэр бүхий гишүүдийг яллагдагчаар татах мэдээ “чих дэлсгэв”

          УИХ-ын нэр бүхий гишүүдийг яллагдагчаар татах санал прокурорт хүргүүлсэн талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түгээж эхэллээ. Тодруулбал, Хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл авсан аж ахуйн нэгжүүдийн удирдлагад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт шалгуулж буй, УИХ-ын 2-3 гишүүнийг яллагдагчаар татах саналыг АТГ-аас Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна. Үүнд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг нар багтжээ. Хөгжлийн банкнаас зээл авсан “Вертекс майнинг партнерс” компани нь гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий аж ахуйн нэгж бөгөөд гишүүн Г.Амартүвшин тус банкны захирлаар ажиллаж байх үедээ эрх мэдлээ урвуулан ашиглаж, тухайн компанид зээл олгосон гэх үндэслэлээр Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг яллагдагчаар татсан бол Г.Дамдиннямын хэрэг бүртгэлтийн хэргийг шалгах ажиллагаа дуусаагүй байгаа аж. Гишүүн Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллах байхдаа “Хөтөл цемент”, ”Дархан төмөрлөгийн үйлдвэр”-т зээл олгоход эрх мэдлээ ашиглан, давуу байдал олгосон үндэслэлээр түүнийг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ.

           УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Миний бие өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг УИХ-д гаргаж байна. Мөн Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг иргэн хүний нэгэн адил шалгуулах шаардлагыг миний бие бүрэн дэмжиж байна” гэж мэдэгдсэн билээ.

            Ташрамд дурдахад, Хөгжлийн банкны асуудлаар УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр Хөгжлийн банкнаас аж ахуйн нэгжүүдэд зээл олгоход улс төрийн нөлөө, хамаарал байсан, эсэхийг шалгуулахыг нэр бүхий 20 гишүүнд анхааруулсан байдаг.

                   УИХ-ын тухай хуулийн 9.2-т “Гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулсан тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг  түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.   

Сэтгэгдэл