Д.Ганбат: Та нар чадахгүй бол боль, УИХ-ын сонгуулиа дахиад явуулъя
2022-04-28

             УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцлээ. Энэ үеэр гишүүд ямар асуулт тавьж, хариулт авсныг тоймлон хүргэе.

Ш.Адьшаа: Төсвийн тодотголыг зөв хэлэлцэж, батлах нь чухал. Хэмнэлтийн тухай хуульд төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах талаар тусгасан. Тодорхой хувийг нь хувьчлах төрийн өмчит компанийн жагсаалтад эрчим хүчний салбарын зарим компани багтжээ. Үүнийг дэмжихгүй. Төрийн өмчийн дулаан, цахилгааны станцуудыг хувьчлаад ард түмнийг хохироож байгаа асуудал гарч байна. Тухайлбал, Ховд аймгийн дулааны цахилгаан станцыг дотоод шугам сүлжээтэй нь хамт хувьчилсан. Үүнээс болж ард түмэн хохирч байна. Хувьчилж авсан компанид нь болохгүй байгаа асуудлыг хөндөхөөр “20 тэрбум төгрөг өгөөд, станцаа буцаагаад ав” гэдэг. Засгийн газрын өрийн тааз хэтэрлээ.    

Б.Жавхлан: Засгийн газрын өрийн хэмжээг гадаад өрийн дунд хугацааныхаа хуульчилж өгсөн хязгаар дотор барьж байгаа. Одоо хэлэлцэж байгаа төсвийн тодотголд тусгасан, Засгийн газрын баталгаа олгох зээлийг багтаавал Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 60.7 хувьтай тэнцэж байгаа. Байх ёстой дээд хязгаар нь 70 хувь. Нийт 37 төрийн өмчит үйлдвэрийн газарт бүтцийн өөрчлөлт хийнэ. Яагаад олон нийтийн хяналтад оруулахаас айгаад байгаа юм бэ. Дэлхий нийтээрээ олон улсын чиг хандлага үүнд төвлөрч байна. Үр ашиггүй хөрөнгө оруулалт, зардал багасгана. Харин өөр хуультай зөрчилдөнө гэж УИХ-аас байгуулсан ажлын хэсэг үзээд, Диспетчерийн үндэсний төв болон Дулааны дамжуулах сүлжээ ТӨХК-ийг хувьчлахаа больсон. 37 компаниас 11 нь эрчим хүчний салбарын газрууд. Үүнээс хоёрыг нь хувьчлахаа түр зогсоосон. Төрийн өмчит үйлдвэрийн газруудад судалгаа хийсэн. Гурав ангилж үзмээр юм билээ. Цаашид 100 хувь төрийн өмчид байх аж ахуйн нэгжүүд бий. Үүнд “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” болон эрчим хүчний компаниуд багтана. Төрөөс тухайн компаниудаар дамжуулан тус салбарынх нь бодлогыг баримталж байдаг учир хувьчлахгүй. 37 компанийн 66-гаас доошгүй хувийг нь төрийн өмчид байлгана.

Ц.Туваан: Цалинтай холбоотой асуудал маргаан дагуулах шинжтэй байна. Сургууль, цэцэрлэгийн багш нарын цалинг нэмсэн. Гэтэл үүнийг буруу юм шигээр ярьж байна. Багш нарын цалинг нэмэх нь зөв. Эрүүл мэндийн салбарт гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх тогтолцоо хотод хэрэгжиж байна. Орон нутагт үүнийг хэрэгжүүлж эхлээгүй гэх юм. Нэг иргэнээр тооцох санхүүжилтийг хоёр дахин нэмсэн. Оны эхний улирал дуусаж байхад яагаад шийдээгүй байгаа юм бэ. Төрийн албан хаагч, тэр дундаа ТЗ доод ангиллаар цалин авдаг хүмүүст анхааръя. Ирэх жилийн төсвийн төсөөлөлд энэ асуудлыг хэрхэн тооцоолж байна вэ.  

Б.Жавхлан: Бид хэмнэлтийн горимд шилжих шаардлагатай. Тиймээс энэ зорилгоор төсвийн тодотголыг хийнэ. Цалинтай холбоотой асуудлыг тавдугаар сараас хойш хэлэлцэх ирэх жилийн төсвийн хүрээний мэдэгдлийн үеэр тодорхой болгоно. Энэ удаагийн төсвийн тодотгол 2022 оных учраас цалингийн асуудлыг хөндөөгүй. Гэхдээ энэ жилд төлөвлөсөн цалингийн бүх санхүүжилтийг саадгүй хийж байгаа.  

Д.Ганбат: Төсвийг алдагдалгүй баталж болохгүй юм уу. Заавал алдагдалтай байлгах ёстой юм уу. Ажлаа сайн хийж байгаа юм шиг биднийг загнаад байх юм. Гадаа гараад иргэдийн амьдралыг хар л даа. Азид хамгийн муу эдийн засагтай улс нь манайх болчихлоо. Гэтэл Азийн хөгжингүй орнуудын эдийн засаг дөрвөн хувиар өсөж байна. Өмнө нь зарцуулсан мөнгөнийхөө тайланг тавь л даа. Төсвийн тодотгол чинь дахиад хэдэн удаа хийгдэх вэ. Чадахгүй бол боль, УИХ-ын сонгуулиа ахиад явуулъя. Хөгжлийн банкны өрийг яаж төлөх вэ. Цаашид бага хүүтэйгээр мөнгө зээлдэг улс гэж байхгүй болно. Хэлж байгаа саналыг хүлээж аваад, ажлаа сайжруул. Энэ чинь ганцхан та нарын улс биш. Удахгүй ард түмэн талбай дээр гарч ирнэ. Биднийг янз бүрээр хэлэх яахав. ОХУ, Индонезийн нүүрсний экспорт өсөөд л байна. Манайх л өсөхгүй юм. БНХАУ 4300 км газар нутгаар хиллэсэн мөртлөө л.

Б.Жавхлан: Төсвийн алдагдлын хувьд хуулийнхаа хүрээнд байгаа. Төсвий тусгай шаардлагын хуулиар цаашид дөрвөн жилийн хугацаанд ийм хэмжээгээр төсвийн алдагдлыг бууруулна гэж заасан. Та улстөржүүлж яриад байх юм. Аль Засгийн газарт үүсгэсэн өрийг төлөөд явж байгаа та мэднэ. Төсвийн тодотголыг нэгдүгээр сард хийхэд та дэмжиж л байсан.  

Сэтгэгдэл