Улсын төсвөөр айлын хашаанд жорлон барих саналыг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нар гаргасныг бусад нь эсэргүүцэв
2022-04-28

             УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар улсын төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй санал хураах үеэр гишүүд ам зөрлөө. Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нар гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах хүрээнд айл өрхийн ариун цэврийн байгууламж барих зарчмын зөрүүтэй саналыг байнгын хорооны хуралдааны үеэр гаргажээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар үүнийг дэмжих, эсэхийг хэлэлцэх үед гишүүд эсэргүүцэж, Сангийн сайд Б.Жавхлан уурлан, хуулийн төслөө буцааж татах тухай ч хөндөв.

Гишүүд энэ үеэр ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.  

М.Оюунчимэг: Энэ саналыг Эдийн засгийн байнгын хороогоор дэмжсэн. Гэтэл дэмжээгүй гээд биччихсэн байна. Жорлонгоо өөрчилье, хэсэгчилсэн инженерийн дэд бүтцийг бий болгоё. Нийслэлийн хүн амын 70 гаруй хувь нь амьдардаг хэсэгт, хөдөө, орон нутагт ч гэсэн нүхэн жорлонгоос салаад аль болох айл өрхийн амьдрах нөхцөлийг сайжруулъя гэж байгаа. Тэгэхээр улсын болоод орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтгүйгээр тухайн айл өрх үүнийгээ шийдэх ямар ч боломжгүй. Тиймээс эрхэм гишүүд ээ, кнопоо дарахгүйгээр уг саналыг “босгож” өгөхийг хүсэж байна.   

Б.Жавхлан (Сангийн сайд): За хуулиа бараг татах хэрэгтэй болчих шиг боллоо. Ийм эмгэнэлтэй хууль гаргаад ч нэмэргүй биз. М.Оюунчимэг гишүүний сая хэлснээр бол улсын төсвөөс айлын хашаан доторх жорлонг янзалж өгөөд, тухайн өрхөд нь бэлэглээд явах юм байна л даа. Тийм байж болохгүй. Улсын төсвөөр тийм хөрөнгө оруулалт хийж болохгүй. Гудамж дахь дэд бүтцийг улсын төсвийн хөрөнгөөр хийж болно. Тэгэхгүй төсвийн хөрөнгөөр төсвийн байгууллагад үлдэхгүй, айлуудын юмыг санхүүжүүлээд явж болохгүй.   

Ч.Хүрэлбаатар: Айлуудын жорлонг төсвийн мөнгөөр барьж өгье гэдэг саналыг бид дэмжих гэж байна шүү дээ. Гэр хорооллын дэд бүтцийн төслийг улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх нь нээлттэй. Харин айлын хашаа руу орох хэсэг дээр аливаа зүйлийг хийхгүй гэдгийг л оруулж ирж байгаа. Одоо яана гэсэн үг юм бэ. Айлын хашаан дотор ороод би улсын жорлон дээр бие засах юм уу. Улсын төсвөөс хөрөнгө зарцуулцан юм чинь тэр жорлонг хэний нэр дээр бүртгэх вэ. Айлын хашаан доторх гэр нь тухайн хүнийх, жорлон нь улсынх. Ийм зүйлийг хийж болохгүй. Татвар төлөгчдийн мөнгийг хамаагүй цацаад байгаа учраас жагсаал хийсэн залуус “Та нар буруу зүйл хийхээ болиочээ” гэж хэлсэн. Тэгэж УИХ-ын нэр хүндийг унагаах хэрэггүй юм шүү, уг нь.  

Г.Занданшатар: М.Оюунчимэг гишүүн энэ саналаа татчихгүй дээ. Одоо хэмнэх тухай ярьж байхад айлын жорлонг барина гэж юу байх вэ дээ. Популист гэхэд арай хэтэрнэ шүү. Айлын жорлон барьж өгнө гэж юу гэсэн үг вэ.

Ц.Идэрбат: Хуулиа буцааж татаж арай болохгүй байх аа. Ойлголтын зөрүү үүсээд байх шиг. Жишээ нь, Айлын жорлонг улсын мөнгөөр барина гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Гэхдээ гэр хороолол руу инженерийн шугам сүлжээ татах ёстой гэвэл тийм. Тэгэхээр ийм ойлголтын зөрүүгээс болоод Хэмнэлтийн тухай хууль гацаанд ороод байна гэв. 

 

              УИХ-ын дарга Г.Занданшатар "Хуулийг буцааж татахыг Засгийн газрын хуралдаанаар шийднэ. Засгийн газрыг төлөөлөх хүн нь гагцхүү Ерөнхий сайд л байдаг. Нэг гишүүн нь хууль буцаан татахыг шийдэхгүй" гээд дээрх санал хураалтыг явуулахыг түр хойшлуулаад дараагийн асуудалд шилжүүлэв. 

 

Сэтгэгдэл