ИНФО: Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс 2015 онд 54-т жагсаж байв
2022-05-03

             Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) байгууллагаас 2022 оны дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг өнөөдөр танилцууллаа. Монгол Улс уг индексээр өмнөх оныхоосоо 22 байраар ухарч, 90-д жагсав. Ингэснээр “хэвлэлийн эрх чөлөө асуудалтай орон” гэсэн ангилалд багтсан байна. Дэлхийн 180 орныг уг индекст хамруулдаг. Үүнээс нэгдүгээрт, Норвеги, хоёрдугаарт, Дани, гуравдугаарт, Швед жагссан бол БНАСАУ “сүүл мушгиж”, Эритрей доороосоо хоёрдугаарт эрэмблэгджээ. ОХУ 155, БНХАУ 175-т “уралдсан” байна.

             Хэвлэлийн эрх чөлөөний индексээр нь улсуудыг сайн, хангалттай, асуудалтай, хүнд нөхцөл байдалтай, маш ноцтой нөхцөл байдалтай гэсэн таван ангилалд хуваажээ. Хэвлэлийн эрх чөлөө сайн гэсэн ангилалд найман улс багтсан бөгөөд эдгээр оронд дэлхийн хүн амын 4.4 хувь нь л амьдарч буй аж. Хангалттай хэмээх ангилалд 40 улс буюу дэлхийн хүн амын 22.2 хувь нь амьдардаг орон багтжээ. Харин “асуудалтай”-д 68, “хүнд нөхцөл байдалтай”-д 42, “маш хүнд нөхцөл байдалтай”-д 28 улс орсон байна.  

               Энэ жилийн индексээр " маш хүнд нөхцөл байдалтай " гэсэн үнэлгээг 28 орон авсан нь хамгийн дээд хэмжээнд хүрсэн үзүүлэлт гэнэ. Хэвлэлийн эрх чөлөө хамгийн ихээр доройтсон 10 орны тоонд Мьянмар, Хятад, Туркменистан, Иран, Эритрей болон Хойд Солонгос багтжээ.

              Монгол Улс дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр 2015 онд 54, 2016 онд 60, 2017 онд 69, 2018 онд 71, 2019 онд 70, 2020 онд 73, 2021 онд 68-т жагсаж байв. Манай улсын индексийн танилцуулгад “Тус улс нь 1990 оны эхэн үеэс ардчилсан системд шилжиж, хүний эрх, эрх чөлөө, олон ургальч үзлийг гол зарчмаа болгосон хэдий ч эх сурвалжийг нууцлах хууль, эрх зүйн хамгаалалт хангалтгүй хэвээр, мөн гүтгэхтэй холбоотой хуулийн зохицуулалт нь алдаа дутагдалтайгаас үүнийг буруугаар ашиглан зарга үүсгэхэд өдөөх, улмаар сэтгүүлчид өөрсдийгөө цензурдэхэд хүргэж байна” гэж онцолжээ.

             Мөн “Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс телевизийг Монголд хамгийн өргөн хэрэглэдэг. Телевиз нь тус зах зээлийн багадаа 60 хувийг эзэлдэг. Олон нийтэд үйлчилдэг МҮОНРТ нь телевиз, радио, сайтаас бүрддэг, хамгийн олон үзэгч, сонсогчтой хэрэгсэл. “Өнөөдөр”, “Өдрийн”, “Зууны мэдээ” нь хамгийн алдартай сонин. 1998 онд баталсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд “Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй” гэж заасан ч зургаан хэлээр бэлтгэн хүргэдэг сонинтой “Монцамэ” агентлаг нь төрийн өмчийнх байсаар байна.  

                Индексийг эмхэтгэхэд тухайн улсын улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын нөхцөл, хууль, эрх зүйн орчин, аюулгүй байдал гэсэн таван шинэ шалгуур үзүүлэлтийг ашиглажээ. Манай улсын хэвлэлийн эрх чөлөөний индексийг дээрх таван үзүүлэлт тус бүрээр тайлбарлан гаргасан байна. Тодруулбал, улс төрийн нөхцөл гэсэн үзүүлэлтийн талаар “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшил нь хэт төвлөрсөн, шилэн бус, Засгийн газар, улс төрийн намтай холбоо хамааралтайгаа илт нээлттэй үзүүлдэг, улстөрчдийн дарамт шахалт нь хэвлэл мэдээллийн байгууллагуудын “хоточ банхар” болох боломжийг хязгаарладаг” гэж бичжээ.

                  Түүнчлэн хууль, эрх зүйн орчны үзүүлэлтийн тухайд “Монгол дахь гүтгэлгийн тохиолдлын талаас илүү хувьд нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эсрэг хэрэг үүсгэдэг. Санхүүгийн хатуу шийтгэл нь тэднийг өөрсдийгөө цензурдэх, хараат бус, эрэн сурвалжлах хэвлэл мэдээллийн хөгжлийг хязгаарлахад хүргэдэг. Сэтгүүлчдийг худал мэдээлэл тараасан хэргээр буруутгаж буй олон хэрэг нь улс төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүн, төрийн албан хаагч, төрийн байгууллагын өргөдөл, гомдолд тулгуурлаж байна” гэжээ.

 

                  Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг дараах газрын зургаас харна уу. (Шаргалаас улаан руу шилжих тусам уг индексээр муу үзүүлэлттэй)

Сэтгэгдэл