Төсөв тодотгож, дөрвөн гишүүнээ “хамгаалсан” долоо хоног
2022-05-01

                 УИХ өнгөрсөн долоо хоногт энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэн баталж, нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг дэмжсэнгүй. Төсвийн тодотгол буюу 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагалдуулж зургаан хууль, дөрвөн тогтоолын төслийг Засгийн газраас өнгөрсөн сарын 20-нд өргөн барьсан. Үүнд Ирээдүйн өв сангийн болон Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хуулийн төсөл багтсан юм.       

                Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх хөгжлийн төсөл, арга хэмжээг эрчимжүүлэх, Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний, Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах, Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай гэсэн дөрвөн тогтоолын төслийг өргөн барьсан.  

Төсөв тодотгосноор 245 орчим тэрбум төгрөг хэмнэнэ

          2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаар манай улс энэ жилийн төсөвтөө хоёр дахь удаагаа тодотгол хийлээ. “Хэмнэлтийн зарчмыг хэрэгжүүлнэ” гэх тодотголтой уг төслийг анх өргөн барихдаа 500 гаруй тэрбум төгрөгийг танана гэж Засгийн газар тодотгож байв. Гэвч хэлэлцэх явцад улсын төсвөөр айлын жорлон барих хүртлээ “тэнэсэн” ч зарим гишүүн нь эсэргүүцсэнээр уг санал “унасан”. Одоо хэрэгжүүлж байгаа төслүүдийг огт хасаагүй, харин заримынх нь санхүүжүүлэх дүнгээс танасан, мөн гэрээг нь байгуулаагүй, тендер зарласан ч оролцогч санал ирүүлээгүй хөрөнгө оруулалтыг энэ жилдээ хойшлуулсныг Сангийн сайд Б.Жавхлан онцолсон. Ингэснээр эх, хүүхдийн эрүүл мэндийн, хавдрын, халдварын чиглэлийн эмнэлэг барих төслүүд танагдсаныг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, С.Одонтуяа нар хөндөж байлаа. Түүнчлэн хүний эрхийн чиглэлийн, шүүх эрх мэдлийн байгууллагуудын төсвийг Засгийн газар дур мэдэн хассаныг ч гишүүд шүүмжилсэн.   

          УИХ-ын дарга Г.Занданшатар төсвийн тодотголыг баталсны дараа хэлсэн үгэндээ “Төсвийн нийт зарлагын хэмжээг 500 орчим тэрбум төгрөгөөр хэмнэсэн. Хэмнэсэн хөрөнгийн 150 орчим тэрбум төгрөгийг цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд, 150 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгоход зарцуулахаар шийдвэрлэв. Үндсэндээ төсвийн зардлыг 245.3 тэрбум төгрөгөөр хэмнэлээ” хэмээв.      

            Төсвийн тодотголоор хотоос орон нутагт шилжих хөдөлгөөнийг дэмжих зорилгоор сум, аймагт ажлын байр бий болгосон, бизнес эхлүүлсэн, эсвэл оффисоо нүүлгэсэн тийшээ бол татварын хөнгөлөлт болон бусад тодорхой зардлыг нь санхүүжүүлэх хэлбэрээр дэмжлэг үзүүлэхээр болсон.     

Ирээдүйн өв сангийн хөрөнгөөс хүүхдийн мөнгө олгоход зарцуулна

           Ирээдүйн өв сангийн орлого, зарлагын төрөлд өөрчлөлт оруулснаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийг он дуустал бэлэн хэлбэрээр олгохоор болов. Тодруулбал, ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд болон төрийн өмчийн үйлдвэрийн газрын төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашгаас 2022 онд 404.5 тэрбум төгрөг төвлөрүүлэх байв. Үүнийг 535.1 тэрбум төгрөг болгон өсгөж, 0-18 насны бүх иргэнд энэ сараас эхлэн сар бүр 100 мянган төгрөгийг бэлнээр олгохоор боллоо.   

Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын хэмжээг нэмэв

             Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Нийгмийн даатгалын санд 2022 онд 3.1 их наяд төгрөг төвлөрүүлж, 3.3 их наяд төгрөг захиран зарцуулахаар байв. Тэгвэл төсвийн тодотголоор 3.3 их наяд төгрөг төвлөрүүлж, 3.5 их наяд төгрөгийг зарцуулахаар боллоо. Үүнээс 1 сая хүртэлх төгрөгийн цалинтай даатгуулагчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгоход 150.8 тэрбум төгрөгийг нь зарцуулна. Уг хөрөнгийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэв.     

Нийслэлийн Засаг даргын зургаан орлогчийн дөрөв нь ажлаа өгөх нь

          Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хуулийг баталлаа. Ингэснээр Засгийн газрын агентлаг, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагаас бусад нь дэд, орлогч даргагүй болно. Мөн Нийслэлийн Засаг дарга хоёр, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэг л орлогч даргатай ажиллана.  Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар зургаа, зарим аймаг, сум, дүүргийн Засаг дарга хоёр, гурван орлогч даргатай ажиллаж байгаа. Тэгвэл уг хуулийн дагуу зарим орлогч ажлаа хүлээлгэн өгөх юм. Түүнчлэн төрийн байгууллагын дарга нар хот дотор албан тушаалын автомашин унахгүй, төрийн өмчийн автомашин, тээврийн хэрэгслүүдэд тод өнгийн дэвсгэртэй улсын дугаар байршуулах нь.

          Засгийн газарт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагч нар албан томилолтоор онгоцоор явах бол бизнес ангиллаар, бусад нь энгийн суудлаар зорчихоор болов. Үүнээс гадна нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэх, хаягжуулах, гэрэлтүүлэг хийх, авто зам засварлах, багийн төв, хорооны засаг захиргааны байр барих, нийтийн эзэмшлийн орон сууц шинэчлэхэд улсын төсвийн хөрөнгийг зарцуулахгүй байхаар тогтлоо.

            Дээрх хуулийн хэрэгжилтэд Үндэсний аудитын газар, Сангийн яам хяналт тавьж, хуулийн зөрчсөн нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтныг ажлаас халах үндэслэл бүрдэх юм байна. Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх үеэр орлогчийн тоог хасахгүй гэх зэрэг саналыг гишүүд гаргасан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсвийн тодотголыг эцэслэн батлах хуралдаанд өөрийн биеэр оролцон, Засгийн газрын санаачилсан хэмнэх зарчмын үндсэн агуулгыг алдагдуулахгүй байхыг хүссэнээр гишүүдийн олонх дэмжсэн юм.   

Зарим ТӨХК-ийн хувьцааг нээлттэй худалдана  

               Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тогтоолын төслийг баталлаа. Ингэснээр төрийн төрийн өмчит 34 компанийн 34 хүртэлх хувийн энгийн хувьцааг нэмж гарган, Монголын хөрөнгийн биржээр олон нийтэд худалдан нээлттэй хувьцаат компани болгохоор тогтов. Үүнд “Монголын хөрөнгийн бирж”, “Монголын цахилгаан холбоо”, “Мэдээлэл холбооны сүлжээ”, "Мэдээлэл, технологийн үндэсний парк", “Үндэсний давхар даатгал”, "Алтай-Улиастайн эрчим хүчний систем”, "Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК, "Баруун бүсийн эрчим хүчний систем", "Дархан дулааны сүлжээ", "Дорнод бүсийн эрчим хүчний систем", "Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ”, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ", "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ", "Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” болон авто замын засвар арчлалтын 20 компанийг багтаасан.

             Диспетчерийн үндэсний төв ТӨХХК болон Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн тодорхой хувийг хувьчлахаар дээрх жагсаалтад багтаан өргөн барьсан ч зарим хуультай зарчилдөх эрсдэлтэй гэж үзээд, хэлэлцүүлгийн явцад хасав. Уг тогтоолын төслийг хэлэлцэх үеэр зарим гишүүн “Эрчим хүчний салбар дахь төрийн өмчит компаниудыг хувьчлах нь цахилгааны үнийг өсгөх, доголдол, саатал гарах эрсдэлтэй”-г анхааруулж байлаа.       

Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 2 настай хүүхдийн эцэг, эхэд мөнгөн дэмжлэг үзүүлнэ   

         Өнгөрсөн сарын 7, 8-нд болсон жагсаалын үеэр залуус цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагыг Ерөнхий сайдад тавьсан. Тиймээс Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг Засгийн газар боловсруулж, батлуулав.

          Уг тогтоолд Тэргүүн ээлжид 3-5 настай хүүхдийг хамран сургах тойргийнх нь цэцэрлэгт бүрэн хамруулах талаар холбогдох арга хэмжээ авахаар тусгав. Хэрэв энэ нь боломжгүй тохиолдолд хоёр аргаар хэрэгжүүлэх заалтыг мөн оруулсан. Тодруулбал, тухайн хамран сургах тойрогт байрлах хувийн цэцэрлэгт нэмэлт элсэлт авах боломжтой бол нэмж элсүүлэх хүүхдийн тоогоор хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлэн олгоно. Үүнээс гадна төрийн болон хувийн цэцэрлэгт нэмэлт элсэлт авах боломжгүй бол цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 2 настай хүүхдийн эх, эцэг, хууль ёсны асран хамгаалагчид нь мөнгөн дэмжлэг үзүүлэхээр тусгасан.   

“LRT төсөл”-ийг түр хойшлууллаа  

            Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх төсөл” хэрэгжүүлэх талаар тусгасан байдаг. Үүнийг олон нийт “LRT төсөл” гэдгээр нь сайн мэднэ. Учир нь уг төслийн эхний ээлжийн шугамын санхүүжилтийг шийдвэрлэхэд шаардлагатай 510 сая ам.долларт Засгийн газар баталгаа олгохыг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар болон орон нутгаас сонгогдсон зарим гишүүн эсэргүүцсэн. Засгийн газрын баталгаа гэдэг нь зээлээс өөрцгүй бөгөөд манай улсын өрийн “тааз” хэтрэх эрсдэлтэйг тэд хөндөж байв. Харин нийслэлээс сонгогдсон гишүүд уг төслийг хэрэгжүүлснээр замын хөдөлгөөний түгжрэлийг шийдэх боломжтой гээд, дэмжсэн байр суурь илэрхийлсэн. МАН уг асуудлаар дотооддоо ийнхүү зөрчилдсөн тул “LRT төсөл”-ийг судлах ажлын хэсэг байгуулж, хэлэлцэхийг нь түр хойшлуулаад байна.       

            Түүнчлэн “Тавантолгой дулааны цахилгаан станц төсөл”-ийн бүтээн байгуулалтын ажилд шаардагдах 565 сая ам.доллартой тэнцэх хэмжээний зээлд Засгийн газрын өрийн баталгаа гаргах заалтыг уг тогтоолд тусгасан билээ.   

Хэмнэнэ гэсэн ч шинээр агентлаг байгуулахаар тогтов  

             Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны газрыг байгуулах тогтоолын төслийг Засгийн газраас төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн. УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг нь хийх үед уг тогтоолыг дэмжээгүй. Тус хорооны дарга Ч.Хүрэлбаатар “Хэмнэнэ гэчихээд дахиад орон тоо бий болгох нь зохисгүй гэж үзээд дэмжээгүй” гэж тайлбарлаж байв. Гэвч эцэслэн батлахдаа тус агентлагийг байгуулахыг гишүүдийн олонх дэмжлээ. Засгийн газар Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны газрыг 30 гаруй хүний орон тоотойгоор байгуулахаа өмнө нь мэдэгдсэн.

УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй  

            УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д хүргүүлсэн. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хаалттай хэлэлцсэний эцэст УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж гишүүдийн олонх үзэв.

             Хөгжлийн банкнаас зээл олгоход эрх мэдэл, давуу байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр  УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, Хөгжлийн банкны зээлдэгчээс авлига авсан гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг яллагдагчаар татсан гэх мэдээлэл бий.

             УИХ-ын тухай хуулийн 9.8-д зааснаар бол УИХ-ын гишүүнийг гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно. Тиймээс эдгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулахын тулд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай.  

            Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан энэ талаар мэдээлэл өгөхдөө “Мөрдөн шалгах ажиллагааг төлөвлөх боломжгүй. Ажиллагааг явуулсны үндсэн дээр хөрөнгө битүүмжлэх, үзлэг нэгжлэх хийх гээд олон ажиллагаа явуулдаг. Тэгэхээр мөрдөн шалгах ажиллагаанд нэлээд хүндрэл бий болохоор байна гэж урьдчилсан байдлаар харж байна” гэв.  

            УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэхийг хэдэн хувийн саналаар дэмжээгүйг хэлэх боломжгүй. Энэ бол гишүүдийн бүрэн эрх, хувийн нууцтай холбоотой асуудал” гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор нууцын зэрэглэлтэй биш, нээлттэй оруулж ирж, хэлэлцүүлэх нь зүйтэй. Хаалттай байдал нь улам хардлагыг төрүүлж байна” хэмээв.    

Сэтгэгдэл