Авлига, ашиг сонирхлын зөрчил гарах эрсдэл үүссэн тул Эрүүл мэндийн сайдад зөвлөмж хүргүүлжээ
2022-04-25

                 Авлигатай тэмцэх газар нь төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, хүртээмжтэй болгох,  авлигын эрсдэл, шалтгаан, нөхцөлийг судлан тогтоох, арилгах, дүн шинжилгээ хийх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж өгөх, арга зүйн туслалцаа үзүүлэх зэрэг арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулдаг.  Үүний хүрээнд эрүүл мэндийн байгууллагын шударга байдлыг нэмэгдүүлэх, 2019 онд зохион байгуулсан “Төрийн байгууллага дахь авлигын эрсдэлийн үнэлгээ”-ний мөрөөр хүргүүлсэн зөвлөмжийн биелэлттэй газар дээр нь танилцах, эрүүл мэндийн байгууллагад шинэ тутам хэрэгжиж буй эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагаа, үр нөлөө, авч хэрэгжүүлсэн ажил арга хэмжээний хэрэгжилттэй танилцах зорилгоор Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллажээ. Тус эмнэлэгт авлига, ашиг сонирхлын зөрчил гарах эрсдэл үүссэн байх тул АТГ-аас Эрүүл мэндийн сайдад өнөөдөр зөвлөмж хүргүүлсэн байна.

               Зөвлөмжийг танилцуулах уулзалтад Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн, ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш, ажилтан, комиссар У.Номин-Эрдэнэ нар оролцлоо.  Эрүүл мэндийн сайд С.Энхболд тус зөвлөмжийн хүрээнд авлигын гэмт хэрэг бусад эрүүл мэндийн байгууллагад гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэхээ уулзалтын төгсгөлд илэрхийлэв. 

Сэтгэгдэл