НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ: Хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурах эрхийг хангах зорилгоор хяналтын сонсгол хийнэ
2022-05-20

              УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 13.00 цагт Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулахаар төлөвлөжээ.

                  Чанар стандартын шаардлага хангаагүй барилгын материалаас ялгарч буй химийн нэгдэл нь хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд цаашлаад багтраа, амьсгал, зүрх, судасны өвчнөөр өвчлөх, хавдар үүсгэх эрсдэлтэй. Ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд гадаад болон дотоод орчны агаарын чанар шууд нөлөөтэй байдагтай холбогдуулан Монгол Улсын иргэд, хүүхэд багачуудын эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурах, ажиллах эрхийг хангах зорилгоор уг сонсголыг зохион байгуулахаар болжээ. Төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд болон шинжээч, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл үүнд оролцох боломжтой. Сонголд оролцогчийг зургадугаар сарын 3 хүртэлх хугацаанд бүртгэнэ. Иргэд бүртгэлийн хуудсыг бөглөн бичгээр болон sonsgol@parliament.mn цахим шууданд захидал илгээн бүртгүүлэх боломжтой бол хэвлэл мэдээллийн байгууллагууд хүсэлтээ УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд албан бичгээр ирүүлэх ёстой. 

                Оролцогч санал, тайлбар, мэдээллээ 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дотор бичгээр ирүүлж болно.

Сонсголын зартай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Parliament.mn-ээс аваарай.  

 

Сэтгэгдэл