Г.Занданшатар: Төсвийн дэмжлэгийн арга хэмжээг шийдвэрлэх нь бидэнд нэн чухал
2022-05-26

                 УИХ-ын дарга Г.Занданшатар Азийн хөгжлийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар "Өнөөдөр үүсээд байгаа гадаад, дотоодын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал Монгол Улсын эдийн засаг, төсөв, төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлж, гадаад валютын нөөцөд хүчтэй дарамт үзүүлж байна. Үүний хүрээнд Азийн хөгжлийн банкны Монгол Улсад 2022-2023 онд үзүүлэх төсвийн дэмжлэгийн арга хэмжээг цаашид үргэлжлүүлэн хэлэлцэж, шийдвэрлэх нь бидэнд нэн чухал" гэв.

                 Захирал Павит Рамачандран УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд "Энэхүү онцгой байдлын үед Монгол Улсад дэмжлэг үзүүлэхээр шуурхай ажиллаж, 100 сая ам.долларын төсвийн дэмжлэгийг олгохоор шийдвэрлээд байна. Мөн урт хугацааны төсвийн дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ оны сүүлээр батлагдах төлөвтэй байна. Монгол Улс, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх хоёр зээлийн хэлэлцээр УИХ-аар хараахан батлаагүй байгаа. Уг хоёр зээл олгохыг Азийн хөгжлийн банкны Удирдах зөвлөлөөр баталсан тул  хаврын чуулганы хугацаанд багтаан шийдвэрлэж өгөх"-ийг УИХ-ын даргаас хүсэв.

               УИХ-ын дарга Г.Занданшатар энэхүү онцгой байдлын үед Монгол Улсад дэмжлэг үзүүлэхээр шуурхай ажиллаж байгаа Азийн хөгжлийн банканд талархал илэрхийлэв. Тэрбээр "Дээрх хоёр зээлийн хэлэлцээрийг батлуулахад анхаарч ажиллана гээд УИХ төрийн бүх шатны болон төрийн өмчит компаниудыг хэмнэлтийн горимд шилжүүлэх, төрийн өмчит байгууллагуудын шинэчлэл зэрэг чухал арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байгаа"-г уулзалтын үеэр дурдав

Сэтгэгдэл